Өөрийн төр улсгүй хамгийн том ард түмэн
Хэд хэдэн улсын газар нутагт амьдардаг курдууд тусгаар Курдистан улсаа байгуулахын төлөө 150 жил тэмцэж байгаа билээ. Турк, Иракийн цэргийн хүчний олон удаагийн ажиллагааны улмаас курдын дайчдын нилээдгүй хэсгийн хүч суларчээ. Гэхдээ тэдний орыг эмэгтэйчүүд эзэлсэн бөгөөд эдүгээ курдын партизануудын 30-40 хувийг бүрдүүлдэг.
Дэлхийд 30-35 сая курд амьдардаг. Тэдний 15 сая нь Туркт, 7-8 сая нь Иранд байдаг аж. Эдгээр улсын эрх баригчид угсаатны дангааршлаас зайлсхийж хүн амын тооллого явуулдаггүй. Сири улсад хоёр сая курд амьдардгаас 800 мянга нь иргэншилгүй учраас хууль бусаар оршин суудаг (үндсэндээ туркийн цэргүүдээс зугатаж ирсэн дүрвэгсэд).
Иракт оршин суудаг курдуудын тоо 5,3 сая гэсэн албан ёсны тоо бий. Багахан хэсэг Армени, Гүрж, Израйль, Иорданид байдаг. Түүнчлэн Европт олон тооны курдууд амьдардаг. Европын Зөвлөлийн гаргасан тоо баримтаар Германд 800 мянга, 100 мянга Шведэд, 90 мянга Англид, Францад 120 мянган курд бий.
Тусгаар улс байгуулах курдуудын зэвсэгт тэмцэл 1960-аад оноос Туркийн газар нутаг дээр идэвхжсэн бөгөөд улс төрийн тэмцлийн санаачлагыг Курдын ажилчны нам гартаа авчээ. Энэ нам үндсэрхэг үзлээс гадна Сталинч маягийн социализмыг тунхаглахыг зорьдог. Тиймээс 300 мянга шахам гишүүнтэй Курдын ажилчны нам дэлхийн хамгийн том сталинч намд тооцогддог. Намын 30 жилийн турш явуулсан зэвсэгт тэмцлийн дүнд 50 мянган турк, энгийн оршин суугчид нийлсэн 150 мянган курд амь үрэгджээ.
Курдистан
Улс төрийн үзэл санааны хувьд хатуу бэхжсэн сирийн курдуудыг 2003 онд Турк дэх Курдистаны ажилчны намын салбар болж үүссэн “Ардчилсан холбоод” (PYD) хэмээх зүүний нам толгойлдог. Мөн л сталинч нам. 2013 оны намар PYD сирийн Курдистаны нилээдгүй хэсгийг, түүний дотор сирийн зүүн хойд нутгийн газрын тосны ордуудыг хяналтандаа оруулжээ. Сирийн курдууд Башар Асад болон сөрөг хүчний эсрэг байдгаараа Сирийн сөргөлдөөнд гуравдагч тал болдог.
Газрын тосоор баялаг сирийн зүүн хойд нутгийг курдууд өөрсдөө Баруун Курдистан гэж нэрлэдэг.
2011 оны 10 дугаар сард PYD намын нэрт зүтгэлтэн Машал Таммо алагдав. Курдын улс төрийн хүчнүүд аллагад Дамаскийн эрх баригчдыг буруутгасан ч сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аллагын бурууг “Курдын ажилчны намынханд” тохов. Таммог хэн хороосон нь өнөөдрийг болтол тодорхойгүй. Таммогийн үхэл сирийн курдуудыг угсаатны хувьд дангааршиж сирийн засгийн газраас хараат бус болоход түлхэц болжээ. Эдүгээ Сирийн зүүн хойд хэсэг бараг л тусгаар улс болж 2013 онд Сирийн цэрэг уг бүс нутгийг орхижээ.
PYD нам ЗХУ-ын эхэн үеийн тогтолцоог хуулбарлаж Зөвлөлийг төрийн удирдлагын үндэс болгожээ. Зөвлөлөө курдууд “Ардын өргөө” гэж нэрлэдэг. Жишээ нь Баруун Курдистаны нийслэл гэгдэх Эль-Камышлы хотод 15 “Ардын өргөө” байдаг бөгөөд өргөө болгон 6000 гишүүнтэй. Мөн Ардыг хамгаалах курдын зэвсэгт отряд буюу ардын цагдаа маягийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Баруун Курдистанд социализм хөгжихийн зэрэгцээ Ойрхи Дорнодын орнуудад үлгэр болохуйц нийгэм, улс төрийн чухал үйл явц өрнөж байна. PYD нам лалын ертөнцөд орчин үеийн улс төрийн бодлогыг хэрхэн амжилттай хэрэгжүүлж шинэчлэл хийж болохыг харуулав.
Сталинч курдууд олон тооны залуучуудын төв, эмэгтэйчүүдийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, сургуулиудыг байгуулжээ. Эмэгтэйчүүдэд тэгш эрхийг олгосон нь Ойрхи Дорнодын улс төрийн амьдралд ховор тохиол болов. “Ардын өргөө”-өөс эхлээд эрх барих бүх байгууллагын гишүүдийн 40 хувь нь эмэгтэй, 40 хувь эрэгтэй байх ёстой. Харин үлдсэн хоёр хувьд хэн багтах нь хамаагүй. Түүнчлэн ардыг хамгаалах отрядын ажилд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй оролцдог.
Иракийн курдууд ч мөн адил орчин үеийн улс төрийн бодлого явуулдаг бөгөөд Курдистаны ардчилсан намаар удирдуулдаг. Сталинч нам биш ч зүүнийх хэмээн тооцогддог.
Курдуудын улс төрийн эдгээр амжилт лалын орнууд цаанаасаа ардчилсан улс байх чадваргүй гэсэн хандлагыг үгүйсгэж байна.
Сири болон Иракийн курдуудын цэргийн хүчний 20-30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг нь туркийн эрх баригчидтай хийсэн он удаан жилийн тэмцэлд курдын олон мянган дайчин эрс амь үрэгдсэнтэй холбоотой.
Туркийн курдуудын гол баярын нэг бол Зиланы өдөр. Энэ нь хүний нэр бөгөөд Зилан гэгч эмэгтэй жирэмсэн болж хувцаслаад туркийн цэргийн ёслолын үеэр бөмбөг дэлбэлж өөрийгөө золиосолж чадсанаараа курдуудын дунд мөнхөрсөн билээ.