С.Бямбацогт. Наад зах нь 70-80 тэрбум төгрөг хэмнэх боломжтой
2009.02.12

С.Бямбацогт. Наад зах нь 70-80 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

-Ийм хүнд үед хавтгайрсан халамжаас татгалзахын ач холбогдлыг та юу гэж үзэж байгаа вэ?

-2.7 сая хүний хоёр сая нь ямар нэгэн хэлбэрээр халамж хүртдэг. Хавтгайрсан халамж гэж үүнийг хэлээд байгаа юм. Авах ёстой, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөдөлмөрийн чадваргүй, асаргаа шаардлагатай хүүхэд, ахмад настай хүмүүст л халамжийг чиглүүлэх ёстой. Хавтгайрсан халамж гэдэг чинь ажил хийдэггүй хүмүүсийг дэмжээд байгаа хэрэг.

2004 онтой харьцуулбал халамжийн зардал 2-4 дахин нэмэгджээ. Санхүү, эдийн засгийн хямрал хавсарсан ийм хүнд үед МАХН, АН улс төрийн хүсэл зориг гаргаж үүнийг эрс бууруулж, сонгуулийн амлалтаасаа ч татгалзах хэрэгтэй. Ажил хийдэг хүмүүсээ дэмжих бодлого явуулахгүй бол хөдөлмөр эрхэлдэг, татвар төлдөг, баялаг бүтээдэг хүнгүй болох нь. Хөдөлмөрлөх дургүй хүнийг нийгэмд тустай хөдөлмөрт дайчилж болж байна. Монголчууд 20 сая ямаатай болсон. Түүнээс зөвхөн ноолуурыг нь авах гэж л өсгөдөг. Тэгвэл бусад шимийг нь хүртье л дээ.

Төрийн дунд болон доод шатныхан халамжаар бизнес хийдэг болсон тухай ярьдаг. Залуу гэр бүлийн 500000-ыг авахын тулд маш олон шат дамжлага, давхарга бий болчхож. Залуу хосууд тэр мөнгөө чирэгдэлгүй авахын тулд төрийн албан хаагчдад шан харамж өгдөг, хүнд суртал бий болгодог тухай ярьдаг.

-"Хавтгайрсан халамжаас татгалзаж, хямралыг гэтэлье" уриалгыг дэмжиж байгаа гишүүдийн тооцоогоор бол халамж авдаг хүмүүсийн 70 хувь нь түүнээсээ татгалзах боломжтой аж. Тэгвэл халамжаас хэмнэсэн мөнгөөр тулгамдаад буй олон асуудлыг шийдэж болмоор санагддаг. Танд тооцоо байдаг уу?

-Хөдөлмөрийн насны хүн амын 30 орчим хувь нь ажил хийх чадваргүй гэдэг. Хэрвээ шан харамжийг нь өгвөл та бид хоёрыг ч хөдөлмөрийн чадваргүй, эмзэг бүлгийнх гээд тодорхойлолт хийж өгдөг болсон. Ийм сонирхол ч бий болсон. Нь нууц биш. Хэр олон хүнд тодорхойлолт гаргаж өгнө, тэр хэрээр тухайн албан хаагчийн авдаг шан харамж нэмэгдэнэ.

1.04 сая хүүхдийн 800 мянга нь хүүхдийн мөнгө авдаг. 440 мянган хүүхэд энэ мөнгийг авдаггүй. Тийм шаардлага ч байдаггүй. Эндээс 24 тэрбум төгрөг гарна. Сар бүр өгдөг 3000 төгрөг байна. 100 мянгыг өгч байгаа тохиолдолд 3000-ыг өгөх шаардлагагүй л байхгүй юу. Тэгээд ч энэ мөнгө тэр хүүхдэд наалддаггүй. Залуу хосууд 500 мянган төгрөгөөр яах юм. Ийм мөнгө өгөхгүй бол гэрлэхгүй гэх хос гарахгүй. Гэрлэнэ гэдэг хайр сэтгэлийн л асуудал биз дээ. Тэвчиж болох зардал гэдэг шиг зайлшгүй өгөх мөнгө энэ биш. Зохиомол гэр бүлийг л бий болгож байгаа биз дээ. Үүнийг зогсооход 17.5 тэрбум, хүүхдийн сарын 3000 төгрөгийг өгөхөө болиход 36 тэрбум төгрөг хэмнэнэ. Ингээд хавтгайрсан халамжаас татгалзвал наад зах нь 70-80 тэрбум төгрөг олох тооцоо байгаа юм. Халамжтай холбоотой онигоо байдаг юм билээ. Та мэдэх үү.

-Үгүй.

-Бат гуай танайх ядуу өрх. Та тусламжийн будаагаа ирж авахгүй яасан юм бэ гэж. Гэтэл нэг хүн "Бат гуай машинаа засаж байгаа. Тэгээд ирж авна гэнэ” гэж   Ийм маягаар орлого олдог нийгмийн давхарга бий болчхож.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.