Ерөнхийлөгч өвлийн спортыг дэмжинэ
Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын гарын үсэг зурсан уг зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгасан байна.
Энэ зарлигт Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөл бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.
Энэ нь хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчид бэлтгэх үндэс тавих зорилготой юм байна.
Зарлигт:
1/Өвлийн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандарт хангасан, задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх;
Энэ зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Засгийн газарт үүрэг болгожээ.
2/Ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын хөтөлбөрт өвлийн спортын төрлүүдээс тусган, өвлийн улиралд дадал болгон хэвшүүлэх, сурагч оюутныг өвлийн спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх;
3/Үндэсний шигшээ багийн өвлийн спортын олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
4/Өвлийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаадын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхүүлэн дэмжих талаар тусгажээ.
Энэ зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Засгийн газарт үүрэг болгожээ.
Мөн өвлийн спортын тамирчдыг ивээн тэтгэх, урамшуулах, өвлийн спортын барилга байгууламж барих, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр эх орондоо өвлийн спорт хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллагад уриалсан байна.