З.Бат-Отгон: Жинхэнэ ардчилал монгол суу ухаанд бий
Монгол суу ухааны Манукол академи ТББ-ын ерөнхийлөгч З.Бат-Отгон
2014.03.05

З.Бат-Отгон: Жинхэнэ ардчилал монгол суу ухаанд бий

Монгол суу ухааны Манукол академи ТББ-ын ерөнхийлөгч З.Бат-Отгонтой монгол суу ухаан болон монгол судлалын талаар ярилцлаа.

- Монгол суу ухааны “Манукол” академийн “Хаан ухаан” танхимаас энэ удаа зохион байгуулах ажлын талаар ярихгүй юу?

“Хаан танхим” бол манай академийн нэгэн тулгуур хэсэг. 2012 онд байгуулагдаж,  2013 оны цэргийн баяраар “Дээдлэх эр хүн” баримтат кино хийж, лекц уншиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх замаар эрчүүдээ соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлсэн. Монгол ямар байх ёстой юм, бусад орны эрчүүдээс юугаар ялгаатай, ямар суу ухаантай байсан зэргийг таниулсан. Лекцэнд ирсэн хүмүүст Соёлын төв өргөөний суудал хүрэлцээгүй. Үүнээс харахад ард түмний хувьд ямар өндөр ач холбогдолтой соён гэгээрүүлэх ажил гэдэг нь тодорхой.

Энэ ажлаа уламжлал болгож зүгээр баярлаад өнгөрөлгүй ухаарал, соён гэгээрэл, мэдлэг олж, мэдсэнээ амьдралд хэрэгжүүлдэг болъё гэсэн үүднээс жил болгон зохион байгуулахаар боллоо. Ноднин бид яаж монгол эр хүн байх тухай ярьсан бол энэ удаад хаан ухааны тухай ярина. “Хаан ухаан” нэртэй баримтат кино бүтээж цацахад бэлэн болоод байна. Мэдлэг түгээж болох бүх сувгийг ашиглаж байна.

Эр хүнийг амьдралыг засах, түвшитгэх чадвараар нь ангилж муу эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн, хаан хүн гэсэн дөрвөн түвшинд шинждэг. Амьдралыг авч явах эр хүний эрдэм, ухааныг эзэмшээгүй эсвэл муу эзэмшсэн эрэгтэйг муу эр хүн гэх бөгөөд бүх алдаа дутагдлыг өөртөө агуулсан байдаг. Дунд түвшинд эзэмшсэнийг сайн эр хүн гэнэ. Ийм хүн эхнэрээ эцгийн түвшинд хайрладаг. Эр хүний эрдэм ухааныг дээд түвшинд эзэмшсэнийг нь эрхэм сайн эр хүн гэдэг. Тэр эхнэртэйгээ зөвшилцөж хамт шийдвэр гаргаж амьдралаа цогцлоодог. Харин улс гэрийн амьдралыг засдаг, Их Засгийн 35 эрдэм, хаан хүний 35 эрдэмд боловсорсон хүнийг хаан хүн гэж нэрлэнэ. Нэг зүйлийг онцлоход энд менежер, дарга байх тухай яриагүй бөгөөд жинхэнэ монгол эр хүний асуудал гэж ойлгоно.

Чингис хаан энэ эрдмийг эзэмшсэн учраас олон овог аймгийг нэгтгэн дэлхийн түүхэн дэх таван том эзэнт гүрний хамгийн томыг нь байгуулж чадсан. Монгол эрчүүд байгуулсан гавьяагаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс өнөөдөр монгол эр хүний дэлхийг гайхуулсан тэр суу ухаан үгүйлэгдэж байна. Эр хүн байх, эцэг хүн байх, хаан хүн байх ухааны өвийг эрчүүддээ үлдээх нь “Хаан танхим”-ын гол зорилго.

Монгол эрчүүдийн өмнө өөрийн бие, өрх гэр, улс орныхоо амьдралыг түвшитгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

- Нэг талаас монголчуудад суу ухааны сайхан уламжлал буй нь баярлууштай ч, нөгөө талдаа өнөөгийн нийгмийн амьдралыг харахаар маш зөрүүтэй харагддаг. Суу ухааны уламжлалыг одоогийн хүмүүнлэг бус энэ нийгэмд хамгийн үр дүнтэй нэвтрүүлэх ямар арга зам байж болох вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүний аль нэг нь эрдэм ухаанд боловсроод ирэхээр нэг нь нөгөөдөө гологддог. Монгол гэр хоёр багана нь тэгш байж тогтдогийн адил монгол айл ч гэсэн эр, эм гэсэн хоёр баганатай байж түвшин амьдарна. Монгол улсыг авч явахад хаан, хатан ухааны өв тэнцүү байдал хэрэгтэй. Уг хоёр ухаан нийлээд суу ухаан болдог. Суу ухааныг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй.

Улаан-Уд хотын монгол судлалын хүрээлэн

Япон, Солонгос зэрэг Дорно дахины орнуудад багаас нь үндэсний гэсэн бүх юмыг таниулдаг. Манайд ийм тогтолцоо алга. Тиймээс бид хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтагаа олдог гэдгийн адилаар зүгээр суулгүй өвөг дээдсийнхээ суу ухааны уламжлалыг судалж байна. Судлаачид  Монголын суу ухаан гэдэг ойлголтыг бүх талын нотолгоотой, учир зүйн ямар ч зөрчилгүй баталлаа. Өмнө нь зөвхөн ном бичиж, лекц уншдаг байсан бол одоо сургалт, семинар зохион байгуулах замаар хүмүүсийн амьдралд гүн нэвтэрч эхэллээ.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуультай хамтраад суу ухааны хичээлийг дөрвөн жил туршиж үзэхэд хүүхдүүдийн сурлага, сэтгэхүй, эх оронч сэтгэлгээнд өөрчлөлт гарсан нь харагдаж байна. Энэ тухай бид удахгүй мартын найман, цэргийн баяраар болох соён гэгээрүүлэх ажлынхаа үеэр олонд мэдээлнэ. Ард түмэн суу ухааны ач холбогдлыг ойлгоод эхэлвэл боловсролын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээлийг заах зам шулуудна.

- Монгол суу ухааны судалгаа дэлхийн түвшинд ямар байна?

Монголчууд болон Монголын төрөөс энэ чиглэлээр хийж буй ажил алга. Угтаа бол манай академи л ажиллаж судалгаа, сургалт, санхүүжилт, менежментийн асуудлаа өөрсдөө хариуцаад л явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хойрго ханддаг. Гэхдээ хийх хүн аргаа олдог учраас дэмжиж буй байгууллагуудтай хамтарч ажилладаг. Хэдэн жил зүтгэсний хүчинд монгол суу ухааны талаарх ойлголт Монголын хилээс даваад Өвөр Монгол, Халимаг, Тува, Уйгар, Хөх нуур гээд монгол туургатны хэмжээнд оччихлоо.

2010 оны 11 дүгээр сарын 26 нд Тувагийн Кызыль хотод монгол судлалын төв нээгдэв

Тэд биднээс ч илүү монгол суу ухааныг онолын түвшинд мэддэг. Өвөрмонголд дэргэдээ шинжлэх ухааны лабораторитай монгол суу ухаан судлалын сургууль хүртэл ажилладаг. Тэгэхээр монгол суу ухаан гэдэг зөвхөн нэг улсыг төдийгүй дэлхийг засах хэмжээний гүн ухаан болж байна. Дэлхийн шинжлэх ухаан, шашны философи, Өрнө, Дорны гүн ухаанд байдаггүй зүйлс монгол суу ухаанд бий. 13 дугаар зуунд Монголын эзэнт гүрэн мандсан нь зөвхөн монгол эрчүүдийн суу ухаантай холбоотой.

АНУ-ын монголчууд тэндхийн дөрвөн хотод монгол суу ухааны клуб байгуулчихсан байна. Долоо хоног бүр тогтмол цугладаг. Удахгүй би очиж лекц уншина. Европын монголчууд ч бас надтай холбоотой байдаг. Ирэх тавдугаар сард Японд очиж монгол судлаачдын хурал дээр илтгэл тавина. Энэ мэтээр монгол суу ухааны судалгаа өргөжиж байна.

- Эдүгээ монголчууд үндэстний хувьд өөрийгөө бүрэн ухамсарлаж ойлгоогүй гэж эрдэмтэд ярьдаг. Тэгэхээр үүнд хүрэх гарц нь монгол суу ухаан гэж ойлгож болох уу?

Яг тийм. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүх асуудлыг яаж шийдэхийг бүгдийг нь суу ухаанд заагаад өгчихсөн. Тэр байтугай ардчиллын асуудал сонгодог шийдлээ эндээс олно. Хүн төрөлхтний түүхэнд хуримтлагдсан мэдлэгийн бүх сантай харьцуулаад үзэхэд монгол суу ухаан давтагдашгүй нь батлагдсан. Дэлхий дахинд бугшаад буй улс төр, эдийн засгийн хямрал, экологийн сүйрэл зэрэг бүх талын асуудлыг шийдэх боломж монгол суу ухаанд бий. Тиймээс бид итгэл төгс, тасралтгүй энэ чиглэлд ажилладаг. Удирдлагын академи, СУИС, МУИС, Хүмүүнлэгийн их сургууль, Цагдаагийн академид монгол ухааны баялаг сангаас байнга иш татдаг. Одоогоор монгол ухааныг судалж ойлгох шатанд явж байна. Дараа нь улс төрийн бодлогын эргэлтэд оруулах хэрэгтэй.

- Америкийн ардчилал, монгол суу ухаан хоёрыг харьцуулвал? 

Би Америкийн ардчиллын эсрэг байдаг хүн. Эсрэг зогсоход хүргэсэн зүйл нь монгол суу ухаанд байдаг жинхэнэ ардчилал. Жинхэнэ ардчилал бүх хүнд тэгш эрх олгодоггүй, харин хүнийг “ир-гүн” болгодог. “Ир” гэдэг нь амьдрах чадвар, тэр чадвар нь гүнзгийрсэн хүмүүсийг “иргүн” гэнэ. Уг чадвар мохсоныг нь “ир-гэн” гэж нэрлэнэ. Төрөөс халамжийн будаа горьдоод суудаг хүний амьдрах ир мохсон байдаг. Жинхэнэ ардчилал иргүн хүнд үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдрийн ардчилал иргүн, иргэн хоёрт тэгш эрх эдлүүлдэг учраас бусдын цусыг сорж амь зуудаг, хөдөлмөрлөхгүй дургүй арчаагүй хүмүүс олон болчихсон. Хийе бүтээе гэсэн хүмүүсийн урам удалгүй хугардаг. Ингээд л нөгөө тамын тогооны үлгэр эхэлдэг. Монголын ардчилал дампуурсны шалтгаан ердөө энэ. Угтаа Америкийн ардчилалд авах юм байхгүй.

Монгол суу ухаанд хүмүүсийг таван түвшинд хувааж хамгийн их эрх мэдлийг иргүнд өгдөг. Гэхдээ иргэн хүн иргүн болох зам нээлттэй.

Хятадын баруун өмнөд хил Юньнань мужийн Юйши хотын Тунхай шяний Шинмэнийн монголчууд 1993 оноос Монгол үндэсний баярыг гурван жилд нэг удаа зохион байгуулах болжээ.

Гадаад дайсан бол тэр улсын түр зуурын дайсан, харин мөнхийн дайсан бол дотоод дайсан гэж Чингис хаан хэлсэн. Өнөөдрийн Монгол дотоод дайснаар дүүрчихсэн. Дотоод дайсан нь угтаа гэгээрэлгүй иргэн хүн юм. Тос дотроосоо өтдөгийн үлгэр манайд биеллээ олсон.

Монгол Улс өөдөлж дэвжье гэвэл арчаагүй хүмүүсээсээ эхлэх хэрэгтэй. Чингис хаан улсаа төвшитгээд эхлэхэд нийгэм дэх булай, булхай, буувалхай ил гарч ирсэн. Булай гэдэг нь одоогийн ядуучууд. Булхай гэдэг олсноо булаалгадаг дундаж давхаргийнхан. Буувалхай гэдэг нь олигархууд. Булхайчууд өнөөдөр гадныханд харсаар байж эд баялгаа булаалгаж байна.

Монгол суу ухаанд нялуун, шулуун, халуун дайн гэсэн гурван ойлголт бий. Булайчууд арчаагаа алдсанаар нийгэмд нялуун дайн дэгддэг. Бусдад олсноо дээрэмдүүлж буй хүмүүс шулуун дайны шалтгаан болдог. Харин ард түмнийхээ өмчийг харийнхантай хамт булааж, түүгээр зогсохгүй хоорондоо булаацалддаг буувалхайнууд халуун дайныг өдөөдөг. Одоогийн улс төрийн нам, фракциудын тэмцэл бол халуун дайны тод жишээ.

Ингэж булай, булхай, буувалхайнууд нүдэнд үл үзэгдэх гурван дайныг дэгдээснээр тухайн улс үндэстэн дотроосоо ялзарч мөхөж эхэлдэг. Чингис хаан ингэж сургасан.

- Монголчуудын үндэсний ухамсар сэргэж эх түүхээрээ бахархах эрхтэй болсон ч хэтэрхий өрөөсгөл ханддаг юм шиг санагддаг. Мэдлэг муутай хүмүүс Чингис гэж цээжээ дэлддэг. Энэ талаар таны бодлыг сонсъё.

Гэгээрлийн замаар л засна. Эдээр засах нь түр зуурын засаглал, гэгээрлээр засах нь мөнхийн засаглал гэж Чингис хаан сургасан. Монгол суу ухаанд зөв, үнэн, шударга, ариун байх нь гэгээрэл гэж үздэг. Энгийнээр хэлбэл хүмүүжил, ёс суртахуун хоёртой байхад иргүн болно гэсэн үг.

Нэг хэсэг Монгол гэж цээжээ дэлдсэн хүмүүс борооны дараах мөөг шиг гарч ирсэн ч одоо нам жим болчихлоо. Учир нь тэдний хоосон аархлыг нийгэм хүлээж авсангүй. Би “монгол” гэж хашгирдаг хүмүүсийн нэг хэдий ч юун төлөө хашгирч буйгаа ухаарахыг зорьдог учраас үйл хэргээ үргэлжлүүлсээр байна.

- Дэлхийн монгол судлалд нэгэн харамсмаар буруу ойлголт байдаг. Олон судлаачид Чингисийг хүн алахаас өөрийг мэддэггүй харгис этгээд байсан гэж үздэг. Уг хандлага засрах шинж байна уу?

Түүхийн аливаа үнэнийг ойлгох үйл явц маш удаан явагддаг. Амьдрал, үйл хэргээс хэдэн зуунаар холддог. Ялсан орны түүхийг ялагдсан орны түүхээр бичиж болохгүй гэсэн агуу үг бий. Ялагдсан хүн ялсан хүний талаар сайн ярихгүй нь тодорхой. Чингис хааныг 800 жил харааж зүхлээ. Харин одоо хаврын урь орохтой адил Чингисийн тухай хүн төрөлхтний ойлголт зөөлөрч байна. Энгийн харгис хүн биш байсныг мэдэрч эхэлсэн. Гэхдээ мэдэрсэн ч мэдэж амжаагүй бөгөөд нийтэд нь харвал буруу ойлголт давамгайлсан хэвээр. Харин мэдүүлэх хүмүүс нь зөвхөн монголчууд.