Э.Баасанхүү: Хатан ухаанд хамгийн доод эмэгтэйг авгай гэдэг
Хатан ухаан танхимын жинхэн гишүүн Э.Баасанхүү
2014.03.06

Э.Баасанхүү: Хатан ухаанд хамгийн доод эмэгтэйг авгай гэдэг

Хатан ухаан танхимын жинхэн гишүүн Э.Баасанхүүтэй ярилцлаа.

-Та Манукол академийн Хатан ухаан танхимын зорилго чиглэлийн талаар товч танилцуулна уу?

- Монгол суу ухааны Манукол академи 2009 онд байгуулагдсан бөгөөд түүний нэгэн гүйцэтгэх алба болох Хатан ухаан танхим нь 2010 онд байгуулагдсан. Манай Хатан ухаан танхимын зорилго нь бидний өвөг дээдэс биеэ, гэрээ, улсаа, төрөө засах онолтой байсан төдийгүй түүнийгээ ашиглан амьдралын түвшин сайхныг зөвөөр, үнэнээр, шударгаар, ариунаар, ухаанаар, гэгээрлээр тогтоодог байжээ. Ухаан ухаандаа хаан төгс ухаан, хатан цэцэн ухаан, хан мэргэн ухаанаар тогтоох ёстой юм. Өнөөгийн дэлхийн хөгжлөөс харахад гэрийг, улсыг, төрийг эд материал, өнгө мөнгө, өмч хөрөнгө, техник технологиор биеэ засах, гэрээ засах, улсаа засах, төрөө засах гэж оролдож байна. Харамсалтай нь, үр дүн муу. Тиймээс бид ухаант өвөг дээдсийн үлдээсэн биеэ, гэрээ, улсаа засах ухаанд боловсроод зогсохгүй улам олон монголчуудыг сургахыг гол зорилгоо болгож байгаа.

- Танай Хатан ухаан танхимаас ямар ямар үйл ажиллагаа явуулдаг болоод сургалтын талаар танилцуулна уу?

-Хатан ухаан танхимаас охид, эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх зорилгоор гэргий мэргэн ухааны урт болон богино хугацааны сургалтууд, монгол хүн болохуйн, гэргий мэргэн ухаантан болохуйн баримтад нэвтрүүлгүүд, лекц, семинарууд, телевезийн нэвтрүүлгүүдийг зохион явуулдаг. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн баярыг угтаж “Монгол бүүвэй” гэсэн нэрийн дор цогц арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Монгол бүүвэй” гэсэн баримтат нэвтрүүлгийг телевизүүдээр цацаж байгаа, мөн 3 сарын 9-ний 12 цагт Соёлын төв өргөөнд үнэ төлбөргүй лекц уншина.

- Эрчүүд амьдралын ханиа хэн гэж дуудах ёстой вэ?

-Монгол суу ухаанд монгол хүн болохуйн 9 эрдэм, эм хүн болохуйн 10 эрдэм, эх хүн болохуйн 6 эрдэм гээд нийт уламжлалд зохистой 25 эрдэм ухааныг дээд түвшинд эзэмшсэн, амьдралаа гэгээрлээр засах дээд мэргэжилтэнг гэргий гэдэг. Тэгвэл амьдралаа засах дунд түвшний мэргэжилтэнг эхнэр, харин доод түвшний буюу амьдралаа засч чадахгүй байгаа, биеэ засаагүй эмэгтэйг авгай гэдэг. Тэгвэл төрийг засах хатан 73 ухааныг эзэмшсэн эмэгтэйг хатан ухаантан гэдэг. Хатан ухаантан бол амьдралын суут од болсон хүн байдаг. Монголчууд эмэгтэйчүүдийг эзэмшсэн мэдлэг, ухаан, сэхээрэл, гэгээрэл, үүрэг, хариуцлагаар нь ингэж 4 ангилдаг.

- Эм хүн болохуйн эрдмүүдээс монгол охид, бүсгүйчүүдэд хамгйн их дутагдаж байгаа ямар эрдэм байна вэ?

-Монгол эмэгтэйчүүд цэвэрхэн, гоё хувцасладаг, биеэ зөв авч явдаг болсон. Гэвч бидэнд цэцэн ухаан, хатан тэвчээр, бат журам, ёс төгс, цэвэр ичимтгий, үрд энэрэлтэй, ханьдаа түшиг, хадамдаа элэгтэй, нартад буянтай, номонд баясангуй, эрдэмд шамдангуй гэх мэт олон сайхан эрдмүүд нэн ихээр дутагдаж байна. Жишээ нь, үрд энэрэлтэй эрдмийг авч үзье. Ээжүүд бид үр хүүхдүүдээ хоол хүнс, чихэр жимс, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх, ууж идэх гэх мэт хүссэн, дуртай юу байна тэр бүгдээр хангалттай тэжээдэг. Гэтэл эх хүн үр хүүхдийнхээ тархийг ухаанаар, сэтгэлийг хайраар, сүнснийг гэгээрлээр тэтгэх маш чухал ажлыг орхигдуулсан байдаг.

“Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг дээ. Үүнтэй адил бид үр хүүхдийнхээ ходоодыг нь л тэжээхээс тархи зүрхийг нь, сүнсийг нь тэтгэхгүй юм чинь яаж хүмүүжилтэй, ачлалтай хүүхэд болох билээ. Ийм учраас бидний хүүхэд хүмүүжилгүй, сул дорой, бусдыг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй, ёс суртахуунгүй, зөв үнэн шударга ариуныг баримтлах, дагах чадваргүй, итгэлгүй өсч байгаа нь эмгэнэлтэй байна. Үр хүүхдээ ядаж нэг нас хүртэл нь асрахгүй хэдхэн сарын дараа хөхнөөс нь гаргаад ажил мөнгө гээд гүйцгээдэг. Мөн хүүхдээ асрагчид харуулчихаад ажлаа тараад эртхэн очъё гэж бодохгүй баар цэнгээний газраар явдаг. Энэ мэтчилэн үр хүүхэдцээ асралгүй, тархи, оюуныг тэтгэх үүргээ гүйцэтгээгүй байж надаас яагаад ийм хүүхэд гардаг байна гэж гайхацгаадаг.

- Залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

Өнөөгийн залуус бид дээд сургуульд сураад мэргэжил, боловсрол эзэмшээд цаашид сурах шаардлаггүй болчихлоо гэж боддог. Гэтэл бид мэргэжилтэн болохоосоо өмнө биеэ засаад хүн болох, амьдралын мэдвэл зохихуйд суралцах шаардлагатай байдаг. Их дээд сургуулиуд зөвхөн мэргэжил олгодог болохоос биш залуусыг амьдралд бэлддэггүй, амьдралын ухааныг заадаггүй учраас бид ажил мэргэжил дээрээ амжилттай байж чадаад байгаа боловч амьдрал дээрээ аз жаргалтай байж чаддаггүй. Тиймээс залуус бид өвөг дээдсийнхээ амьдралаараа туулж ирсэн аз жаргалтай төвшин сайхан амьдрахуйн ухаанд суралцахыг хүсье.