Г.Энхтуул: Жендерийн асуудал нь эмэгтэйчүүдийн авгай чанарын л нийгэм дэх сөрөг үр нөлөө
Манукол академийн "Хатан ухаан" танхимын жинхэнэ гишүүн Г.Энхтуул
2014.03.07

Г.Энхтуул: Жендерийн асуудал нь эмэгтэйчүүдийн авгай чанарын л нийгэм дэх сөрөг үр нөлөө

Манукол академийн "Хатан ухаан" танхимын жинхэнэ гишүүн Г.Энхтуултай ярилцлаа.

- Гэргий хүн ямар байх ёстой гэж бодож байна вэ?

-Ер нь бол тэр гэргий ухаан нь ч, хатан ухаан нь ч надад байгаа гэж боловсрол мэдлэг өндөртэй эмэгтэйчүүдийн ихэнх нь бардам хэлнэ. Гэвч энэ гэргий буюу гэрийг гийгүүлэгч гэргий мэргэн ухааныг, улсыг гийгүүлэгч хатан цэцэн ухааныг ямар ч их дээд сургуульд заадаггүй учраас өрх бүр амар амгалан түвшин сайхан байж чадахгүй л байна. Өрх гэрийн хоёр тулгуур баганы нэг нь болсон эзэгтэй нь эм хүний эзэмшвэл зохих уламжлалд зохист 25 эрдэм ухааныг дээд түвшинд эзэмшиж байж гэргий хүн болдог. Ингээд гэргий мэргэн ухаан, цэцэн бэрийн ухаанд боловсорсон гэргий маань өрх гэр, үр хүүхдээ үргэлж, цаг ямагт амьдралын бүхий л талстад мэргэн ухаан, саруул оюунаараа засч, залруулж зааж сургаж, ханьдаа түшиг тулгуур нь, хамтрагч нь, зөвлөгч нь, найз нь, эх нь байж хамтдаа амьдралыг үүрч авч явж чадцаг эмэгтэй юм.

- Та энэ гэргийн эрдэм ухаанаасаа манай уншигч нарт хэлж тодруулж өгөөч?

-Гэргий хүн үргэлж цэвэр ариуныг бүтээдэг, үргэлж эв, эеийг хичээдэг, үргэлж үрс нялхасыг тэтгэдэг, үргэлж өвгөд, өтгөсийг ачилдаг, үргэлж бодлого шийдлийг сэтгэдэг, үргэлж буруу зөвийг ялган сануулдаг, үргэлж буруу зөвийг ялган ухааруулдаг, үргэлж бузар ариуныг ялган номлодог. Цэвэр гэдэг бол үнэн, шударга, ариуны нэгдэл. Гэргий хүн оюун бодол, үг яриа, үйл хөдлөл, үйлдэл нь үргэлж сайн сайхан үнэн зөвийг бүтээж, буруугаас зөвийг, муугаас сайныг ялган үр хүүхэддээ үлгэрлэн зааж, ханилсан ханиа зөв чиглүүлж, зүглүүлж авах ёстой юм байна. Монгол суу ухаанд “Эм хүн эрд хүрч зүс ордог, эр хүн эмд хүрч зүгээ олдог” гэж сургадаг. Эр хүнийг төдийгүй үр хүүхдээ, өрх гэрээ, амьдралаа зөв, үнэн, сайн сайхан руу зүглүүлдэг, чиглүүлдэг, хөтөлдөг, дагуулдаг эмэгтэй бол гэргий.

- Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг монголд яаж шийдвэрлэх ёстой гэж бодож байна?

-Ер нь хүйсээр ялгаварлах буруу үзэл, түүнээс гарсан сөрөг үр дагавар болох жендерийн асуудал нь эмэгтэйчүүдийн авгай чанарын л нийгэм дэх сөрөг үр нөлөө юм. Хэрэв монгол эмэгтэйчүүд авгай чанараасаа хагацаж, эхнэр чанараасаа ахиж, гэргий ухаанд боловсорч гэрээ засаж чадсан бол, хатан ухаанд боловсорч улсаа засахад өөрийн оногдсон үүргээ гүйцэтгэж чадсан бол эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэйчүүдийн хүч чадал, авъяас чадвар, эрдэм ухаанд итгэх итгэл нэмэгдэх байсан. Энэ тохиолдолд хэзээ ч хүйсээр ялгаварлах буюу эмэгтэй хүнийг дорд үзэх, жендерийн асуудал хэмээх эмэггэй хүнд, эмэгтэй хүний тархи оюун, эрдэм ухаанд үл итгэх, үл эргэлзэх гажуудал үүсэхгүй байх байж. Иймээс эмэгтэйчүүд бид жендерийн асуудал яриад суугаад байх биш, харин өөрсдөө тархи оюунаараа, эрдэм чадлаараа эрчүүддээ тоогдох, үнэлэгдэх хэмжээнд хөгжиж боловсорч, өөрчлөгдөх шаардлагатай. Тэгвэл эрчүүд биднийг шийдвэр гаргах түвшинд урин дуудах болно. Өөрсдийгөө л өөрчилж, илүү хөгжиж боловсрох, илүү чадваржих хэрэгтэй.

- Эмэгтэйчүүд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын наймны өдрийг яаж тэмдэглэх тухай зөвлөөч?

-Эхчүүд бид өөрсдөө тархи оюун, эрдэм ухаан, сүнс, мөн чанараараа дээш дээшээ шат ахин нүүдэл хийж, охидоо багаас нь гэргий ухаан болон хатан ухаанд боловсруулан гэгээрүүлж, тэднээр дамжуулан өрх гэр, гэр бүл, улс гэрийг ч, ард түмнийг ч соён гэгээрүүлэх ажлыг гүйцэтгүүлдэг ёс, уламжлалыг сэргээж баяраа тэмдэглэх ёстой болов уу. Эцэст нь дүгнэхэд, монгол эмэгтэй хүнийг тодорхойлдог, гоёдог, чимдэг төдийгүй үнэ цэнэтэй болгодог хамгийн гол хүчин зүйл бол зөвхөн ухаан нь, гэргий ухаан нь, хатан цэцэн ухаан нь юм гэдгийг Манукол академийн Хатан танхимаас зохион байгуулдаг “Гэргий мэргэн ухаан”-ы сургалтаас сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж эхэлсэндээ туйлын их баяртай байдаг.