32-р бага хурлыг нээж үг хэллээ
НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫНАЗИ,НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 32 ДУГААР БАГА ХУРЛЫНАХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХУРЛЫН НЭЭЛТЭД ҮХАА-Н САЙД Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зөвлөлийн дарга
эрхэм хүндэт Амбассадор Нгирва,
НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн захирал
эрхэмсэг ноён Хироюки Конума,
Эрхэм хүндэтзочид төлөөлөгчид,
Хатагтай ноёд оо,
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгаж Монгол Улсад тавтай зочлохыг хүсье.
Дэлхийн түвшинд хүн бүрийг хүнсээр хангах хэцүү боловч хариуцлагатай үүргийг хэрэгжүүлдэг нэр хүндтэй байгууллагын Ази, номхон далайн бүсийн бага хурлыг өөрийн эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг юм.
Энэ удаагийн хуралд бүсийн нутгийн 15 орны сайд нар, 9 орны дэд сайд, өндөр хэмжээний зочид төлөөлөгчид хүрэлцэн ирснийг уламжлахад таатай байна.
Мөн “Ази, номхон далайн бүст өлсгөлөнтэй тэмцэх аян”, “Хүнсээ хэмнэе-аян”, “Цагаан будааны асуудлаарх бүсийн стратеги”–ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулсан арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ удаагийн бага хурлыг онцлог болгож байна.
Хүндэт зочид төлөөлөгчид өө,
Даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг тогтвортой байлгах нь дан ганц улс орны хүрээнээс хальж, олон улсын хамтын ажиллагааны нэн тэргүүлэх зорилт болоод байна.
Тийм ч учраас дэлхийн хүн амын дийлэнх нь оршин суудаг Ази, номхон далайн бүсийн улс орнуудын хариуцлагатай албан тушаалтнууд хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд тулгамдаж буй олон чухал асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох шийдвэр гаргахаар хуран цуглаад байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
Хүн амыг хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгой анхааран хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд 2013 оны байдлаар манай улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 20,7 хувь ноогдож байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 27,9 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Цаашид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах, улмаар олон сая мал сүрэг, өргөн уудам, үржил шимтэй хөрсний нөөц баялагтаа тулгуурлан органик хүнс экспортлогч улс орон болох боломж бидэнд бий. Монгол Улс 2016 онгэхэд 100 сая ам.доллар, 2023 он гэхэд 1.0 тэрбум ам.доллартай тэнцэх органик газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлон, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийг бүрдүүлэх нөөц боломжтой болох нь судалгаагаар тогтоогдоод байна.
Энэхүү боломжоо бодит байдал болгоход Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжлэг туслалцаа авах, бүсийн бусад улс орнуудтай өөрсдийн давуу талд тулгуурлан ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна.
Бусад улс орны нэгэн адилаар бүс нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, Мянганы хөгжлийн 1 дэхь зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргаж буй хүчин чармайлтыг Монгол Улс өндрөөр үнэлдэг билээ.
Гэвч байгалийн гэнэтийн гамшиг, ургамлын болон малын халдварт өвчин зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас бүсийн хүн амыг хүртээмжтэй, тэжээллэг хүнсээр тогтвортой хангах асуудал нь урьдын адил тулгамдсан асуудал хэвээр байна.
Иймд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Ази, номхон далайн бүсийн түвшинд ирэх онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, байгууллагын өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон асуудлаар ажил хэрэгч, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн хамтарсан шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
Эрхэм зочид төлөөлөгчид өө,
“Ази, номхон далайн бүст өлсгөлөнтэй тэмцэх аян”, “Хүнсээ хэмнэе-аян”, “Цагаан будааны асуудлаарх бүсийн стратеги”–ыг үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг ирэх өдрүүдэд хэлэлцэн тохиролцсох дээрх асуудлаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд бидний оролцоо, идэвхи санаачлага чухал тул өнгөрсөн 02 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Итали улсын Ром хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ойрх, дорнодын бүсийн бага хурлаас гарсан сайд нарын уриалгыг үлгэр жишээ болгон энэ удаагийн Ази, номхон далайн бүсийн бага хурлаар ижил түвшний сайд нарын уриалга гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Хэдийгээр манай орны хавар хүйтэвтэр ч бага хурлыг зохион байгуулагч орны хувьд эрхэм зочид, төлөөлөгчид та бүхнийг тав тухтай байлгах, өөрийн орны уламжлалт соёл, зан заншил, онцлогоос танилцуулахыг хичээх болно.
Ингээд бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын Ахлах албан тушаалтнуудын хуралдааныг нээснийг мэдэгдье.
Анхаарал тавьсанд баярлалаа.