Чанарын асуудалд төр, хувийн хэвшлийнхэн хамтран анхаарна
НҮБ-ын дэмжлэгтэйгээр 1990 оноос дэлхий нийтэд Дэлхийн Чанарын өдөр /World quality day/ -ийг жил бүрийн 11-дүгээр сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэдэг бөгөөд эрүүл хүнс хэрэглэх, аюулгүй орчинд амьдрах, хүрээлэн буй орчиндоо үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хэрэглээгээ зөв хэмжих зэргээр хүний өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулах нь энэхүү өдрийн гол зорилго болдог юм.
Чанарын дэд бүтцийг төрөөс дэмжих, хөгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газраас дэлхий нийтээрээ ач холбогдол өгдөг энэхүү арга хэмжээг үндэсний Чанарын долоо хоног хэмээн зарлан тэмдэглэдэг болсоор 10-аад жил болжээ.
Энэ жилийн Үндэсний Чанарын долоо хоногийг "Чанарын төлөө хамтдаа" гэсэн уриатайгаар төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлд суурилсан өргөн арга хэмжээг Дархан-Уул аймагт энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулав.
Энэ жилийн Үндэсний Чанарын долоо хоногийг "Чанарын төлөө хамтдаа" гэсэн уриатайгаар зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Чанарын өдрийн мэндчилгээ илгээж, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэл тавьж, төрийн байгууллагууд (Шадар сайдын Ажлын алба, Стандартчилал, хэмжилзүйн газар, орон нутгийн салбар хэлтсүүд, Дархан-Уул аймгийн 3асаг Даргын Тамгын газар, Аудитын Газар, Харилцаа холбооны зохицуулах хороо),
мэргэжлийн холбоод (Уул уурхайн үндэсний ассоциаци), төрийн бус байгууллага (БАК), үндэсний үйлдвэрлэгч компаниуд (Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт УБҮ, Эрэл цементийн үйлдвэр, Дарханы нэхий эдлэл, Витавит инвест, Эрдэнэт хивс ээрэг) олон улсын байгууллагууд (Энхтайваны корпус, Японы Хамтын ажиллагааны байгууллага) зэрэг нийт 20 гаруй байгууллагын 70 шахам төлөөлөгчид оролцлоо.
Чанар сайжруулахад төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаа, зорилго чиглэлээ нэгтгэн идэвхтэй оролцох талаар хамтарсан семинар, хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалт, сургалт, үйлдвэртэй танилцах аялал хэлбэрээр зохион байгуулсан нь олон байгууллагын үйл ажиллагааг чанараар нэгтгэн ойртуулсан шинэлэг, ажил хэрэгч, цаг үеийн шаардлагад нийцсэн арга хэмжээ боллоо.