Өлсгөлөнгийн эсрэг олон улсын бага хурал эхэллээ
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга
2014.03.11

Өлсгөлөнгийн эсрэг олон улсын бага хурал эхэллээ

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн 32 дугаар бага хуралд бүс нутгийн 40-н улсын 200 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарлаж, Монгол Улсын Засгийн газар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн бага хурал нь бүс нутгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, өлсгөлөнг арилгахад тулгамдаж буй асуудлуудад гол анхаарал  хандуулж байна.

Түүнчлэн тус бага хурлаар хүнс үйлдвэрлэлийн тогтолцоо, хөдөө орон нутагт хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, өлсгөлөн болон хоол тэжээлийн дуталтай тэмцэхэд тэдгээрийг хэрэгжүүлэхэд хамтын болон үндэсний хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэх зэрэг асуудлаар тодорхой хөтөлбөрийн дагуу хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга "Монгол Улс бусад орны нэгэн адил Дэлхийн Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалтын Тунхаглал, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, түүний хэрэгжилтэнд идэвхтэйгээр хамтарч ажилладаг" талаар дурдаж Монгол Улсад авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тус байгууллагаас дэмжлэг үзүүлж, хамтран ажилдагт талархал илэрхийлэв.  

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын туслах, Ази, номхон далайн бүсийн захирал ноён Хироюүки Конума "Ази, номхон далайн бүс нутагт хэдийгээр эдийн засаг хурдацтай өсч байгаа ч дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн нийт хүн амын 2/3 нь буюу 63% нь тус бүс нутагт оршин сууж, дөрвөн хүүхэд тутмын нэг нь тураал, шим тэжээлийн дутлаас шалтгаалан бие болон оюуны хөгжлийн хомсдолтой байсаар байна",  "иймээс бид ‘өлсгөлөнг тэглэх’ зорилтод нэгдэн, зорилго тавин ажиллах ёстой " хэмээн цохон тэмдэглэлээ.

Энэхүү Ази номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлаар 2050 он гэхэд есөн тэрбум гаруй болж өсөх дэлхийн хүн амыг хоол тэжээлээр хангахын тулд дэлхийн хэмжээнд нийт хүнсний үйлдвэрлэлийг 60-н хувиар, хөгжиж буй орнууд хүнсний үйлдвэрлэлийг 77 хувь хүртэл нэмэгдүүлэх, үржил шимтэй хөрсний ихэнх хувиа аль хэдийнэ ашигласан тул хүнс үйлдвэрлэлийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийх нөхцөл шаардлага үүссэнийг дурьдлаа.

Олон улсын болон үндэсний хэвлэл мэдээллийн ажиглагчид оролцож байна.

Ази номхон далайн бүсийн хэмжээнд Мянганы хөгжлийн "өлсгөлөнг тэн хагас хэмжээнд хүртэл бууруулах" 1 дэх зорилтын хэрэгжилтэнд нилээдгүй ахиц дэвшил гарсан хэдий ч тус бүс нутгийн нийт хүн амын 13 хувь нь одоо ч өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байна.  НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас хойч үед  хүнсний аюулгүй байдалд тулгамдаж болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор  нийт хүнсний сүлжээнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтолцоог бэхжүүлэхэд гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг тус бага хурлаар уриалав. 

Бага хуралд улс орнуудын ахлах мэргэжилтэнгүүд, Засгийн газрын сайд нар болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, Олон улсын төрийн бус байгууллагууд, Засгийн газар хоорондын байгууллагууд, иргэний нийгэм, Олон улсын болон үндэсний хэвлэл мэдээллийн ажиглагчид оролцож байна.

Энэхүү бага хурлын эхний хоёр өдөр улс орнуудын засгийн газрын ахлах мэргэжилтэнгүүд Ази, номхон далайн бүс болон дэлхийн хэмжээнд тулгамдаж буй  бодлого, зохицуулалтын асуудлаар харилцан санал солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлно. Энэхүү уулзалтын гол сэдэв нь бүс нутаг дахь хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, дэлхийн хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын үр дүн, анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдийн шаардлагад нийцүүлэн ногоон хөгжлийг дэмжих, бэлчээр болон ой модыг нөхөн сэргээх,  уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг асуудлууд юм.

Мөн эдгээр өдрүүдэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Ази, Номхон далайн бүсийн түвшинд ирэх онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, санхүүжилттай холбогдох асуудлууд, байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн явцын талаар ажил хэрэгч хэлэлцүүлгүүд өрнөнө. 

Гурав дахь өдөр, төлөөлөгчдийг малчны хот, өрхийн тариалантай танилцах боломж олгож байгаа бөгөөд бага хурлын сүүлийн өдөр хоол тэжээлийн дутлын асуудлаар дугуй ширээний уулзалт тус тус зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.