Төв бассейн үйл ажиллагаа 4-р сарын 1-нд эхэлнэ
Нийслэлд хамгийн томд тооцогддог төв бассейн 3 сарын турш үйл ажиллагаагаа явуулаагүй юм. Учир нь Усан спорт сургалтын төв буюу төв бассейн төмөр дээвэр нурж ажиллах боломжгүй болоод байсан.
Бассейн агааржуулалтын системийг ажиллуулаагүйгээс болж дээвэрт нь зэврэлт үүссэн байв. Зэврэлтээс хамгаалж үндсэн дээврийн дотор талд төмрөөр хаалт хийсэн нь нурснаас болж бассейн үйл ажиллагаа зогсоод байсан юм. Усан спорт сургалтын төв нь өнгөрсөн 12 сараас хойш үйл ажиллагаагаа явуулаагүй.
Уг барилгад 28 жилийн турш засвар хийгдээгүй, зөвхөн нэг удаа л будаж байжээ. Төв бассейн засварлах ажил одоо явагдаж байгаа. Засварын ажил хийгдэж байгаагаас тоос шороо бужигнасан байдалтай байсан бөгөөд засварын ажил 10 хоногийн дараа дуусна. Барилгын зохион байгуулалт, агааржуулалтын системийг эвдсэн нь барилгын насжилтад нөлөөлсөн гэдгийг албаныхан хэлж байлаа.
Төв бассейн хуучирснаас элэгдэл өндөртэй болсон.
“Төв бассейн бол Нийслэлийн өмчийн харъяа байгууллага. Хотын захиргаа хариуцдаг. Засварын үйл ажиллагаа явуулна гэвэл Нийслэлийн өмчөөс зөвшөөрөл авдаг. Үүний дагуу зөвшөөрөл авч, хөрөнгө гаргуулж тендер зарласны үндсэн дээр засварын ажил хийгдэж байна” гэдгийг албаны хүн хэлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Бид төв бассейн үйлчилгээг сайжруулахын төлөө ажиллаж байна. Төв бассейн хуучирснаас элэгдэл өндөртэй болсон. Засвар авахад нэлээд хүндрэлтэй байгаа учраас хөрөнгө мөнгө их шаардлагатай байгаа. Зураг төсвийг нь гаргасны үндсэн дээр ирэх жил төсөвд суулгаж өгнө.”
Одоогоор дээврийн дотор талын засвар дууссан. Сантехникийг шинэчлэн засварлах ажил хийгдэж байгаа. 4-р сарын 1 гэхэд засварын ажил дуусч үйл ажиллагаа нь эхлэнэ гэв. Төв бассейн хэвийн ажиллагаанд орохоор урьд нь бүртгүүлсэн байсан үйлчлүүлэгчдийг хохироохгүйгээр үйлчилгээг зохион байгуулах юм.