Хөгжлийн банк бусад оронд ч гэсэн хүнд хэцүү зам туулж гарч ирсэн.
2014.03.27

Хөгжлийн банк бусад оронд ч гэсэн хүнд хэцүү зам туулж гарч ирсэн

Хөгжлийн банкны талаар засгийн газраас санал авч хаврын чуулганд өргөн барихаар болжээ. Улс төрийн томилгоо хийгдэхгүй. Харин засгийн газраас хамааралгүй бие даан шийдвэр гаргах эрхийг тэдэнд нээж өгнө.

Манай улсын бонд гаргах нөхцөл хүндэрч байгаа нь урьдчилсан арга хэмжээ авах нөхцлийг бий болгожээ.  Японы зах зээлд гаргасан самурай бондын хатуу нөхцөл цаашид гадаад зах зээлд бонд гаргахад хүндрэл авчирсныг эдийн засагчид сануулж эхэллээ. Самурай бондыг хатуу нөхцөлтэйгөөр арилжсан гэдгийг эдийн засгийн хөгжлийн дэд сайд ч баталсан. Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх бодит шаардлага бий гэдгийг УИХ, эдийн засагчид  ч олж харсан байна. Тэд хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй байх, захиргаадалтын буюу улс төрийн зээл олгохгүйн тулд хаалт тавих ёстойг сануулж байлаа. Албан тушаалтнуудын тушаалаар хэр их зээл өгснийг цаад хугацаа нь 7 жилийн дараа мэдэх боломжтой. Заасан хугацаанд зээл төлөгдөхгүй байвал тэр нь захиргаадалтын буюу улс төрийн зээл гэдэг нь нотлогддог гэнэ.

УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт: Одоо ажиллаж байгаа хөгжлийн банк бол банк гэхээсээ илүү засгийн газрын касс хэлбэрээр ажиллаж байна. Засгийн газар энд зээл олго гэхэд олгоод явж байдаг. Энэ бол яваандаа сөрөг муу үр дүнд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байна. Хөгжлийн банк нь харьцангуй бие даасан үр ашгийн төлөө,  Монголын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлж, өөрөө бие дааж шийдвэр, хөрөнгө гаргадаг  хэлбэр лүү оруулах зүй ёсны шаардлага байна.

Хөгжлийн банк бусад оронд ч гэсэн хүнд хэцүү зам туулж гарч ирсэн байдаг. Иймд бүтэмжтэй сайн ажиллсан нь ховор. Манай буруу замаар будаа бүү тээгээсэй гэх хүмүүс олон байна. Том төрөөс ухаалаг төр лүү уулзалтын үеэр засгийн газар зээл авч, түүнийгээ хяналтгүй зарцуулж байгааг шүүмжилж байлаа.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  “Яагаад зээл босгочхоод засгийн газар өөрөө хуваарилчхаад  байгаа юм.  Иймд энд хууль гаргаад энэ мөнгийг ийм юманд зарцуулъя, ийм төсөлд зарцуулъя  гэдгээ УИХ дээр хуульчилж батал, дараа нь зээлийн тухай ярь гэж хэлмээр байна. Чингис бонд 4 жилийн дараагаас төлөгдөнө, хөгжлийн банк явж байгаад найдваргүй зээлийн үүр болчихсон байх вий. Тийм муу зүйл бүү сонсогдоосой гэж би хувьдаа бодож байгаа.”

Өнгөрсөн хугацаанд эдийн засагт их хэмжээний төгрөг нийлүүлэгдсэн. Түүний хариуцлагыг засгийн газар дангаараа хүлээнэ. Өөрөөр хэлбэл Монгол банкны алдагдлыг засгийн газар нөхдөг. Харин Монголчуудын хөгжлийг түргэтгэх зээлийг гаднаас зээлж авчихаад буруу зарцуулаад эхэлчихвэл хойч үед их өр л үлдэнэ.