Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна.
2014.03.28

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна

Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна. Энэ удаагийн зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа аж.

“Хүнс хөдөө аж ахуйн салбар-иргэдийн оролцоо” сэдэвт хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тавдугаар зөвлөгөөнд хөдөө орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Энэхүү зөвлөгөөний хүрээнд Хөдөө, аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Чингисийн талбайд гарах юм байна. Орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сонирхууллаа

“Хүнс хөдөө аж ахуйн салбар-иргэдийн оролцоо” сэдэвт хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тавдугаар зөвлөгөөний хүрээнд өнөөдөр аймаг орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүнс үйлдвэрлэгчид, гар урлаачид өөрсдийн бүтээлээ дэлгэн үзүүлсэн юм.

Үзэсгэлэнд чацарганын шүүс, тос, дарс бас чацарганын чанамал нэлээд эрэлттэй байгаа аж. Түүнчлэн цагаан идээ ч эрэлттэй байсан юм. Үнийн хувьд цацарганын дарс 5000 төгрөг, тос нь 20000, чанамал 3000-5000 төгрөгийн хооронд байсан.

Монгол хөрсөнд тарьж ургуулсан төмс хүнсний ногоо ч үзэсгэлэнгийн нэлээд хэсгийг бүрдүүлж байна лээ. Чипсэн ааруул, даршилсан хүмүүл, хатаасан лууван, утсан загас гээд нийслэлд тэр бүр харагдаад байдаггүй ховор зүйлс ч байсан. Чипсэн ааруул 100 грамм нь 1000 төгрөгийн үнэтэй. Савлагааг цаас болон, гялгар цаасаар хийдэг байна. Савлагаанд нэлээд мөнгө зардаг ч зарах үнэд савлагааны мөнгө оруулдаггүйгээс зарлага ихтэй тухай үйлдвэрлэгчид ярьж байна лээ. Сэлэнгийн утсан загас 15-20 мянган төгрөгөөр энд худалдаалагдаж байсан.

Увс аймгаас ирсэн төлөөлөгчид Ханхөхийн эмийн ургамалуудыг дэлгэн тавьсан байв.

Энд хувцас гоёл чимэглэл, эсгий ширмэл ширдэг, эмийн ургамал ч мөн дэлгэн үзүүлсэн байсан. Монгол орны баруун хязгаар Увс аймгаас ирсэн төлөөлөгчид Ханхөхийн эмийн ургамалуудыг дэлгэн тавьсан байв. Энд бүхий л эмийн ургамлын тайлбар, ямар өвчинд тустай зэргийг тун ойлгомжтойгоор бичиж өгсөн нь үйлчлүүлэгчдийн талархлыг ихэд хүлээж байгаа юм билээ.

Үүгээр ч зогсохгүй дээрх үзэсгэлэнд Монголд үйлвэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хос гутал нэлээд сонирхол татсан юм. Захиалгаар хийлгэж болох тус арьсан гутал 150 мянган төгрөгийн өртөгтэй юм билээ. Монголчууд брэнд гэж ярих дуртай. Тэгвэл СТӨ-нд болж буй үзэсгэлэнг сонирхож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зүйтэй биз ээ. Үндэсний үйлдвэрлэл хэтэрхий үнэтэй гэсэн хэл ам байнга гардаг. Харин энэ удаагийн үзэсгэлэн худалдааны тухайд үнийн хувьд ихэд боломжийн санагдсаныг нуух юун.