Х.Баттулга: Манай улс 2014-2016 оны хооронд ХХААБ-ыг даргална
ҮХАА-н сайд Х.Баттулга
2014.03.17

Х.Баттулга: Манай улс 2014-2016 оны хооронд ХХААБ-ыг даргална

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн 32 дугаар бага хурал манай улсад боллоо.

Уг хурлын явцын талаар өнөөдөр ҮХАА-н сайд Х.Баттулга, НҮБ-ийн ХХААБ-н Ерөнхий захирал Хосе Грациано Да Силва нар мэдээлэл хийлээ.

ҮХАА-н сайд Х.Баттулга:

“Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хуралд 41 орны 220 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Бүсийн түвшинд хүнсний аюулгүй байдлыг хангах, ХАА-н тогтвортой хөгжлийг хангах зэрэг чухал асуудлыг хэлэлцэж байна. Уг хурлыг зохион байгуулж байгаа нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой. Манай улс хүнсний органик үйлдвэрлэгч болох нөөц бололцоо бий гэдгээ олон улсад сурталчилан таниуллаа. Мөн энэ бүсийн ХХААБ-ыг манай улс 2014-2016 оны хооронд  даргалах болсон зэрэг олон давуу талыг бий болгож чадлаа” гэв.

Энэ бүс нутагт үндсэн 4 чиглэлийн асуудлыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Хурлын үеэр НҮБ-ийн ХХААБ-н Ерөнхий захирал Хосе Грациано Да Силва, “Бид орой хурлаас гарах тайлангаа батлах ёстой. Үүгээр бид ирэх 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар ярилцана. Энэ бүс нутагт үндсэн 4 чиглэлийн асуудлыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүнд:

1. Өлсгөлөнтэй тэмцэх компанит үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Улc орны Засгийн газрууд өөрийн улсдаа өлсгөлөн гаргахгүйн төлөө, хүнсний аюулгүй байдлаа хадгалахын төлөө Үндэсний аюулгүй байдлын бодлоготоо тусгайлсан заалт оруулахыг уриална.

2. Цагаан будааны үйлдвэрлэлийг сайжруулах хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд бүс нутгийн хэд хэдэн улсыг сонгон авч, тодорхой төсөл хэрэгжүүлж, цагаан будааны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.

3. Далайн баялагийг оновчтой ашиглан хүнс тэжээлийн хангамжийг сайжруулах. Дэлхийн далайн баялагийн 90 хувийг Ази, Номхон далайн бүс нутагт байдаг. Мөн энэ бүсийн олон иргэн загас агнуур, далайн аж ахуйгаар амьдралаа залгуулдаг. Тиймээс энэ талаар оновчтой бодлого боловсруулах хэрэгтэй.

4. Хүнсний ногоо тариалах үйл явцыг боловсронгуй болгоно. Тариалангийн талбайгаас хураахаас эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх шат дамжлагыг сайжруулна.

Дээрх асуудлуудаас гадна онцгой ач холбогдол өгч байгаа олон зүйл бий. Тухайлбал, хүнсний хог хаягдлыг бууруулах шаардлагатай байна. Нийт үйлдвэрлэгдэж байгаа хүсний бүтээгдэхүүний 40-50 хувь нь хэрэглэгчдэд хүрэх замдаа үрэгдэж байна. Мөн байгалийн гамшиг их. Жишээлбэл, Флиппин улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард далайн хар шуурга дэгдсэний улмаас тариаланчид цагаан будаа тариалж чадаагүй.

ХХААБ-ны зүгээс гишүүн орнуудтайгаа хамтран шинэ үрээр хангасан. Үүний үр дүнд дөрөвдүгээр сард өмнө нь авдаг байсан ургацаасаа 20-30 хувь илүү цагаан будаа хураана гэсэн таатай мэдээ авсан. Бид байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж чадахгүй. Гэхдээ энэ мэтчилэн хөнөөлийг бууруулах, хамтын хүчээр нөхөн сэргээх боломжтой” гэлээ.