“Шинэ сум”-ын нээлт болов
“Шинэ сум”-ын нээлт болов
2014.03.31

“Шинэ сум”-ын нээлт болов

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа,  нар /2014.03.29/ Шинэчлэлийн Засгийн газраас хамгийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт болох Баянхонгор аймгийн Баянлиг болон Бууцагаан сумдын “Шинэ сумын төв”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцов.

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг эхний ээлжинд сонгож, 10 сарын өмнө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Харин одоо тус сумдын төв хоёр давхар, 20 ортой нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, сумын захиргааны байр, 250 хүний суудалтай спорт заал бүхий иж бүрэн цогцолбор барилга байгууламжтай жишиг сум болсон байна.

Баянлиг сумын хувьд, эзгүй тал байсан газарт 2013 оны тавдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2014 оны нэгдүгээр сар гэхэд бодит үр дүн гарч, иргэдийн хэрэгцээг хангасан шинэ сум байгуулагдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр нь бүсийн найман тулгуур төв болон сум дундын төвүүдийн төлөвлөлтийг шинэчлэх, сум дундын төв загвар төслийг улсын хэмжээнд 96 байршилд хэрэгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилах зорилготой эхэлсэн байна.

УИХ-ын даргын томилолтоор ажиллаж буй Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа “Шинэ сум” төсөл нь нийт 8 га газрыг хамарч, 14300 ам.метр барилгажих талбайд захиргаа, эмнэлэг, сургууль гэх мэт обьектуудыг дэвшилтэт Канад технологиор барьж, халаалтын зуух, хаалттай дэд станц, цэвэрлэх байгууламж, автозам, явган хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт болсон байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа, Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай нар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд  “Шинэ сум” төслийн нээлтэд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа сумын нээлтийн ажиллагааны үеэр илэрхийлж байв.