Би Монгол хүүхэд
БШУЯ-наас дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн үр дүр эхнээсээ харагдаж байгааг харуулсан.
2014.04.01

Би Монгол хүүхэд

Монголын зүйр цэцэн үг, амьдрах ёс, уламжлалаас үүдсэн сургаал нь тэр чигээрээ хүн байхын тухай философи ажээ.

Түүнийг сурч мэдсэнээрээ зөвхөн монгол хүн болохдоо ч биш хүн болж төлөвшдөгөөрөө ёс уламжлал гэдэг орхиж болохгүй ойлголт юм байна гэдгийг нэгэн арга хэмжээнээс анзаарав. I-V ангийн бяцхан хүүхдүүд эсгий хийх ёсон, ахдүүгээ хүндлэх, орон дэлхийгээ тахих тухай мэргэн үгсийг хэлэлцэхдээ тэд ярьж байгаа зүйлийнхээ уг учрыг бүрэн тунгаагаагүй байж болно.

Гол нь тэд өнөөдөр тэмцээнд орох гэж бэлдсэн энэ үгс, тэр хувцас өөрт нь үлдэнэ. Монгол хүн ийм байдаг гэсэн ухамсар суухад энэ нь бага боловч нөлөөлж, явсаар хэзээ ч арилахааргүйгээр омогшил болж үлддэг байж таарна. Ер нь эх орон гэдэг үзлийг багаас нь суулгаж байж л тэр хүний зүрхэнд бат бөх оршдог болов уу.

Монгол ёс заншил.уламжлалыг хүүхдүүддээ сургах үүднээс анх IV сургууль “Би монгол хүн” нэртэй наадмыг сургууль дотроо зохион байгуулдаг байжээ. Энэ нь өргөжсөөр өдгөө нийслэлийн хэмжээнд анх удаагаа болов. Энэ наадмын журам, зохион байгуулалт нь их сонирхолтой юм. Тэмцээнд багаар оролцох бөгөөд I-V ангийн таван хүүхдийн бүрэлдэхүүнтэй. 

Тэд бүгд тус тусдаа үүрэгтэй.  Тухайлбал, нэгдүгээр ангийнхан шагайгаар морь уралдуулах бол хоёрдугаар ангийнхан оньсого таалцана. Гуравдугаар ангийнхан үгийн сүлжээ тааж, тавдугаар ангийнхан “Алтан хонх" асуулт хариултын тэмцээнд оролцох ажээ. Оньсого, үгийн сүлжээ, асуулт хариулт бүгд “Иргэний боловсрол” хичээлийн хүрээнд байх юм байна.Тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 18 багийн 90 хүүхэд оролцсон. Бага насны хүүхдүүдийн хувьд энэ наадам монгол ёс, уламжлалын олимп маягийн л юм болж байна. Ээж, аав, эгч дүү нь бүгд ирсэн, ирэхдээ бүгдээрээ монгол дээлээ өмссөн байна.

102 дугаар сургуулийн “Өргөө" баг мэндчилгээн дээрээ эсгий хийх уламжлал, түүнтэй холбоотой ёс жаягийн тухай мэндчилгээ дэвшүүлэв. Үнэндээ хүүхдүүд битгий хэл томчууд ч мартах шахсан энэ ёсыг хүүхдүүд тайзан дээр биш зүгээр л “гэр барьж” тоглож байгаа мэт тоглох нь өхөөрдмөөр. Ер нь бага ангийн сурагчдын хамгийн дуртай хичээл нь “Иргэний боловсрол" байдаг гэнэ.

Шинэ бодлого, хөтөлбөрт хүүхдийн төлөвшил хийгээд багшийн заах арга барил өөрчлөгдтөлөө тодорхой хугацаа хэрэгтэй.

Учир нь энэ хичээл бичих зүйл багатай, энгийн ахуйтай ойр ёс жудгийг заадаг учраас сурагчид их дуртай байдаг гэж 102 дугаар сургуулийн бага ангийн багш Ж.Алтаншагай хэлсэн. Ер нь энэ наадмыг ажиглахад БШУЯ-наас дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн үр дүр эхнээсээ харагдаж байгааг харуулсан.

Гол нь сайд солигдохоор бодлого өөрчлөгддөг шиг энэ хөтөлбөр үр дүнгээ бүрэн үзэлгүй битгий зогсоосой билээ. Шинэ бодлого, хөтөлбөрт хүүхдийн төлөвшил хийгээд багшийн заах арга барил өөрчлөгдтөлөө тодорхой хугацаа хэрэгтэй гэдэг нь “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд харагдсан. Харин одооноос харь соёл угжиж биш монгол ёсоо дээдлэх залуу үе төлөвшиж байгаа сэтгэгдэл энэ наадмаас төрлөө.

Энэ  өөрчлөлт бага боловсролын насны хүүхэдтэй айл бүхэнд мэдрэгдэж байх ёстой. Хэрвээ таны хүүхдэд өөрчлөлт харагдахгүй бол эдүкэшн  шопинг буюу сайн сургалттай сургууль,  сайн багшийн эрэл хийдэг хэвшлийг эцэг эхчүүд төлөвшүүлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүний хөгжпийн тухай нэгэн лекцдээ зөвлөж байна лээ.