УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.02

С.Ганбаатар: Мал аж ахуйгаа эрчимжүүлж баялаг болгож ашигламаар байна

Бүтэн жилийн махны хэрэглээг 233 сая.тонн гэж АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яам тооцоолон гаргасан. Харин НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага манай гаригийн нэг жилийн махны хэрэглээг 2018 онд 328 сая.тонн-д  хүрнэ гэсэн прогнозыг гаргаад байна.

Энэ бүх тоо үхрийн махны экспорт хамгийн ашигтай болсон гэдгийг баталж байгаа юм. Уругвай улс уул уурхайн ордуудаа хаан Хөдөө аж ахуйн салбараа дэмжиж эхэлснийг нүүдэлчин Монголчууд  дуурайх хэрэгтэй байна.

Дэлхийн нэг оршин суугч жилдээ 42 кг мах хэрэглэж байгаа гэсэн дундаж тоо гарч байгаа юм. Гэвч хэрэглээ гэдэг харилцан адилгүй бэл бэнчин хэтэвчний нимгэн зузаанаар хэмжигддэг нь амьдралын хууль. Өндөр хөгжилтэй орнуудын хүн ам жилдээ дэлхийн дунджаас бараг 2 дахин их буюу 82 кг мах зооглодог бол хөгжиж байгаа орнуудын нэг хүн амд ердөө  л 30 кг мах ноогдож байна.

Нүүдэлчин соёлтой газар нутаг томтой манай оронд газрын хилийн баялгаа ухахаас илүү мал аж ахуйгаа сэргээх нь чухал байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:  “Уругвай улс асар их уул уурхайн баялагтай.  Бразил, Аргентин хоёрын дунд амьдардаг. Тэр орон 3,5 сая хүнтэй, 12 сая үхэртэй. Манайх бол 3 сая орчим үхэртэй.  Хүн амаараа манайхтай ойролцоо.  Тэд 600 мянган тонн махыг жилдээ Европын зах зээлд гаргадаг. Үүнээс  150 мянгыг нь өөрсдөө хэрэглээд 450 мянган тонныг  гаргадаг. Жилдээ махнаасаа 1.8 тэрбум долларын ашгийг олдог.  Манай нөгөө 1.5 тэрбум төгрөгийн бонд гээд гайхуулаад, баярлаад гүйгээд байдаг энэ зүйлийг махаараа энэ орлогыг хийж байна.”

Уругвай улс сүүлийн жилүүдэд Азийн орнуудын зах зээлийг илүүтэй сонирхох нь нэмэгджээ. Өнгөрсөн 4-р сард Гонконгод 1.7 мянган тонн харин Хятад болон Малайз улсад нийлээд  2.9 мянган тонн үхрийн махыг нийлүүлжээ. Түүнчлэн ОХУ-д 9.9 мянган тонн махыг экспортлон гаргаад байна. Харин манай улс орос хятад гэсэн хоёр аварга хөршийн 1.3 тэрбум хүн амд зориулж үхрийн махны бизнес хийх бодомж байна.

Мөн С.Ганбаатар гишүүн “Өөрсдөө 150 мянган тонн махаа хэрэглэдэг. Нэг хүн дунджаар 56 кг үхрийн мах иддэг. Үхрийн мах иддэг хэрэглэдгээрээ манай улс дэлхийд хоёрт ордог. Яагаад бид энэ моделийг энэ загварыг авч болохгүй гэж. Мэдээж уул уурхайн баялаг болох нэгэнт Оюутолгой, Эрдэнэт таван толгой гэдэг юмуу энэнээс бусдыг нь үндсэндээ жаахан царцааж зогсоомоор байна. Бид ерөөсөө маргааш дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг бидэнд ирээдүйн хүүхдүүд байхгүй юм шиг ингэж зүтгэхээ болиод мал аж ахуйгаа эрчимжүүлж  баялаг болгож ашигламаар байна” гэв.

Нийслэл Улаанбаатар хот сар гаруй хүн амтай хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын иргэд хоногт 310 тонн жилдээ 120 мянган тонн орчим мах хэрэглэдэг гэх тооцоо бий. Бид үүнийгээ хангаж чадахгүй болтлоо дорд орсон нь Монгол төрийн бодлогын алдаа юм.