Өргөдлийн байнгын хорооноос төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа
Байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.04.07

Өргөдлийн байнгын хорооноос төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

Өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд УИХ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь“ төслийн хүрээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судлах, үнэлгээ хийх, цаашид боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулахтай холбоотой санал солилцож, туршлага судлах зорилгоор төрийн байгууллагуудын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа

Уулзалтыг Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ дараах асуудлыг онцоллоо:

Ардчилсан нийгэм дэх төр, иргэн хоорондын хамгийн чухал харилцаа болох иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт, бүртгэл, мэдээлэл, хяналт, тайлах үйл ажиллагаа ямар түвшинд байгааг авч үзэх цаашид сайжруулах талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын хэмжээнд өргөдөл шийдвэрлэлтийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, нэгдсэн зохион байгуулалт хяналтгүй, мэдээллийн технологийн хэрэглээ төрийн байгууллагуудын хувьд харилцан адилгүй, сул байгаагаас нэг өргөдлийг давхардуулан олон байгууллагад гаргаснаар ажлын ачааллыг нэмэгдүүлэх, иргэд олон шат дамжлага дамжих зэргээр олон хүндрэл бэрхшээлүүд байгаа нь харагдаж байна.

Өндөр хөгжсөн орнуудад нэгдсэн системийг бий болгосноор иргэдийн өргөдөл шийдвэрлүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөгдөхөөс гадна судалгаа шинжилгээний үндсэн дээр бодлого тодорхойлоход иргэдийн санаа бодлыг тусгах өргөн боломжийг олгодог байна.

Өргөдлийн байнгын хорооноос энэ талаарх хэрэгцээ шаардлагыг судлан тодорхойлох эрх зүйн орчинг болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр эрчимтэй ажиллана.

      Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийн хүлээх авах төв, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

      Уулзалтын үеэр Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа, Засгийн газрын 11 11 төвийн үйл ажиллагаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийг хүлээн авах төвийн үйл ажиллагаа, “Смарт сити” санаачилга болон бусад яам, агентлаг, байгууллагуудаас иргэдийн өргөдөл шийдвэрлэх үйл ажиллагаа, БНСУ-ын Авилгын эсрэг болон Иргэний эрхийн комиccын өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэж буй e-people системийн талаар танилцуулж, тус бүрийн ажлын ололт амжилт, хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцогчид Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, төрийн байгууллагуудын өргөдөл хүлээн авах нэгдсэн системтэй болох, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын давхардлыг арилгах, харилцан туршлага мэдээлэл тогтмол солилцдог болох, өргөдөл шийдвэрлэлтийн чанарт анхаарах, дүн шинжилгээ, тайлан мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцэж, уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

Цаашид төрийн байгууллагуудаас иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд нэгдсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үе шаттай ажлууд зохион байгуулах бөгөөд 2014 оны 5 дугаар сард өргөн хэмжээний нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, дүнг 2014 оны 6 дугаар сард Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн байна.