Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уул уурхайн сайд Д. Ганхуяг
2014.04.11

Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд БНХАУ, Монгол Улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь БНХАУ-ын “Шэнхуа Энержи” групптэй Гашуун сухайт боомтыг Ганц мод боомттой холбосон нарийн царигийн төмөр зам барих төслийн ажлыг эхлүүлэх талаар онцоллоо.

Гашуунсухайт боомтоос тээвэрлэсэн нүүрсийг Хунхуа далайн боомт рүү хүргэх нүүрс тээврийн тусгай коридор байгуулах саналыг Шэнхуагийн талд тавьсан бөгөөд ийм нүүрс тээврийн транзит коридор байгуулснаар Хятадын нутаг дэвсгэр дэх нүүрс тээврийн тарифийн бус хориг саадыг арилгах, транзит тээврийн үнэд орон нутгийн нөлөөллийг багасгах, нүүрс хөнгөлөлттэй тарифаар зорилтот зах зээлд хүргэх боломж бүрдэх юм.

Мөн Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны нэг хэсэг болох газрын тосны салбарт газрын тосны үйлдвэр барих, газрын тосны бүтээгдэхүүнийг баруун бүсэд нэмэгдүүлэх хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг Уул уурхайн сайд онцлон дурдлаа

Элчин сайд Ван Шаолун нарийн царигийн төмөр зам барих төслийн түүхэн чухал ач холбогдлыг онцлоод дөрвөн сард энэ асуудлыг шийдчихвэл ирэх оны эхээр бүрэн хэрэгжсэн байх боломжтой гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Мөн тус ажил амжилттай хэрэгжсэнээр ирэх жилээс эхлээд 50 сая тон нүүрс жил болгон экспортлох, худалдан авах гэрээ хэрэгжиж эхлэн Шү Хуан төмөр замыг ашиглан Монголын эрдэс бүтээгдэхүүнийг Япон, Солонгос улсууд руу тээвэрлэх боломжтой болохыг Элчин сайд онцолоод нүүрс олборлох болон бусад зардлыг багасгах, Монгол нүүрсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.