Д.Жаргалсайхан: Бүс нутгийн машин үйлдвэрлэлийн салбарын интеграцад орох бүрэн боломжтой
MNB телевизийн “Ярилцъя” шууд нэвтрүүлэгт Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд Ерөнхийлөгч Жаргалсайхан оролцлоо. Металлбургийн үйлдвэрлэл-Хөгжлийн үндэс сэдвийн хүрээнд өрнүүлсэн юм.
- Сэлэнгийн болд төмөр Ерөө голын дээд төмөртэйн ордоос төмрийн хүдэр өдөр шөнөгүй вагон вагонаар гадагшаа гарч байна. Ер нь өдөрт хэдэн вагон гарч байна вэ?
Ер нь хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхгүйгээр улс оронд эдийн засгийн тусгаар тогтнолыг авчирч чадахгүй. Тэгэхээр бид 1990 онд төрийн тусгаар тогтнолыг бий болгосны дараа эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг зүйлийг хараахан бий болгож чадахгүй явж байна. Металлбургийн салбар тэр дундаа гангийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр бол манай улсын хөгжлийн зүтгүүр болох ёстой. Тэгэхээр Монгол улс сүүлийн 8-9 жилийн хугацаанд 70 сая тонн төмрийн хүдэр түүхийгээр нь гаргачихсан дүр зурагтай байгаа.
Бид энэ түүхийгээр гаргаж байгаа гангийн хүдрийнхээ ядаж 50 хувийг нь баяжуулаад, бас ангижруулаад, нэг тонн төмрийн хүдрээ ядаж 400 доллараар өгчихдөг байсан бол өнөөдөр хамгийн багадаа 15 мянган ажлын байр бий болгох боломж байгаа. Тэгэхээр төмөрлөгийн үйлдвэрлэл бол ажлын байр бий болгодог үйлдвэр.
Хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол бид бүс нутгийн машин үйлдвэрлэлийн салбарын интеграцад орох бүрэн боломж байгаа
Монгол улсын эдийн засаг шингээх чадвар багатай, Монголд үйлдвэрлэхээр ашиггүй гэдэг ойлголтыг дэлхийн империалист хүмүүс бидний толгой руу үе дамжин суулгахыг оролдож ирсэн л дээ. Монголчууд үнэхээр сэргэн мандъя, хөгжиж дэвшье, төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнол, оюун санааны тусгаар тогтнолоо хадгалж, хамгаалж энэ цаг үедээ, ирээдүйн үр хойчдоо дамжуулж өгье гэж байгаа бол бид эртнээс хүнд аж үйлдвэрийн салбар, тэр дундаа металлбург, машинт үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж байгаа.
Өнөөдөр дэлхий даяаршиж байгаа гэдэг утгаараа бид зөвхөн Монгол улсын хэрэгцээн дээр халж болохгүй. Хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол бид бүс нутгийн машин үйлдвэрлэлийн салбарын интеграцад орох бүрэн боломж байгаа. Энд бид техникийн зураг, жижиг бүтээгдэхүүний аутсорсингийн чиглэлээр нэгдэх боломж бий. XIII зуунд бид эзэнт гүрэн байгуулж байхдаа технологи, хурдаа мэддэг байсан.
Монголд ган гэж байдаг байсан. Тэр үедээ бид эзэнт гүрэн байгуулж чадаж байлаа. Сүүлийн 400-500 жилд бид унасан. Монголчууд нойрноосоо сэрэх цаг нь болсон. Монгол гангаа бүтээж хийх цаг нь ирсэн. Ийм маягаар дахиад хорин жил явбал бидний эдийн засгийн тусгаар тогтнол маш эвгүй байдалд орно. Тэгэхээр үүнийг урьдчилан харж хүчтэй бодлогоор хийх хэрэгтэй.
Өнөөдөр бид Чингис бонд гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг гаднаас оруулж ирсэн ч гэсэн энэ мөнгөний урсгалыг тодорхой төлөвлөлттэй, зохион байгуулалттай, харилцан интеграцид орсон үйлдвэрлэл рүү, тэр тусмаа гангийн үйлдвэрлэл рүү сайн хийж чадахгүй байна. Их олон янзын төслүүд орж ирээд, олон янзын санаанууд байгаа. Тэгэхээр Монгол улсад технократ удирдлагын систем болон хөгжлийн институтуудыг байгуулах шаардлага бий.