Засгийн газар огцрох уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тухай болон Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд цөөнхийн бүлгээс тавьсан хоёр санал олонхийн дэмжлэг хүлээсэн нь Н.Алтанхуягийн танхимд өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл үүсгээд байна. Гэхдээ УИХ-аар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд нөхцөл байдал өөрчлөгдөж мэднэ.
Ямартай ч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй” гэх байр суурь барьж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг “Засгийн газрын ажлыг сайжруулах гарц нь сайдууд “Давхар дээл”-ээ тайлах явдал. Ерөнхий сайд, ерөнхий чиг үүргийн яамдын сайдаас бусад сайд нарыг парламентын гаднаас томилох нь УИХ-ын Засгийн газартаа тавих хяналтыг сайжруулна” хэмээн үзэж байна
УИХ, Засгийн газар хоёрыг салгах ёстой гэсэн нийгмийн захиалга, хүлээлт цаана нь бий.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Ерөнхийлөгч хэрэгжих хугацаан дээр хориг тавьж болно. Гэвч хоригийг хүлээж авах нь хүнд, УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийдэх учраас. Тэгэхээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд явахад төсөл санаачлагч хуулиа татаж авч болох юм. Гэхдээ татаж авах нь зөв хувилбар биш. УИХ, Засгийн газар хоёрыг салгах ёстой гэсэн нийгмийн захиалга, хүлээлт цаана нь бий. Дээр нь энэ төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Ухаалаг төр лүү алхах алхмын нэг нь энэ.
Хоёрт, хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд МАН-ын бүлгээс Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайд нарын УИХ-аас сонгогдож болно гэж засч өгсөн. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл анхны хувилбараараа батлагдчихвал Үндсэн хуулийн зөрчил үүсгэхээр байсан. Зөрчлийг арилгачихсан болохоор одоо асуудалгүй, хэрэгжээд явах зам нь засагдсан гэсэн үг.
Гуравт, өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл нь УИХ, Засгийн газрын хоорондох харилцаатай холбоотойгоор бий болсон, уг суурь нь. Өөрөөр хэлбэл, УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон. Төсвөөс гадуурх асар их мөнгөний зарцуулалтыг Засгийн газар бие дааж хийж байна. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдлыг асар ихээр хүндрүүллээ. Эцэстээ эдийн засгийн уналтыг бий болгож байгаа гэдэг нь өнөөдөр ил боллоо.
Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг яаж зарцуулсан нь нууц байна
Тийм болохоор энэ асуудлыг яаралтай засах нь эхний ээлжинд улстөрийн эрх мэдлийн хуваарилалт дээр буюу Засгийн газрын танхимдаа яаралтай өөрчлөлт хийгээд урагшлах явдал. Ядаж УИХ-аас Засгийн газарт тавих хяналт сайжирна. Өнөөдөр УИХ, Засгийн газрын хоёр төрлийн зарцуулалтад хяналт тавьж чадахгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс хоёр дахин их хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна.
Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг яаж зарцуулсан нь нууц байна. Нөгөө талдаа улсын төсөв тасарчихсан цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Шулуухан хэлэхэд Монгол Улсын Их хурал Засгийн газар хоёр нийгэм эдийн засгийг жолоодох жолоогоо алдчихсан, өрийн хавцал руу жолоодлогогүй нисч байна шүү дээ. Тэгэхээр хууль ирэх долдугаар сараас хэрэгжих нь зөв байгаа юм, хугацаа алдахгүй.
Харин намууд сонголтоо хийнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүд дунд сайд болсон цөөнгүй хүн байгаа. Тэд сайдын албаа сонгох уу, УИХ-ын гишүүнээ сонгох уу гэдэг сонголт хийж таарна. Түүнийг дагаад УИХ-ын бүтцэд нэлээд өөрчлөлт гарах болов уу. УИХ-ын бүрэлдэхүүнд шинээр 4-5 хүн намын жагсаалтаар орж ирж таарна.