Эдийн засгийг 100-хан хоногт сайжруулна гэдэгт эргэлзэж байна
Эдийн засгийг 100-хан хоногт сайжруулна гэдэгт эргэлзэж байна
2014.04.22

Эдийн засгийг 100-хан хоногт сайжруулна гэдэгт эргэлзэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Хяналтын тухай хуулийн төсөл болон Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцжээ.

Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг зохицуулах Хяналтын тухай хуулийн төслийг сайн судлах хэрэгтэй гэж үзжээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч УИХ-ын босгыг давалгүй унасан. Унасан шалтгаан нь одоогийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж яамдад хяналт шалгалтын эрхийг нь шилжүүлэх үндсэн асуулгаас болсон юм.

Энэ удаад ч дээрх агуулгаа өөрчлөхгүйгээр оруулж ирсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Уг нь АН 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хяналт шалгалтуудаас бусад хяналт шалгалтыг төрийн бус байгууллагуудад шилжүүлнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байжээ. Гэвч үүнийгээ Хяналтын тухай хуулийн төсөлд тусгаагүй байна.

МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барьж, “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонд таатай байгаа ажээ. Харин хоёр жил гаруйн хугацаанд эдийн засгийг доройтуулсан Засгийн газар 100-хан хоногт сайжруулна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэв. Мөн МАН-ын бүлэг Засгийн газрын бас нэг шийдвэрийг талархан хүлээж авчээ.

Энэ нь Засгийн газар ээлжит хуралдаанаараа С.Эрдэнэ сайдын санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжээгүй явдал юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд одоо хэлэлцүүлгийн шатанд яваа юм. С.Эрдэнэ сайдыг “Танхимын зарчмаараа ажиллах дүрмээ зөрчиж Засгийн газраас саналавахгүйгээр, үндэслэл, тооцоо судалгаа муутай төсөл өргөн барьсан.

Хоёр жил гаруйн хугацаанд эдийн засгийг доройтуулсан Засгийн газар 100-хан хоногт сайжруулна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэв.

Тиймээс төслийг нь дэмжих боломжгүй” хэмээн Засгийн газраас буруутгажээ. МАН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн цагаас нь эхлэн шүүмжилж байсан юм. МАН-ын бүлгийн гишүүд ийнхүү мэдээлэл хийсний дараа тус бүлгийн дарга С.БЯМБАЦОГТООС дараах  тодруулгыг авлаа.

-Цэцийн гишүүн Д.Сугарыг МАН өмөөрч байна гэх мэдээлэл гарах боллоо. Ямар үндэслэлээр өмгөөлөөд байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнД.Сугар Төрийн өмчийн хорооны дарга болохдоо л намын гишүүнээсээ татгалзсан. Манай намын гишүүн биш учраас өмгөөлөөд байх шаардлага байхгүй. Харин УИХ аливаа асуудлыг хэлэлцэхдээ ул суурьтай хандаж шийдвэр гаргах ёстой.

Ялангуяа хүний хувь заяатай холбоотой асуудал их эмзэг байдаг. Мөн Үндсэн хуулийн Цэц шийдэх ёстой асуудлыг УИХ дээр оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Тиймээс нухацтай судалж байж хэлэлцье гэж санал гаргасан. Бидний саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ш.Түвдэндорж дэмжсэн. УИХ-ын дарга З.Энхболд ч хүлээн зөвшөөрсөн шүү дээ.