Д.Оюунхорол: Хямралаас гарахын тулд засгийн газар завгүй ажиллах ёстой
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд хамгийн их анхаарал татсан хуулийн төслөл бол Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа байлаа. Пүрэв гаригийн хуралдаанаар хууль мөрдөх хугацааны хувьд цөөнхийн бүлгийн шаардлага биелэлээ олохоор боллоо? Дараагийн хэлэлцүүлгийн хариуг та яаж харж байна?
-Төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо алдагдсан учраас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломж олгосон нь буруу байсныг засаж залруулах, ухаалаг төрийн ажлыг УИХ-аас эхлүүлэхээр Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль л даа. Хуулийг 2014 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөх, үндсэн чиг үүргийн яамны сайд нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэдэг саналууд УИХ-аар батлагдсан.
УИХ-аар баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий засгийн газар хоорондын хяналтын тогтолцоо алдагдаж, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хариуцлагын механизм үгүйлэгдэж байгаа нь үнэн. Энэ хууль батлагдсанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг бид яриагүй ээ. Хууль мөрдөж эхлэх хугацаанд Засгийн газар хуулийн дагуу өөрийн танхимаа шинэчлээд ажиллах боломж бололцоо бий. АН болон “Шударга ёс” эвслийн бүлэгт төрийн ажил хийх мэдлэг, боловсролтой, чадалтай, асуудалд бодитой, мэдрэмжтэй хандах хүмүүс олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
- Засгийн газрын ажиллах хугацаа яг талдаа буюу хоёр жил болчихсон байдаг. Одоо солихоор ажилдаа дасах, танилцах гэсээр бараг хагас жилийн хугацаа өнгөрнө гэсэн үг. Тэгэхээр улс орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудалд муугаар нөлөөлөх юм биш үү?
-Шинэчлэлийн Засгийн газарт ард түмэн ч тэр, гадны хөрөнгө оруулагчид ч тэр итгэхээ больчихсон байгаа шүү дээ. Уг нь жилийн жилд өдийд бүтээн байгуулалт, уул уурхайн ажил ид буцалж байдаг цаг. Гэтэл нам гүм байгааг анзаарч байна уу. Бүтээн байгуулагчид маань энэ жил тендэрт орохгүй ээ, эсвэл энэ жил ажлаа явуулах боломжгүй болсон гэдэг л тайлбар ярьж байна. Төсвийн орлогын төвлөрөлттэй холбоотойгоор улсын төсвөөс ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа 303 аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн захиалагч яам, төсвийн ерөнхийлөн захирагчаар хянагдаж баталгаажсан нийт 183.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэл санхүүжилт авч чадаагүй байна.
Өнгөрсөн 2013 онд импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын дутуу төвлөрөлттэй холбоотойгоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд нийт 18.7 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдэж чадаагүй байгаа нь олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хурч байна.
Өдрөөс өдөрт долларын ханш чангарч байхад гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд авах мөнгө нь улам л үнэгүйдэж байна. Энэ дунд валютын ханшийн зөрүүгээр хөлжиж байгаа хэсэг бүлэг байна гэж иргэд хардаж байна. 2008-2009 оны хямралын үеэр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд ханшийн өөрчлөлтөөс 235 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын зээлийн алдагдал хүлээж байсан бол 2013 оны 12 сарын байдлаар 573 тэрбум төгрөг болж өссөн байна.
Өдийд бүтээн байгуулалт, уул уурхайн ажил ид буцалж байдаг цаг.
Хувийн хэвшлийн чанаргүй зээл ханшийн өсөлттэй зэрэгцэн огцом өсч 222 тэрбум төгрөгт хүрсэн байна. Олон ААН байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж олон мянгаараа иргэд ажлаас халагдаж, санхүү эдийн засгийн хүндрэл гинжин урвалаар бүхий л салбарт нөлөөлж байна. Урд жил өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг одоог хүртэл аваагүй, мөн тендэрээр ажил аваад валютын ханшийн хөөрөгдлөөс болоод дандаа алдагдалтай ажилласан дүн гарч байгаа. ААН-үүд ашиггүй ажиллахаар улсад татвараар төвлөрөх орлого нь тасалдаж байна.
Төсвийн орлого тасалдахаар мэдээж бүтээн байгуулалтын ажил тасрана. Ийм л эдийн засгийн хямралын тойрог үүсчихээд байна. Өнөөдрийн энэ хямралаас гарахын тулд Засгийн газар болон Засгийн газрын гишүүд завгүй ажиллах ёстой шүү дээ.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явагдаж хэлэлцэхээр боллоо. Энэ хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулинд хэд хэдэн зарчмын саналууд дээр өөр байр суурьтай байгаа. Хамтын тэтгэвэр нь өнөөдрийн Монгол улсад үйлчилж байгаа тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөөгүй байхад хэрэгжихэд нэлээд хүндрэлтэй хууль болно.
Хамтын тэтгэвэр гэдэг нь давхар тэтгэврийн тогтолцоотой болно гэсэн зарчим орж ирсэн гэж ойлгож байна. Одоогийн эв санааны нэгдэл дээр суурилсан нийгмийн даатгалынхаа тогтолцоог эвдэх, тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх магадлал өндөртэй байгаа юм. Хөдөлмөр эрхэлсэн нөхцөлд тэтгэврийн харилцаанд орох боломж бүрдэх ёстой гэдэг ерөнхий зарчмаасаа ухарч байна гэж ойлгож байгаа.
-Та саяхан нэг ярилцлагандаа Хамтын тэтгэврийн тухай хууль нь нийгмийн даатгалын санг хоосруулах төсөл гэсэн байсан?
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэрийн дансны тогтолцоонд шилжүүлэх хувилбарыг бий болгон гээд ажиллаж байгаа. 1960 оны 1 сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн иргэдийн ажилласан бүх хугацаанд төлсөн байвал зохих шимтгэлийг нэрийн дансанд байршуулсан байх ёстой. Өнөөдөр энэ мөнгөн хуримтлал үүсээгүй, хэрэгжүүлж чадаагүйл байна.
Нийгмийн даатгалын санд бий болсон хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор арвижуулах нэрээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үрэн таран хийж, сангийн хөрөнгийг завших боломж бий болгочих вий гэж болгоомжилж байна. Урьдчилсан тооцоогоор энэ хуулийн төсөл улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсгэж тэтгэврийн сангийн зарлагыг 21 орчим хувиар нэмэгдүүлэхээр гарсан.
Хамтын тэтгэвэр гэдэг нь давхар тэтгэврийн тогтолцоотой болно гэсэн зарчим
Хамтын тэтгэврийн нэрээр Нийгмийн даатгалын сангаа дампууруулаад хаячихвал амьд байгаа хэдэн ахмадууд маань тэтгэврээ авч чадахаа больчих үндэслэл бий. Үүний оронд Нийгмийн даатгалын шимтгэлийн бааз сууриа өргөтгөөд мөнгөө хуримтлуулах, тэтгэврээ нэмэх зарчмаар явах ёстой. Үнэхээр мөнгө байгаа бол Монгол улсын Засгийн газраас тэтгэврээ 30 хувиар нэмэх шаардлагыг МАН-ын бүлгийн зүгээс тавьсан.
Энэ нь арай нь үнэнд ойр шийдвэр болох байх гэж бид ойлгож байсан. Энэ хуулийн төслөөр тэтгэвэр нэмэхгүй байгаа шалтгаанаа аргацаах гэж ийм арга хэмжээ авч байна гэж үзэж байна. Холбогдох сайд нараас асуухад мөнгө байхгүй, боломжгүй гэдгээ хэлсэн. Санхүүжилтын хувьд Хамтын тэтгэврийн тухай хууль нь Нийгмийн даатгалын санг мөнгөний хомсдолд оруулах аюултайг тооцох л ёстой.
-Өөр улс оронд энэ хуулийн төсөл хэрэгжсэн туршлага байдаг болов уу?
-Бараг байхгүй. Өнөөдрийн хөгжингүй орнууд талийгаачийн нэрээр тэтгэвэр олгох тогтолцоог хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлсэн ганц нэг оронд асуудал буруу гэдгээ ярьсаар байгаа юм билээ.
-Манай ахмадууд ямар байр суурийг судалж үзэв үү?
-Чуулганы завсарлагаанаар 8 аймаг, нийслэлийн олон мянган иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. УИХ-аар баталсан хууль тогтоомжууд болон хэлэлцэж байгаа, өргөн баригдсан хуулиуд дээр ярилцаж саналаа солилцсон. Ахмадуудад маань энэ хууль хурдан батлагдчихаасай гэсэн ойлголттой хүмүүс байна. Нэг хэсэг нь уламжлалаа бодсон ч монгол хүн талийгаачдынхаа ясыг өндөлзүүлэх дургүй. Ийм тэтгэврийн тогтолцоо бий болгож байхаар амьд байгаа хэдэн ахмадуудынхаа тэтгэврийг үе шаттайгаар нэмээд амьдралаа залгуулах боломж бололцоог олгоод өгөөсэй гэж хүсч байна. Мөн шалтгаан, бодит үр дагаврыг нь тайлбарлаад хэлэхээр сонсч байгаа хүмүүс ч олон байсан.
-“Давхар дээл”-ийн талаарх хуулийн төсөлд ямар нэгэн өөрчлөлт гарвал хориг тавина гэдгээ Монгол улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ хуульд хориг тавьчихвал асуудал яаж өрнөх бол?
-Монголын парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд улс төрд бий болсон засаглалын хямралыг засаж залруулахаар Монгол улсын Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барьсан гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгчийн өмнөөс хориг тавих эсэхэд би хариулж мэдэхгүй. УИХ-ын гишүүдийн санал хураалтаар шийдэгдсэн асуудалд бодитой хандах байх гэж бодож байна. Засаглалын алдааг засаж залруулахын тулд нэг хоёр хоногийн өмнө ч гэсэн хуулиа хэрэгжүүлэхийг бодож байгаа байлгүй дээ. Асуудал шийдэгдсэний дараа л бодитой дүгнэлт хийхээс дээ.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-ийн ажил эхэлж байгаагаа зарлалаа. Харин 100 хоногт яг яаж эдийн засгаа эрчимжүүлэх тодорхой зүйлийг хэлсэнгүй?
-Эрх баригчид ард түмний амьдрал сайхан байна, улс орон цэцэглэн хөгжиж байна. Бонд гэдэг өр биш, өвөг дээдсийн өглөг гэж тайлбарлан ард иргэд, баялаг бүтээгчид болон сөрөг хүчнийхээ байр суурь, дуу хоолойг сонсохгүйгээр алдаатай бодлого явуулсны уршгаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэл үүссэн. Төр засгийн алдаатай, тооцоо судалгаагүй бодлого, шийдвэр нь улс орны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг жил гаруйн хугацаанд хэрхэн унагаж байгааг МАН-ын бүлгээс байнга сануулсаар ирсэн.
Засгийн газраас “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг хэлцүүлэхээр яаралтай оруулж байгааг МАН-ын бүлэг дэмжинэ
Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүд эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлээ бодитой дүгнэж үнэн зөв мэдээлэл өгч чадахгүй цаг хугацаа маш их алдсанд харамсаж байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд л гэхэд 7.4 ихнаяд төгрөгийн зээлийг авч зарцуулсан байхад эдийн засгийн өсөлт дөнгөж 11.7 хувьтай гарсан нь чамлалтай үр дүн юм л даа.
Нөгөөтөөгүүр эдийн засгийн өсөлт хэдийгээр хоёр оронтой тоо гарсан ч гэлээ төгрөгний ханш 30-33 хувиар суларсан нь эдийн засгийн өсөлт иргэндээ наалдахгүй, төгрөгний худалдан авах чадвар муудсанаар ард, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг иргэд сонгогчид маань байнга ярьж байгаа шүү дээ. Засгийн газраас “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг хэлцүүлэхээр яаралтай оруулж байгааг МАН-ын бүлэг дэмжих бөгөөд зарчмын тодорхой саналуудыг боловсруулах ажлын хэсгийг бүлгийн даргаар ахлуулж байгуулсан.
-Д.Сугарыг МАН өмөөрч байна. Ямар учраас өмгөөлөөд байна вэ гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байна?
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар 2004 онд Төрийн өмчийн хорооны дарга болсноос хойш Төрийн албан хуулиар МАН-аас татгалзсан. МАН-ын бүлгийн зүгээс энэ хүнийг өмгөөлөөд, хамгаалаад байгаа зүйл байхгүй. Бүх асуудал нь хуулийнхаа хүрээнд шийдэгдэх байх аа.