Д.Ганбат: “Давхар дээл” тайлах тухай хуулийн төсөлд манай намын бүлэг хариуцлагагүй хандсан
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед АН-ын бүлгийн нэгдсэн байр сууринаас тэс өөр сонголт хийсэн танай намын дөрвөн гишүүнд нам дотроо хариуцлага тооцох тухай ярьж байгаа үнэн үү?
-Би намын гүйцэтгэх зөвлөлд байдаг. Эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцох тухай яриагүй. Ер нь бүлгийн зүгээс дарамт, шахалт үзүүлсэн юм байхгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АТГ-т шалгаж байна гэсэн мэдээлэл цацагдсан учраас тэгж хардаж байгаа байх. Гэхдээ АТГ бол аль нэг улс төрийн намын харьяаллын байгууллага биш шүү дээ.
-Эрх мэдлийн хуваарилалтыг салгахыг дэмжсэн танай намын гишүүдийн сонголтыг иргэд эергээр хүлээж авсан. Харин танай намынхан хандсан бэ?
-Би хувь гишүүний хийсэн сонголтыг шүүх эрхгүй л дээ. Ямар дарга нь биш. Тэр гишүүн тийм сонголт хийх байсан юм гэж өмнөөс нь ярьж болохгүй биз дээ. Гишүүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой . Бусдын сонголт тухай биш өөрийнхөө хийсэн үйлдлийн талаар бол ярьж болно.
-Та өмнө нь “Давхар дээл” тайлах нь зүйтэй гэсэн саналтай байсан. Гэтэл үүнийхээ эсрэг кноп дарж намынхантайгаа нэгдсэн. Яагаад бодлоо өөрчлөх болов оо?
-Ер нь Засгийн газар, УИХ, шүүх засаглалын эрх мэдэл тусдаа байх нь ардчиллын зарчим. Өнөөдөр Засгийн газрыг төр гэж харж байгаа хүн цөөнгүй байна. Угтаа бол Засгийн газар ажил хийх багаж зэвсэг байх ёстой юм л даа. Гэтэл одоо хууль тогтоох байгууллагатайгаа холилдоод төрийн хяналтын тогтолцоог үгүй болгож байна. Үүнийг эсэргүүцдэг миний зарчмын байр суурь хэвээрээ байгаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд би намынхаа байр суурийг дэмжсэн. Учир нь ардчилал гэдэг олонхийн зарчмаар явдаг. Би АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн. Энэ утгаараа намын бүлгийнхээ байр суурийг дэмжсэн. Манай бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар олон удаа ярилцсан.
Анх Засгийн газрыг бүхэлд нь огцруулах санал орж ирсэн. Кнопоо дараад хамгаалаад үлдсэн.
Манай бүлгийн долоо, найман гишүүн “Давхар дээл” тайлах нь зөв гэж үзэж байсан. Тэдний нэг нь би. Түүнээс гадна манай намын бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож “Давхар дээл” тайлах хуулийн төсөлд УИХ-ын гишүүд өчүүхэн төдий өөрчлөлт оруулвал Ерөнхийлөгч хориг тавина” гэж хэлсэн.
Ингэхээр энэ хуулийн төсөл анх өргөн барьсан хувилбараар явах нь эсвэл хүчингүй болох магадлалтай. Хуулийн төслийг дэмжих, дэмжихгүй дээ ч биш улс орны эрх гэж байна. Миний ард сонгогчид байгаа. Тэдний амьдралд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодолцсон.
Энэ Засгийн газрыг би гурав дахь удаагаа хамгаалж байна. Анх Засгийн газрыг бүхэлд нь огцруулах санал орж ирсэн. Кнопоо дараад хамгаалаад үлдсэн. Дараа нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах саналыг цөөнхийн бүлгийнхэн оруулж ирсэн. Бас л хамгаалаад үлдсэн. Энэ удаа ч намын бүлгийнхээ шийдвэрийг дагалаа. Ер нь аливаа юм гурав л байдаг. Эндээс Засгийн газар сургамж авч ажлаа сайжруулах ёстой.
-Намын эрх ашгийг өөрийнхөө үзэл бодлоос дээгүүр тавих нь зөв юм уу?
-Улс орны тогтвортой байдал, ард түмний амьдралыг бодолцож үзсэн. Юутай ч Монголын ёс гурав гэж бид ярьдаг даа. Тэгээд л би гурвын тоог сонгоод байна. Засгийн газар алдаанаасаа суралцаж улам сайн ажиллах болов уу гэж найдаж байна.
-Үзэл бодлоо өөрчлөхөд танай бүлгийн гишүүд нөлөөлсөн үү?
-Ер нь намын бүлгийн шийдвэр, АН-аас барьж байгаа бодлого, цөөнхийн бүлгийнхний гаргаж байгаа ааш авир гээд бүгд л нөлөөлнө шүү дээ.
-“Давхар дээл” тайлах хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороны гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авах боломж бий юу?
-Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авна гэдэг юу л бол. Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёр сонголт байна. Ерөнхийдөө хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг салгах нь зөв гэдгийг хаа сайгүй ярьж байгаа.
-АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа Ерөнхийлөгч энэ хуулийн хэрэгжих хугацаа өөрчлөгдсөн тохиолдолд хориг тавина гэж ярьж байсныг сэтгүүлчдэд хэллээ. Та дөнгөж сая П.Цагаан дарга бас тэгж хэлсэн гэлээ. Ер нь ингэж дам сургаар баталгаатай хориг тавих юм шиг ярих нь хэр зохистой юм бэ?
-Би өөрийнхөө нүдээр харж, чихээр сонссоноо чамд ярьж байна. АН-ын бүлгийн дэд даргын хэлсэн үгний өмнөөс би хариуцлага хүлээхгүй шүү дээ. Бодитой мэдээлэл юм уу, бодитой бус юм уу гэдгийг ч мэдэхгүй. Харин өөрийнхөө хэлсэн үгэндээ бол эзэн болно. Учир нь манай бүлгийн хуралдаанд П.Цагаан дарга тэгж хэлсэн.
-Танай намын бүлгийн гишүүд анхнаасаа Ерөнхийлөгч хориг тавина гээд тайвширчихсан юм биш үү?
-Манай бүлгийн гишүүд жаахан хариуцлага алдсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр завсарлага аваад 60 хонож байхад бүлгийнхээ байр суурийг нэгтгэж чадаагүй. Үүнийг ажлаа хариуцлагатай хийж чадахгүй байгаагийн илрэл гэж харж байна.
-Та Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалсан. Энэ хуулийг баталснаар алтны нөөц сайжирсан уу. Танд бодитой тоо баримт байна уу?
-Алтны татварыг 2.5 болгох агуулгатай энэ хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан. Энэ хуулийг батлуулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Одоогоор манай алтны нөөц 1.6 тонн болсон. Үүнээс харахад алтны нөөц хуучнаасаа гурваас дөрөв дахин өссөн байгаа юм. Хэрвээ Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол валютын ханш 2000-3000 мянган ам.долларт хүрэх байлаа.
Одоогоор манай алтны нөөц 1.6 тонн болсон.
Үүнээс урьдчилан сэргийлж чадсан. Үүн дээр нэмээд олон ажил хийх хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхий сайдад “Оюутолгой”-н талаар асуулга тавьсан. Уг нь “Оюутолгой” манай орны эдийн засгийг өөд нь татаж хөл дээр босгох том төсөл. Дэлхийд нөөцөөрөө эхний тавд орох уурхай. Тиймээс “Оюутолгой” цаашаа хэрхэх вэ гэдэгт гадаадынхан анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр бид энэ ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Дээр нь дэд бүтцээ тэр тусмаа төмөр замаа яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Бидэнд шийдэл хүлээсэн асуудал олон байна.
-Дэд бүтцээ сайжруулах мөнгө байхгүй юм биш үү. А.Гансүх сайд “Тавантолгой Сайншанд чиглэлд төмөр зам тавих ажилд Хөгжлийн банкнаас мөнгө гаргаж өгөхгүй байна” гэж саяхан чуулганы хуралдааны үеэр хэлж байна лээ?
-“Чингис” бондын мөнгийг зарцуулахдаа УИХ эсвэл Засгийн газарт хариуцуулах байсан юм. Гэтэл бондын зөвлөл гэж байгуулсан. Энд нь хэдэн байнгын хорооны дарга, Засгийн газрын сайд нар багтаж байгаа. Тэд хариуцлага хүлээж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Иргэдийнхээ нэрийг барьж авсан мөнгийг үр ашигтай эргээд ашиг олох төсөлд зарцуулах ёстой байсан. Тийм төсөлд зарцуулсангүй. Энэ Монголын ард түмний мөнгө. Хүүг нь иргэд төлнө. Тийм учраас бондын зөвлөл гэх ямар ч хариуцлага хүлээх чадваргүй нөхдүүд тайлангаа тавих цаг нь аль хэдийнэ болсон.
-Бондын зарцуулалтын талаар мэдээлэл тун хомс байх юм аа ?
-УИХ-ын гишүүдэд ч тоймтой мэдээлэл алга. Уг нь Монголын ард түмэнд мэдээллийг нь нээлттэй өгөх ёстой. Ард түмний нэрийг барьж зээлсэн мөнгө шүү дээ. Гэтэл мэдээлэл өгөхгүй л байна. Би гайхаад л сууж байна.