Хан Хэнтий архигүй аймгийн үлгэр жишээ
Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд “АРХИГҮЙ ХАН ХЭНТИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” арга хэмжээг энэ сарын 21-ний өдөр Чингис хотод зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон албаны хүмүүс, төрийн болон төрийн байгууллагынхан оролцлоо.
Нээлтийн ажиллагаанд Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид оролцож ая дууны дээжээ өргөн барив.
“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн 2014 оны арга хэмжээг нээж, тус хөтөлбөрийг санаачлагч Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэлсэн үгэндээ “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр улс орондоо үнэлэгдсэн үлгэр жишээ хөтөлбөр боллоо. Өнгөрсөн хугацаанд архины хамааралтай иргэдээ эмчлэн, эрүүл идэвхтэй амьдралын замыг сонгоход нь туслах, архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, архи согтууруулах ундааны хэрэглээн дэх иргэд олон нийтийн хандлагыг өөрчлөх, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулах зорилт тавин ажилласан.
Хэдийгээр 1 жил гэдэг бага хугацаа хэдий ч бид иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудынхаа идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжпийн сангаас 2013 онд нийтдээ 50.172.220 мянган төгрөгийг зарцуулсан бөгөөд 2014 онд аймгийн ОНХС-аас 80.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Энэ ч үүднээсээ эхний бодитой үр дүнгүүд гарч Хэнтий нутгийн иргэд олон нийтийн согтууруулах ундаанд хандах хандлага өөрчлөгдөн одоогийн байдлаар хөтөлбөрт хамрагдсан 300 гаруй иргэнээс 270 орчим иргэн архины асуудлаа бүрэн шийдвэрлээд байна.
Мөн архины асуудлаа шийдвэрлэн, эрүүл идэвхтэй амьдралын замыг сонгон өрх гэрийн тэргүүн, сайн хань, сайн аав,сайн хүүгийн үүргээ гүйцэтгэж яваа эрчүүдийнхээ амьдралдаа хийсэн эрс өөрчлөлт, зоримог шийдвэрийг олны хүртээл болгон, олон эрчүүд, аавын хөвгүүдэд ухаарал хайрлах зорилгоор “АМЬДРАЛ ЧАМАЙГ МАРТААГҮЙ” баримтат киног бүтээлгэн Монголын үндэсний олон нийтийн телевиз, орон нутгийн телевизүүдээр сурталчлан таниулаад байна.
Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 32.0 хувиар буурч тэр дундаа согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 25.2 хувь, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг цэгийн тоо аймгийн хэмжээнд 19.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтэй ажиллаж байна.
Архины хор хөнөөлийг бууруулахад төрийн байгууллага, албан хаагчдын оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Төрийн байгууллагууд аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэх, төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байх, хүлээн авалтыг архигүй хийх асуудал манай аймгийн хувьд шийдэгдэж байгаа хэдий ч анхаарах асуудлууд байсаар байна. Энэхүү завшааныг ашиглан аймгийн Засаг даргын хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд аливаа баяр ёслол, ой, тэмдэглэлт арга хэмжээ нэрийн дор архидан согтуурдаг явдлыг таслан зогсоож, ажилтнуудынхаа дунд архинаас ангид амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэн бусдад үлгэр болж ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад дахин үүрэг болгож байна” хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө” үзэл санааг дэмжиж, өнгөрсөн жилээс “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж амжилттай ажилласныг Хууль зүйн яамнаас үнэлж, Хууль зүйн сайдын тушаалаар Хэнтий аймагт 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, Хэнтий аймгийн тэргүүн туршлагыг бусад аймаг орон нутагт сурталчлахыг үүрэг болгосон юм.
Ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвх санаачлага, оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн хамтын ажлын уялдаа холбоог бий болгох замаар архигүй аймаг, сум, баг, байгууллага, хувь хүн цаашилбал “АРХИГҮЙ МОНГОЛ” байхын төлөө үйлсийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид архины гүн хамааралд орж архинд донтох өвчтэй болсон иргэдээ эрүүлжүүлэн эрүүл идэвхтэй амьдрахад нь бүх талын дэмжлэг үзүүлэн, Орон нутгийн хөгжлийн сангаас ирэх жилүүдэд энэ чиглэлээр зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэн архины хор хөнөөлийг бууруулах чиглэлээр ажилладаг ТББ-уудтай хамтран ажиллана гэдгийг аймгийн удирдлага хэлж байв.
Он гарсаар ТББ-уудтай хамтран ажиллаж нийт 55 иргэний архины асуудлыг шийдвэрлэжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийг түшиглэн эмнэлгийг үйлчилгээг стандартын дагуу хүргэх хүчин чадал бүхий наркологийн тасгийг жинхэнэ утгаар нь ажиллуулж, сумдад нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйчдийг бэлтгэх ажлыг эрчимжүүлж байна.
Мөн Архины асуудлаа шийдсэн иргэдээ аймгийн бүтээн байгуулалт, хөгжлийн ажилд оролцуулах замаар ажилтай орлоготой байхад нь анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
Хөтөлбөрийн энэ жилийн нээлтийн ажиллагааны онцлог нь архидан согтуурах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлэх, архины хор холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор уралдаант, цэнгээнт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж, сумдад нэгэн зэрэг нээлтээ хийж байгаагаараа онцлог байв.