НББСШУБХ-ны Шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ
2014 оны 04 сарын 23 өдөр Дугаар 07 Улаанбаатар хот
Шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/-т даалгасугай:
- Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг шинэчлэн тодорхойлж, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээний ажлыг улс орны хөгжлийн тулгамдсан асуудалд төвлөрүүлж, үр дүнг дээшлүүлэх, дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх;
- Шинжлэх ухааны академи, түүний салбар академи, харьяа эрдэм шинжилгээний байгууллагуудын болон анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангаж, хөгжиж буй орнуудын жишгээр эрдэм шинжилгээний зардлын хэмжээ, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хангамжийг сайжруулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулах талаар дэмжлэг үзүүлэх;
- шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тухайн жилийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 5.0 хувьд хүргэх, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд нэмэгдэл орлого олох, санхүүгийн олон эх үүсвэрээс орлогоо бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах, гадаад, дотоодын худалдан авах ажиллагаанд оролцох эрх зүйн орчин, нөхцөл боломжоор хангах;
- эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд гарааны компани байгуулах боломж олгох чиглэлээр Төсвийн болон Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинжлэх ухаан, технологийн үндэсний парк байгуулах ажлын явцыг эрчимжүүлэх;
- эрдэм шинжилгээний зориулалт бүхий дундын нээлттэй лаборатори байгуулах, холбогдох тоног төхөөрөмж импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуультай уялдуулан шинжлэх ухаан, технологийн сангийн чиг уургийг өргөтгөж, сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтыг оновчтой болгох, ашиглалтыг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх хөшүүрэг бий болгох;
- хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, магистр, докторын сургалт, судалгааны хөтөлбөрийн үйл ажиллагаанд эрдэмтэд судлаачдыг оролцуулах, лабораторийн нөөц боломжийг хамтран ашиглах чиглэлээр Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон их сургуулиудын үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхой болгож хэрэгжүүлэх;
- шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнтэй холбон урамшуулал олгох тогтолцоо бүрдүүлэн нэвтрүүлэх;
- төр-шинжлэх ухаан-бизнесийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, төрийн аливаа бодлого, шийдвэрийн төсөл боловсруулахдаа холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын санал, дүгнэлт, зөвлөмжийг харгалзаж байх;
- шинжлэх ухааны салбарын менежментийг боловсронгуй болгох арга хэмжээ авч, шинжлэх ухаан, технологийн танин мэдэхүйн болон эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн дунд өргөн хүрээтэй явуулж, холбогдох санхүүжилтийг төрөөс шийдвэрлэх.
2. Энэхүү тогтоолд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлд тусгаж, цаашид жил бүр ээлж дараатай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
НИЙГМИЙН БОДЛОГО, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХАА ХОРООНЫ ДАРГА Д.БАТЦОГТ