Л.Гантөмөр: Японд суралцах 1000 инженерийн шалгуурт нөлөөлөх боломжгүй
Боловсролын сайд Л.Гантөмөр
2014.02.07

Л.Гантөмөр: Японд суралцах 1000 инженерийн шалгуурт нөлөөлөх боломжгүй

Аливаа улс орон шинжлэх ухаан, техник технологийн салбараа бодлогоор дэмжиж, түүнийхээ үр шимийг хэрхэн хүртэж байгаагаар хөгжлийг нь дүгнэдэг.

Тиймдээ ч оюун ухаан, эрдэм мэдлэгийг дэмжсэнээр хэрхэн хөгжиж болдогийг өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс харж болно. Тэгвэл манай улс инженер техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Япон улстай хамтран ажиллахаар болсон  байна. Япон улсад мэргэжилтэн бэлтгэх болон энэ онд салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар Боловсролын сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Япон улсад 1000 инженер сургах талаар яригдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-2012 он аравдугаар сараас Боловсролын яам, Японы Жайка байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Ер нь дэлхий дээр инженерийн чиглэлээр хүмүүсээ сайн бэлддэг улс гэвэл Япон, Герман хоёр.  Германы хувьд Германы технологийн их сургуулийг бид монголдоо байгуулсан. Энэ ажил 2014 онд хүчээ  авна. Барилга байшингаа ашиглалтад оруулчихлаа. Германаас хөтөлбөрийн дагуу багш нар ирж байна. Монголын компаниуд, яамдууд захилагаа өгч оюутнуудаа сургаж эхэлж байна.

Ингэснээр Герман хөтөлбөр дээр инженер бэлтгэх ажил маань эхэлсэн. Мөн бид жил гурван сар Япон талтай оюутан сургах асуудлаар хэлэлцээр хийгээд МУ-ын Ерөнхий сайд Японд хийх айлчлалын хүрээнд санал тависан. Улмаар хоёр улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгаад энэ зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

"Инженер, технологийн дээд боловсрол" нэртэй энэхүү төслийн талаар Боловсролын яамны сайтад байршуулсан байгаа. тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.   Төслийн үр дүнд Японд 1000 гаруй залуучуудыг хоёр жилээр буюу богино хугацаанд сургана. Өөрөөр хэлбэл хоёр жил монголд, хоёр жилд Японд сурах хөтөлбөрийг бий болгоно. Нэгд, монголын инженерийн хөтөлбөрийг Японд хүлээн зөвшөөрөх түвшинд очно гэдгээрээ их ач холбогдолтой.

Хоёрт, Японы сайн инженер бэлтгэж байгаа тогтолцоог өөрийн болгож авч байна. Гуравт, Японы сайн тогтолцоог маш богино хугацаанд маш олон залууст сургаж, манай улс инженерийн бүтэн шинэ үеийг бий болгох юм. Ер нь цаашид МУИС, ШУТИС-т Японы инжененрийн дээд түвшний сургалтыг хэрэгжүүлэх ирээдүй харагдаж байна. Одоо Боловсролын яам, Жайка байгууллага, Эдийн засгийн яам хамтран зөвшилцөлөө богинохон хугацаанд эцэслэж, Хаврын чуулганаар зээлийн хэлэлцээрийг их хуралдаа өргөн барихаар ажиллаж байна.

 Й-Гадаад сурахад ар өврийн хаалганы асуудал их яригддаг. Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулахаар төлөвлөж байна вэ?

-Шалгаруулалт хийх эрхийг бид Японы талд өгнө. Япончууд маш өндөр шалгуураар элсэлт авдаг онцлогтой. Гэтэл АНУ-д тодорхой болзол хангасан авах бол сургуулиуд нь элсэлт авах боломжтой болдог. Тийм болохоор хоёр жил суралцах хүсэлтэй суралцагч Япон талын шалгалтыг давах ёстой. Давах бэлтгэлийг энд монголдоо хоёр жил сурахдаа хийнэ. Тиймээс монгол талаас ар өврийн хаалгаар хүүхэд элсүүлэх гэдэг асуудал яригдахгүй. Японы шалгалтын системийг нь хөндөхгүйгээр хүүхдүүд шалгуулаад шууд элсдэг тэр боломжуудаар хангах юм.

 Й-Дээрх суралцагчдын үр өгөөж Монгол Улсад хэзээнээс мэдрэгдэнэ гэж тооцоолж байна. Ер нь ямар үр дүн авчирах бол?

-Маш богино хугацаанд үр дүн мэдрэгдэнэ. Хэлэлцээр байгуулагдаад үйл ажиллагаа эхэлсэн цагаас МУИС, ШУТИС хоёрын инженерийн сургалтын хөтөлбөр нь Японы түвшинд очих юм. Бид Японоос багш нараа урина, тэдний санал болгож байгаа лабораториудыг бий болгоно. Монголоос багш нараа явуулж сургана. Ер нь дотоодын хоёр том сургуулийн инженерийн сургалтын орчин богино хугацаанд өндөр түвшинд хүрнэ гэж ойлгох хэрэгтэй.

Хоёр жилийн хугацаатай явах учраас анхны инженерүүд гурван жилийн дараа төгсөөд ирнэ. Японоос ирж байгаа инженерийн тоо тав, арав биш 50, 100 гаараа байна. Хамгийн гол нь тэр инженерүүдийг ирэхэд угтаж авах дэд бүтэц, ажлын байраа бэлдэх хэрэгтэй. Японд суралцах докторууд, магиструуд сурлцаад ирлээ гэхэд энд эрдэм шинжилгээний ажил хийх дэд бүтэц хэрэгтэй. Тийм учраас бид бүх чадлаараа Шинжлэх ухаан руу анхаарлаа хандуулж байн.

 й-Боловсролын салбарын хэмжээнд 2014 онд хийгдэх томоохон ажлуудаас танилцуулаач. Мөн энэ онд сургууль цэцэрлэгийн хичнээн барилга байгууламж шинээр ашиглалтад орох вэ?  

-Боловсролын салбарт энэ жил сургалтын  хэрэглэгдэхүүнд анхаарсан жил байна. Энэ ондоо багтааж 200 гаруй сургуульд физик хими биологийн бүрэн лаборатори бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эхнээсээ сургуулиудад хими, биологийн анги танхимууд бий болж байна. Мөн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны кабинетүүдийг бүрэн сурах бичигжүүлэх ажлыг  хийж байна. Их дээд сургуулиудад эрдэм шинжилгээний  ажил хийхэд зориулсан суурь дэд бүтцийг нь өндөр түвшинд бий болгох ажлыг эхлүүлнэ. Энэ нь өөрөө монголын  эрдэмтэд дэлхийд гарахад томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаа.

Сургууль цэцэрлэгийн барилгын хувьд энэ хичээлийн жилд буюу 2013-2014 онд 100 гаруй обьектийг хүлээж авсан. Харин энэ жил 80 сургууль, 30 орчим дотуур байр, 85 цэцэрлэг хүлээж авна. Түүнчлэн 0 төсөвтэй батлагдсан обьектууд төсвийн тодотголоор шийдэгдээд барилгын ажлаа үргэлжлүүлж чадах юм бол бид өнгөрсөн жилээсээ 2 дахин олон барилга хүлээн авах боломж бидэнд бий. Ингэснээрээ цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, сургуулийн хүүхэд багачууд гурван ээлжээр хичээллэж байгаа зэрэг асуудлууд арилах юм. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэх зорилго тавьж байгаа.

 яй-Ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн барилгыг ашиглалтын хугацаа дууссан хэмээн нураасан. 3, 11 дугаар сургуулиудын барилгыг нураагаад удаж байна. Эдгээр сургуулиуд хэзээ баригдаж, үйл ажиллагаа нь хэвийн болох вэ?

-3, 11 дүгээр сургуулиуд Төсвийн хуулиараа л явж байгаа. Энэ хавар барилгын ажил эхэлнэ. Бусад актлагдсан сургуулиудын хувьд ирэх оны төсөвт багтааж, ирэх жил барилгын  ажлууд нь эхэлнэ.

-Хүүхэд харах үйлчилгээний  талаар ерөнхийлөгч болон УИХ-ын нэр бүхий гишүүд ярьж байгаа. Харин та цэцэрлэг сургууль хангалттай болно гэж ярьж байна. Ер нь таны бодлоор энэ үйлчилгээ байх ёстой юу?

-Цэцэрлэг, сургууль бүрэн утгаараа хангагдсан ч гэсэн хөдөө, суман дээр малчны хотонд байгаа ч юм уу нийслэлийн алслагдсан хорооны иргэд хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулахад чирэгдэлтэй байдаг. Тиймээс тэнд амьдарч байгаа хэсэг рүү чиглэсэн хүүхэд харах үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Цэцэрлэгийн хүртээмжийг цаашид 100 хувь болгохын төлөө ажиллаж байгаа. Гэтэл малчны хүүхэд суманд ирээд цэцэрлэгт сурах боломж хомс шүү дээ.

Тийм учраас ямар нэгэн байдлаар бага насны хүүхдийг Сургуулийн өмнөх боловсролын гадна талд үлдээхгүйн тулд хүүхэд харах үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Улмаар хүүхэд харах үйлчилгээ нь давамгайлаад суругуулийн өмнөх боловсрол олгож байгаа цэцэрлэгийн тогтолцоо нь зогсоно гэж бодохгүй байна. Цэцэрлэгийн сургалтын орчин, арга зүйн технологи бол боловсролын бүх байгууллага дотроо манлайлж байдаг газар. Улам цаашаа хөгжөөд явна. Хамгийн гол нь энэ сиситемийн гадна талд хүүхэд үлдэхгүйн тулд энэ үйлчилгээг нэвтрүүлэх ёстой.

ёө