Д.Тэрбишдагва: Оюуны өмчийг баталгаа болгон зээл олгох ажлыг 2014 онд эрчимжүүлнэ
Эрдэмтэн мэргэдэд тархин доторх санаа оноо ололт нээлтээс нь өөр хөрөнгө гээд байх юм байдаггүй гэж хэлж болно. Тэд эрдэм номын мөр хөөгөөд бусад шиг эд хөрөнгө хураах завгүй явдаг.
Тиймээс өөрсдийн санаа оноогоо бүтээл болгож чадахгүй байсаар насыг барах нь элбэг гэж эрдэмтэд ярьдаг. Харин Шинэчлэлийн засгийн газар гарч ирснээр эрдэмтэн мэргэдийн бүтээлийг барьцаалж зээл олгох асуудлыг хөндсөн. Үүнийг ч засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэсэн ч хоёрдох жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа засгийн газар амлалтаа ажил болгож чадахгүй байна.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва:
Оюуны өмч гэдэг бол асар үнэтэй. Бид оюуны өмчөө үнэлүүлж чадахгүй үнэлүүлсэн хэдий ч баталгаажуулж чадахгүй байна. Өдөр шөнөгүй ажиллаж, асар их бүтээл тууривдаг хүмүүст барьцаалах баялаг, компани, үндсэн хөрөнгө гэж байдаггүй. Тиймээс оюуны өмчийг баталгаа болгон зээл авах асуудлыг тавиад эхэлсэн.
Хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. 2014 онд тодорхой оюуны өмчүүдээ баталгаатай болгох чиглэлд алхмууд хийгдэнэ. Мэдээж тодорхой хэмжээний хугацаа шаардах байх. Ямартай ч эхний улиралд тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Эрдэмтдийн бүтээлийг барьцаалж зээл олгох нь эрдэмтэн, мэргэдэд ашигтай гэхээс илүү улс орны хөгжил дэвшилд хамгийн их ашиг тустай гэж хэлж болно. төр нь харж үзэхгүй, зээл авах гэхээр банк барьцаа хөрөнгө нэхдэг гээд улс орны хөгжил урагшлахгүй. Монголчуудын оюун ухаан дэлхийд үнэлэгдэж чадахгүй байгааг эрдэмтэд хэлсээр байна.