Боловсролд ээлтэй засаг дарга нар тодорлоо
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр:
2014.01.13

Боловсролд ээлтэй засаг дарга нар тодорлоо

БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж үйл ажиллагааны цаашдын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулж, хэрхэн хамтран ажиллахаа зөвлөлдлөө.   

Сайд өнгөрсөн  онд нэг ч хүүхдийг орхилгүйгээр сургаж, хөгжүүлэх чиглэлээр боловсролд шинэчлэл хийх  бодлого, зорилтыг тодорхойлон хэрэгжилтийг эхлүүлж багагүй ажил хийснээ уулзалтын эхэнд онцлов.

 Энэ үеэр боловсролын салбарын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн Засаг дарга нарын санал санаачилга, ажилд хандах хандлага, иргэд олон нийтийн оролцоо чухал гэдгийг тодотгоод “Боловсролын газарт буй боловсролын салбарын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэнг тухайн салбарт нь тогтвортой ажиллуулах, орон нутгийн төрийн сантай нь ажлын уялдаа холбоог сайжруулах, энэ онд үүсч болох санхүүгийн хүндрэлийг урьдчилан харах, орон нутгийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөлт гүйцэтгэлийг хариуцах хүнтэй болох, орон нутагт эрх шилжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийн зардлын эх үүсвэрийг Засаг даргын нөөц хөрөнгө эсвэл орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлдэг байх”  гэх мэтчилэн санал тавьж энэ тал дээр  нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа хэллээ.

 Мөн Засаг дарга нарт хандаж “Аливаа сайн зүйл ихээхэн хүч хөдөлмөр, оюун ухаан, хөрөнгө зарцуулснаар бий болдог билээ. “Ном”, “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэхэд Засаг дарга бүр дэмжлэг туслалцаа үзүүлж, орон нутгийн төсвөөс нийт дүнгээр “Ном” хөтөлбөрт 388.1 сая, “Авьяас” хөтөлбөрт зориулж 1.3 тэрбум төгрөг зарцуулсанд талархаад ирэх онд илүү сайн дэмжиж өгөхийг хүслээ.

БШУЯ-наас өнгөрсөн онд боловсролыг хөгжүүлэхийн төлөө санал, санаачилга гаргаж боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гурван Засаг даргыг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгаруулжээ. Тодруулбал, нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа, Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт нар “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар тодорлоо.