УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр:
2014.01.08

Л.Гантөмөр: Эрдмийн ажил хийж, монголд шинэ технологи бий болгох хүмүүсийг дэмжих хэрэгтэй

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахаар болж байна.

Тодруулбал эдгээр ангиудад 12-17 төрлийн хичээл ордог байсан бол цөөлж хүн зайлшгүй сурах цөөн төрлийн хичээлийг судлах болсон байна. Харин их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт практик голлосон хичээлийг багтаасан байна. ажлын талбарт гарч байгаа залуу боловсон хүчин магиструуд аль аль нь олж авсан мэдлэгээ ашиглах чадвартай байхад суралцах хугацаанд нь анхаарахаар болжээ.

Энэ хүрээнд их дээд сургуулиудад багагүй шинэчлэл хийхээр төлөвлөсөн байгаа. Ажлын явцад тулгарч болзошгүй эрсдэлд салбарын яам бэлэн байгаа эсэхийг тодрууллаа.

- Шинэчлэл өөрчлөлтийн хүрээнд МУИС дээр бүтцийн өөрчлөлт хийхэд нилээд эсэргүүцэлтэй тулгарлаа. Бусад сургуулиудад шинэчлэл хийхэд эсэргүүцэл гарах шинжтэй байна?

 УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр:

Тодорхой албан тушаалд байгаа хүмүүсийн зүгээс эсэргүүцэл ирнэ. Гэхдээ эсэргүүцлийг давж байж шинэчлэл хийгдэнэ. Тиймээс эсэргүүцэлгүй сайхан явна гэж харахгүй байгаа ч удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлд багш нарынхаа үгийг сайн сонс, ялангуяа эрдмийн ажил хийж байгаа хүмүүсийнхээ үгийг сонс гэж хэлж байгаа. Эрдмийн ажил хийж, монголд шинэ технологи бий болгох хүмүүсийг дэмжих хэрэгтэй байна.

Бид хэн нэгнийг ажилгүй болгох, зөрүүд бодлого гаргахаас илүүтэй үнэхээр монголын эрдэмтэнд ямар боломж байгааг маш оновчтой хэлбэрээр зохион байгуулах нь чухал байгаа. Сургууль болгон өөрийн онцлогт таарсан шинэчлэлийг хийх болно. Хамгийн гол нь үүний үр дүнд монгол эрдэмтдийн нэр цуу монголдоо бадарч, дэлхийд гарах ёстой.