“Угтаж очих ганц арга нь нээлт”
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” уриалгын дор зарим төрийн байгууллага, яамд, агентлагууд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа өөрчилж, “ухаалаг төр лүү” тэмүүлэх болжээ.
Энэ хүрээнд Монголын ирээдүйг авч явах иргэн бүрийн оюун, мэдлэгийг залан чиглүүлж байх боловсролын салбарт мөн өөрчлөлт хийх нь зүйн хэрэг биз ээ. Тиймээс боловсролын салбар ухаалаг төрийн уриалгад хэрхэн зохицон ажиллах, салбарт юу үгүйлэгдэж байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Боловсролын салбар “ухаалаг” болохын төлөө юу хийж байна вэ. Хамгийн түрүүнд юуг өөрчлөх ёстой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн талаарх энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө манай салбар тодорхой хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Хамгийн эхэнд ил тод, нээлттэй байдлыг хангах ёстой бөгөөд үүнд онлайн системийг нэлээд хөгжүүлэх нь чухал. Ил тод байдалд удирдлагын гаргаж буй шийдвэр, олон нийтийн санаа бодлыг хүлээж авах нь нөлөөлнө. Ингээд шилэн данс гэдэг шиг шилэн түрийвчний системийг нэвтрүүлэх юм. Ингэснээр их, дээд сургуулиудын орлого, зарлагыг тодорхой болох, оюутнуудын төлдөг сургалтын төлбөр юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой.
Өөрөөр хэлбэл, засаглалын шинэчлэл их тодорхой болно. Яваандаа аливаа чухал шийдвэрийг ганц, хоёрхон хүн гаргачихдаг биш, нийтээрээ хэлэлцэн шийдэх боломж нээгдэх юм. Мөн хамгийн чухал асуудал бол Ерөнхийлөгчийн хэлдгээр ухаалаг төрийн анхаарал зүйл нь боловсролын салбарыг удирдаж байгаагийн хувьд, эрх мэдлийг доош нь шилжүүлэхэд анхаарах юм. Үүнд багш, сургуульд боловсролын салбарын эрх мэдлийг олгох талаар ойлгож болно. Бидний хамгийн гол хийсэн ажил бол багшийн хийсэн ажлыг цаасаар биш, хүүхэд бүрийн хөгжлөөр дүгнэдэг боллоо.
Мөн боловсролын салбарын эерэг мэдээллийн сан бий болгохыг зорьж байна. Хүүхдийг зэмэлдэг, хасдаг хандлагыг халж, хүүхдийн амжилтыг дэмждэг, магтдаг болсноор боловсролын салбарт хамгийн чухал сургалтын арга зүйн хандлага нь өөрчлөгдөж байна. Ухаалаг байх ийм л шийдэлд тэмүүлж, алсыг харах юм.
-Боловсролд эрс шинэчлэл хийнэ гэж байна. Энэ эрс шинэчлэлийг хэрхэн хийх юм бэ?
-Хамгийн гол анхаарах цэг нь бол манай салбарт шинжлэх ухаан гэж тодорхойлж байгаа. Жил бүр Нобелийн шагналтан төрдөг шүү дээ. Одоо бэлтгэгдэж байгаа хүүхдүүд ийм л технологийн дэвшилтэй, амьдрахад таатай орчинд байх ёстой. Үүний зэрэгцээ бид Нобелийн шагнал хүртэх хүүхэд болгохын төлөө зорьж ажиллана. Бид шинжлэх ухаанаа яавал дэлхийн тэргүүлэгч болох вэ гэдэг бодлого дээр сууж байна.
-Технологийн дэвшлээр бусад хөгжилтэй орны ард яваа тул яаж тэргүүлэгчдийн эгнээнд хүрэх вэ?
Хүн төрөлхтөний хийж чадаагүй зүйлийн төлөө зорих тэр оролдлогыг бид дэмжинэ.
-Ер нь Монголын аж байдал, хүний хөгжлийг нийлүүлээд харахад шинжлэх ухаан дээрээ анхаарлаа хандуулах орон болох ёстой. Хүмүүсийн мөрөөдөл шинжлэх ухаан, технологийн дэвшил тал руугаа байна уу даа. Хамгийн гол нь бид дэлхийд амжилт гаргахын тулд эрдэмтэддээ том нээлт хийх тоног төхөөрөмжийг гар дээр нь тавьж өгөх хэрэгтэй. Мөн дэлхийн эрдэмтэдтэй холбох, хамтарсан судалгаа хийхэд нь дэмжиж өгөх хэрэгтэй байна.
Шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч болохын тулд одооноос зорьж, Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан. Засгийн газраар батлуулчихвал УИХ-ын хаврын чуулганаар оруулна. Энэ бодлого батлагдсаны дараа шинжлэх ухаанд оруулах хөрөнгө оруулалт, үнэлэх үнэлэмж өөр төвшинд очно. Ингэснээр өмнө нь бид хүнээсбудаа иддэг эсвэл хуулдаг байсан бол шинээр мэдлэг бүтээдэг болох юм. Өөрөөр хэлбэл, бусдын сэдсэн инновацийг дамжуулах биш шинээр бий болгох тал руугаа явна. Монголын төрийн ухаалаг болох арга зам үүнтэй ч холбоотой. Ухаалаг төр юунд мөнгөө зарж, дэмжих үү гэдгээ мэддэг, энэ нь урт хугацаанд үр өгөөжөө өгдөг байх ёстой.
-Шинжлэх ухааны салбар өртөг өндөртэй. Шаардлагатай дэмжлэгийг хангалттай олгодоггүй гэдэг шүү дээ. Үүнийг бодлогын баримт бичгээр шийдэж чадах болов уу?
-Шинжлэх ухааны сан байдаг. Түүнээсээ судалгааны ажлыг ер нь санхүүжүүлнэ. Гол нь санхүүжүүлэх аргачлал дээр асуудал байна. Яг ямар ажлыг бид санхүүжүүлэх ёстой вэ гэдэг нь чухал. Үнэхээр дэлхийд хэн нэгний санаачлаагүйг гаргаж ирснийг санхүүжүүлэх зарчмыг баримталмаар байна. Жишээ нь, манай Нацагням хэлж байгаа.
Бид гадны технологийг Монголд нэвтрүүлэх ажил л хийгээд байвал насан туршдаа мөнгө төлнө өө гэж. Хүн төрөлхтөний хийж чадаагүй зүйлийн төлөө зорих тэр оролдлогыг бид дэмжинэ. Бид малчдаа дэмжээд хөдөө рүү дэд бүтэц тавьдагтай адил эрдэмтдээ дэмжээд өгөх хэрэгтэй. Шууд үр дүн нэг жилийн дараа гарахгүй л дээ. Уйгагүй төрийн бодлого хэтдээ үр дүнгээ өгч, тогтвортой үргэлжлэх юм.
-Технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажилд монгол эрдэмтдээ түлхүү оролцуулах нь ээ?
-Ер нь тэгэж ойлгож болно. Гэхдээ хэт туйлширч болохгүй л дээ. Өнөөдөр бид монгол хүнээс бусад нь хүн биш гэдгээр ерөөсөө хандаж болохгүй юм. Монгол хэзээ хүчтэй байсан бэ гэхээр, Чингис хаан маань гэхэд, бүх шашныг хүлээн зөвшөөрснөөрөө хүчтэй байсан. Дэлхийн шилдэг хүмүүс өөрт нь зөвлөх хийдэг байсан. Тиймийн адилаар зарим нэг гадны хүнээ хөлсөлж аваад хамтарч ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Яваандаа монгол хүн нь илүү гарах нь бидний хүсэл. Тэр хүсэлдээ хүрэхийн тулд глобалчлагдаж байгаа ертөнцөөс өөрийгөө салгах хэрэггүй.
-Одоо улс орны эдийн засгийн өсөлтийг хангахын тулд боловсролын салбарыг бусад салбартай уялдуулах шаардлагатай болж ирж байна. Тэгэхээр бүтээн байгуулалтад боловсролын салбарыг хэрхэн уях хэрэгтэй бол?
-Бүтээн байгуулалт гэдгийг зөв олж харах хэрэгтэй л дээ. Яг өнөөдрийн асуудал болгонд анхаарлаа хандуулаад явбал ирээдүй харагдахгүй. Ирээдүйд ямар байх вэ гэдгийг харах хэрэгтэй. Ирээдүйг төсөөлвөл бүтээн байгуулалтаа шинжлэх ухааны дэд бүтцэд төвлөрүүлэх хэрэгтэй болж байна. Утааг яаж бууруулах вэ гэдэгт эрчим хүч яаж ашиглах вэ гэдэгтэй ижил алсаа харах нь зөв юм. Бид хөгжсөн орны араас яваад хэзээ ч гүйцэхгүй. Угтаж очих ганц арга нь шинжлэх ухааны нээлт.
-Та дээр өгүүлсэнчлэн багш, сургуулиудад эрх мэдлийг шилжүүлнэ гэж байна. Ингэхээр сүүлийн үед олны анхааралд их өртөх болсон багш нар хүүхэдтэй зүй бус харилцах үйлдлийг улам нэмэгдүүлэх болов уу. Яах бол?
-Ер нь арга зүй технологио бид стандарт болгоод гаргачихна. Хуучин хүүхэд юу сурсан байх вэ гэдэг агуулгын стандарт байлаа. Одоо хүүхдээ хүлээдэг, ажигладаг, өөрөөр нь хийлгэдэг аргачлал мөрдөж байна. Багш нарын тэр дарамталдаг байдал нь хаанаас нөлөөтэй байсан бэ гэхээр, дээрээсээ дарамт шахалттай байхаар хүн доороо тэсэрдэг. Тиймээс бид дээрээс ирж байгаа дарамтыг суллаад, асуудлыг доороосоо гаргаж ирээд шийддэг байх юм. Ингэхээр уян хатан, либерали орчин бий болох юм.
-Одоо боловсролын салбарын зарим нарийн асуудал руу оръё. Одооны бүрэн дунд боловсрол 12 жилийн тогтолцоотой байна. Үүнд өөрчлөлт орох уу. Тогтвортой, чанартай сургалтын хөтөлбөртэй байх тал дээр ямар бодлого баримтлах вэ?
-Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоондоо хэвээрээ байна. Мөн зургаан настайдаа сургуульд анх орох тогтолцоо үргэлжилнэ. Үүнд нэг анхаарал хандуулах асуудал нь хөдөөний малчны хүүхдэд яаж боловсрол олгох вэ гэдгийг бид цаашид улам бүр судлан, анхаарах болно.
-Сургуульд анх элсэн орж буй хүүхдэд эхнээс нь хэрхэн шаардлага тавьж, ирээдүйн эздийг хөгжүүлэх вэ?
-Сургуулийн өмнөх боловсол, сургуульд бүгд ижилхэн сэтгэхүй, авъяастай хүүхэд орж ирэхгүй. Хүүхдүүдийн онцлог, авъяаст тулгуурлаж, хөгжүүлэх нь чухал. Ийм цогц тодорхой бодлогыг манай яамнаас хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа энэ бодлогоо барина. Одоо үед цахим засаглал хүчээ авч, янз бүрийн мэдээлэл тархаж байна. Хүүхэд мэдээллийг аваад ялгаж салгадаг байдалд хөтлөхийн тулд бид хичээлээс гадуурх программдаа анхаарч байгаа.
-Цахим засаглал гэснээс, хүүхдүүд цахим хуудсаар их зочлох болж, ном уншихаас төвөгшөөх хандлагатай байгаа. Эргээд хүүхдийг номд дурлуулахад яамнаас ямар бодлогоор дэмжих вэ? Бидний багаасаа уншдаг байсан номыг одооны хүүхдүүд сонирхох нь бага байна. Тиймээс хүүхдүүдийн сонирхлыг татах шинэ номуудаас заавал унших номын жагсаалтад хольж оруулж болох болов уу?
-Болно. Бид хүүхдүүдийг номтой ойрхон байлгах, ном унших сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүгээр хүүхдүүд өөрсдөө ном бүтээлгэж, номноос айж, залхах зүйлгүй, сайхан бүтээл гэдэг итгэл үнэмшил төрүүлэх юм. Нөгөө талдаа одооны хүүхдүүдийн сонирхлыг татсан ном их цөөхөн байна. Тиймээс хүүхдүүдийн сонирхлыг татсан бүтээлүүдийг нэмэх тал дээр онцгой ажиллана. Орчин үеийн хүүхдүүд нүдээрээ мэдээллийг хүлээж авч, ялгаж салгах нь илүү учраас түүнд нь таарсан ном, зохиолыг олшруулна. Жишээ нь, комикс ном, дүрсжүүлсэн хэлбэртэй ч юм уу.
-Сургуулийн өмнөх боловсролын тухайд, намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж том асуудалд унадаг. Үүнийг цэгцлэхээр бүртгэлийг эрт хийдэг болсон. Гэхдээ өнгөрсөн жилийн намар ч нэлээд их оочер, дугаар байсан шүү дээ. Үүнийг ер нь яаж цэгцэлж авах вэ?
-Ийм асуудлыг шийдэх гэж л цэцэрлэгийн бүртгэлийг намарбиш хавархийдэг болсон. Өнгөрсөн жил бол хавар бүртгэлээ хийсэн, намар нь яах ч аргагүй нэмэлт суудалдаа бүртгэсэн. Хаалгаа хаачихаж чадахгүй байна шүү дээ. Амьдрал үнэхээр баян байна л даа. Хавар бүртгэл эхлэхэд нийслэлд байгаагүй, намар нь хөдөөнөөс нүүгээд ирчихсэн аав, ээж хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс өөр яахвэ. Гэхдээ жилээс жилд бүртгэл жигдрээд ирэх байх.
-Багш нар самбартайгаа харилцаад суралцагчтайгаа ойлголцон зааж чадахгүй байна гэдэг шүү дээ. Багш нарыг хэрхэн чадавхижуулах вэ?
-Өнгөрсөн жил бид 26 мянган багшийг чадавхижуулах сургалт хийсэн. Энэ жил үнэхээр самбар дээрээ төвлөрөөд хэлэх гэснээ л хэлдэг багш биш хүүхэдтэйгээ тулж харилцдаг болгох сургалтыг энэ жил дахиад хийнэ. Ер нь бид багш нарыгаа голохоос илүү хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарна. Дараа үеийн багш нарыг бэлтгэнэ. Багш нарын тэтгэлгийг тогтоохдоо цаасаар биш, хүүхдийн юу сурсан, мэдсэнээр дүгнэдэг болсон. Мөн багш бэлтгэх сургуульдаа өндөр оноо авсан хүүхдүүдийг авч, тэтгэлгээр сургаж эхэлсэн. Түүний хажуугаар мэдээж багш болох хүсэлтэй хүүхдүүдийг сургана. Ингэж байж хүний хүүхдэд сэтгэлээсээ хичээл заах юм.
-Энэ жил нийт хэдэн сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын барилга барих вэ?
-Улсын хэмжээнд энэ жил 80 орчим сургууль, 85 цэцэрлэг ашиглалтад оруулах зорилготой. Энэ зорилтоо биелүүлж чадвал гурван ээлжтэй сургууль байхгүй болно. Мөн цэцэрлэгийн хүртээмж 90 хувь руу дөхнө.
-Шаардлагатай төсөв, хөрөнгийн хувьд шийдвэрлэгдсэн үү?
-Энэ жил эдгээр бүтээн байгуулалтад 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай.
-Боловсролын яам боловсон хүчин бэлтгэх нь зүй ёсных. Улсыг хөгжүүлэхийн тулд зах зээлд уялдсан мэргэжлийг хэрхэн бэлтгэж байна вэ?
-Ер нь зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдах ёстой. Эрэлтээс шалтгаалж бид сургуулиуддаа квот өгнө. Ойрын жилүүдэд эрэлттэй мэргэжил дээр том савлагаа гарахгүй байгаа. Ер нь сүүлийн үед нано технологи, инженерийн мэргэжил нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ уул уурхай, барилга, замын салбарын боловсон хүчний эрэлт их хэвээрээ.
-Зөв бичгийн дүрмийг мэдэгдэхгүйгээр өөрчлөөд байгаа мэт сэтгэгдэл олны дунд байна. Аль зөв бичгийн дүрмийг ашиглах нь тодорхойгүй. Тиймээс дүрмийг өөрчлөх эсвэл тогтвортой байлгах тал дээр ямар бодлоготой байна вэ?
-Бид монгол хэлнийхээ хөгжлийг байнга сайжруулж байх л хэрэгтэй. Боловсролын салбар бол амьд организм шиг л хуучнаасаа хэрэгтэйг нь авч үлдэн тухайн цаг үеийнхээ шаардлагаар шинэчлэгдэх ёстой. Гэхдээ нийтээр даган мөрдөх зөв бичгийн дүрэм ойрын жилүүдэд лав тогтвортой байна. Эхний ээлжинд үгийн утгаа мэдэхгүй байна үү дээ. Тиймээс монгол үгийн тайлбар толийг хийнэ гэсэн бодлого чиглэлтэй байгаа.