Сайдыг огцруулах асуудлаар шийдвэр гаргаагүй байна
МАН-ын бүлэг
2014.04.29

Сайдыг огцруулах асуудлаар шийдвэр гаргаагүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Гэхдээ тус бүлэг энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дунд “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаас илүү эдийн засгийг унагасан сайд нарт хариуцлага тооцох ёстой” гэх байр суурь илэрхийлсэн гишүүн цөөнгүй байсан тухай эх сурвалж онцоллоо.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дээрх асуудлаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг Засгийн эрхийг барьж буй нэг хүчин нь оруулж ирсэн. Эл асуудал нууцын зэрэглэлд хамаарч байгаа учраас бүлэг нухацтай хэлэлцэнэ” гэх тайлбарыг хийсэн билээ.

Сануулахад, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт эл асуудлыг хэлэлцээд “Хууль зүйн сайдыг огцруулах нь зөв” хэмээн үзсэн. Тэгвэл эл асуудал энэ долоо хоногийн ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд багтаад байгаа юм.