Номын баяр өдөрлөг зохион байгуулагдана
Номын баяр өдөрлөг зохион байгуулагдана
2014.05.13

Номын баяр өдөрлөг зохион байгуулагдана

Нэг үеээ бодвол залуучууд номыг их унших болсон. Сонирхолтой номнууд ч номын дэлгүүрийн лангуун дээгүүр олноор тавигдаж номын хорхойтой хэн бүхнийг эрхгүй татах болсон юм. МЗХ-ны санаачлагаар номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Номын өдөрлөг нь оюутан залуучуудад номын сан, дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг хүргэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, номын солилцоо, хандивын үйл ажиллагаа өрнүүлэн олон нийтэд номын ач тусыг сурталчилан таниулах онцлогтой. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудтай танилцах, уламжлалт зан заншлаа хөгжүүлж, олон нийтэд танилцуулах, ном зохиолыг судлах боломжийг нээж өгөх, ном эрдмийг хүндэтгэн дээдлэх, оюутан залуусын ном унших идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулах бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд явагдана. Өдөрлөгт Монголын үндэсний номын сан, Интерном, Анар, Аз хур, Миний ном клуб оролцох бол цугларсан номыг хорих ангид хандивлах юм байна.

Мөн энэ өдрүүдээр МЗХ, Монголын Үндэсний Номын сан, Залуучуудын Аялал жуулчлалын корпораци хамтран Үнэт ховор номын музейтэй танилцах аялал зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг 5-р сарын 19-өөс 21-ны хооронд 10:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд МЗХ-ны байрны гадна талбайд болох юм байна.