Г.Шийлэгдамба: О.Баасанхүү гишүүн саналаа татсан нь намын шийдвэр
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.05.19

Г.Шийлэгдамба: О.Баасанхүү гишүүн саналаа татсан нь намын шийдвэр

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.ШИЙЛЭГДАМБАТАЙ ярилцлаа.

-Таныг саяхан О.Баасанхүү гишүүнтэй хамт Солонгос яваад ирсэн гэж сонссон. Ямар зорилгоор явсан юм бэ?

-Миний Солонгос явсан нь сонин зүйл биш шүү дээ. Яагаад гэвэл, намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би сар болгон явж байгаа. Шаардлагатай үед үүнээс ч олон удаа явж байгаа. Намын дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор намын даргатайгаа биечлэн уулзах шаардлага гарсан юм. Тэгээд л яваад ирлээ.

-О.Баасанхүү гишүүний хувьд?

-О.Баасанхүү гишүүний хувьд Солонгосын эмнэлгийн хяналтад байдаг хүн. Үүнийхээ дагуу эмнэлэгтээ үзүүлэх, эм тариагаа авах шаардлагаар явсан. Цаг хугацааны хувьд давхацсан учраас бид хамтдаа явсан юм.

-УИХ-ын   гишүүн О.Баасанхүү тантай хамт Солонгос явж ирээд Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа буцааж татахаар хүмүүс “Намын даргынхаа захиасаар ийм алхам хийлээ. Цаанаа ямар нэгэн тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй” гэх мэтээр ярьж байна. Ер нь танай намын дарга энэ асуудал дээр байр сууриа илэрхийлсэн юм уу?

Нам нь сайддаа хариуцлага тооцох асуудлыг дотроо шийдэх юм. Үүний дагуу Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа татсан юм

-О.Баасанхүү гишүүн намын даргатай уулзсан. Дээрх асуудал болон бусад асуудлаар санал солилцсон байх гэж бодож байна. О.Баасанхүү гишүүн саналаа  татаж авсан нь намын шийдвэр гэдэг нь үнэн. Гэхдээ энэхүү шийдвэрийг Солонгост очиж Н.Энхбаяр даргатай уулзахаас өмнө буюу энэ сарын эхээр хуралдсан намын Гүйцэтгэх товчооны хурлын шийдвэртэй холбоотой. Би энд Ерөнхий сайд болон манай намын дэд дарга Д.Тэрбишдагва нарын гарын үсэг зурсан санамж бичгийн талаар хэлэх гээд байна.

Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор аль нэгэн сайдыг шүүмжлэх асуудал нь нээлттэй. Харин засагт хамтарч байгаагийн хувьд сайдыг огцруулах санал өргөн барих нь зохимжгүй гэж үзсэн. Санамж бичгийн дагуу бол сайдыг огцруулах санал өргөн барих биш намд нь хандах юм. Нам нь сайддаа хариуцлага тооцох асуудлыг дотроо шийдэх юм. Үүний дагуу Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа татсан юм. Мөн О.Баасанхүү гишүүний Х.Тэмүүжин сайдтай холбоотой мэдээллийг тодруулах, нэмж судлах шалтгаанаар саналаа эргүүлэн татаж байгаа гэсэн тайлбар хэлж байна лээ.

-О.Баасанхүү   гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа дахин өргөн барьж болно гэж байсан. Дээрх санамж бичгийн дагуу бол дахин өргөн барих боломжгүй юм биш үү?

-О.Баасанхүү    гишүүн Х.Тэмүүжин сайдад АН болон Засгийн газар хариуцлага тооцохгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа дахин УИХ-д өргөн барина гэж хэлсэн. Гэхдээ энэ асуудлыг АН дотроо ярина гэдэгт найдаж байна.

-Засгийн газарт зөвхөн АН, МАХН хоёр хамтраагүй, МҮАН, ИЗНН-тай хамтран ажиллаж байгаа. Гэтэл яагаад хоёрхон нам нь хоорондоо санамж бичигт гарын үсэг зурж байгаа юм бэ. Танай нам санамж бичигт гарын үсэг зурахаар болсон тухайгаа МҮАН-ын удирдлагуудад хэлсэн үү?

-Эвсэл дотроо гаргаж байгаа шийдвэрийг бол хоёр нам дотроо ярьдаг. МАХН “Шударга ёс” эвсэл дотроо хамгийн олон гишүүнтэй. АН УИХ, Засгийн газар дотроо хамгийн олон гишүүнтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хамгийн олон төлөөлөлтэй намууд үүсч буй нөхцөл байдалтай холбоотойгоор санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ асуудал дээр МҮАН өөр байр суурьтай байж болно. Гэхдээ бүлгийн хурал дээр олонхиороо л асуудлаа шийднэ шүү дээ. Дээрх санамж бичиг нь эвсэл доторх хоёр намын харилцаанд сэв суулгах асуудал биш. Би намын ерөнхий нарийн бичгийн даргынхаа хувиар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гишүүнд АН-тай санамж бичигт гарын үсэг зурах тухай Гүйцэтгэх товчооныхоо шийдвэрийг албан ёсоор танилцуулсан. Өөрөөр хэлбэл, хамтрагчдаасаа нууж ар хударгаар нь хийсэн зүйл биш.

-Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс санамж бичигт гарын үсэг зурцгаасан гэж ойлголоо. Уг нь засагт хамтарч байгаа бүх нам санамж бичигт гарын үсэг зурсан бол Засгийн газар илүү тогтвортой байх юм биш үү?
Санамж бичиг бол гэрээгээр      хүлээсэн   үүргээ зарчмын хувьд тодотгосон албан бичиг.

-Хамтарч Засгийн газар байгуулсан намууд танхимаа тогтвортой ажиллуулахыг л хүснэ шүү дээ. Тиймээс үүссэн нөхцөл байдлыг даваад л ажиллаж байна. Ер нь олонхийг бүрдүүлж байгаа намууд дотроо хариуцлага ярьдаг байя л гэсэн юм. Ингэхгүйгээр өөр бусад намын ашиг сонирхолд нийцсэн байдлаар хөтлөгдөж ажиллах юм бол Засгийн газар тогтвортой байж чадахгүй. Тиймээс үүний дагуу АН, МАХН хоорондоо ярьж байгаад санамж бичигт гарын зурсан юм. МҮАН хамтарсан Засгийн  газарт ажиллаж байгаа эвслийн нэг намын хувьд гэрээний дагуу хүлээсэн үүрэгтэй. Энэ удаагийн санамж бичиг нь Засгийн газарт ажиллаж байгаа бүх нам хооронд байгуулсан гэрээнээс хальсан зүйл биш. Санамж бичиг бол гэрээгээр      хүлээсэн   үүргээ зарчмын хувьд тодотгосон албан бичиг. Засгийн газар л тогтвортой байх ёстой гээд ажлаа сайжруулахгүй, хариуцлага хүлээхгүй байх боломжийг санамж бичгээр олгоогүй.

-Таны Солонгос  яваад ирсний дараах ярилцлагаас МАХН-ын дарга хэзээ Монголд ирэх вэ гэдэг мэдээллийг уншигчид хайх байх. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Н.Энхбаяр даргын эмчилгээний хугацаа хоёр сарын дараа бүрэн дуусах төлөвтэй байгаа. Намын даргаа ирэхээр намын Бага болон Их чуулганаа хийнэ. Тиймээс манай намын хурал тодорхой хугацаагаар хойшлохоор болж байна. Ер нь манай намын дараа хэзээ ирээд, хэзээ хурлаа хийх тухай тодорхой товыг одоогоор хэлэх боломжгүй байна.