Д.Ганхуяг: 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 910 компанийг яах вэ
Уул уурхайн баялгаа ашиглахаас өөр сонголт байхгүй учир Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа хэмээн Уул уурхайн сайд ярилаа. Хуулийн өөрчлөлт нь урт нэртэй хуультай зөрчилдөхгүй бөгөөд харин дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд алт олборлогч, лиценз эзэмшигчдэд ээлтэй байх ажээ.
Хуулийн өөрчлөлтийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг ингэж хариулав.
Газрын хэвлий дэх баялгаа эрж хайх ажил нь ашиглах, олборлох салбараасаа 10-20 жилийн өмнө явдаг. Одоогийн байдлаар зөвшөөрөгдсөн газрынхаа 20 орчим хувьд нь хайгуул хийж олсноо ашиглая гэсэн бодолтой байна. Урт нэртэй хууль батлагдсантай холбоотой Засгийн газрын тогтоол 2012 онд гарч тусгай зөвшөөрлийнхөө 40 орчим хувийг цуцалсан. Нийт 910 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нөхөн төлбөр өгөлгүй цуцалсан.
Нэг ордыг ашиглахад хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийдэг учраас уул уурхайн салбар хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах хэрэгтэй. Хайгуул хийхэд ч эрсдэл ихтэй. Юм олдохгүй ч байж болно шүү дээ.
-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өргөн барьснаар эргээд байгаль орчноо сүйтгэх нь гэсэн хардлага байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
Уг хуулийг өргөн бариад есөн сар өнгөрлөө. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүмүүс голдуу буруугаар ойлгодог. Гэхдээ бид өөр асуудал шийдэх зорилготой. Хайгуулд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулчихсан 910 аж ахуй нэгжийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Төр өөрөө тусгай зөвшөөрөл өгчихсөн байж шийдэлгүй орхиж болохгүй. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль ийм л зорилготой.
Ойрын жилүүдэд бид уул уурхайн салбараас хамааралтай амьдрах нь ойлгомжтой боллоо. Одоохондоо олсон мөнгөө төсөвт хуримтлуулах боломж алга. Ер нь дэлхийн улс орнууд хуримтлалаар хуримтлалыг аривжуулна гэсэн зарчимтай ажиллаж байна.