Эзэндээ үнэнч ноход, сургуулалттай морьдтой хилийн манаа
Хилийн албаны үйл ажиллагаатай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, А.Бакей, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, С.Ган­баатар. Г.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Содбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь, О.Содбилэг нарын гишүүд танилцсан юм.
2014.06.09

Эзэндээ үнэнч ноход, сургуулалттай морьдтой хилийн манаа

“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий”  гэж Ардын уран зохиолч П.Бадарч найрагч бичсэн нь бий.

Бид талын Монголд төрсөн хувьтай ард түмэн гэж цээжээ дэлддэг ч эх орноо хамгаалах, хайрлахыг тэр бүр мэдэрдэггүй. Үнэндээ эх орны минь дархан хилийг  эр цэргүүд, хилчид л хамгаалж, манаж байдаг. Өдөр, шөнөгүй хилийн манаанд зогсож байгаа  хилчидтэй нэг өдрийг өнгөрөөж тэдний ажил, амьдрал, бэлтгэл сургуулилтын нэгээхэн хэсгээс “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэлээ.

ЭХ ОРНЫ ХИЛ ТАЙВАН БАЙНА

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага болон УИХ-ын гишүүд, сэтгүүлчдийн баг хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолбортой танилцсан юм.

Тус цогцолбор нийслэлээс 100 гаруй, Төв аймгийн Баянчандмань суманд байдаг.

Даавуу майханд амьдарч, нар мандахаас жаргах хүртэл тулаан, буудлага, гээд өдөржин бэлтгэл сургуулилт хийдэг тэдний нэг өдөр завгүй өнгөрдөг аж. Мөн тэнд байрлах Хилчдийн цогцолборын шуурхай удирдлагын төвөөс эх орны дөрвөн зүг найман зовхист байгаа хилийн бүх отрядын шуурхай удирдлагын төвтэй холбогддог гэнэ.

Өөрөөр хэлбэл, хиймэл дагуулын тусламжтайгаар хилийн 14 аймгийн хил дээр болж байгаа бүх үйл явдлыг хянадаг гэсэн үг. Энэ үеэр бидэнд хилийн аймгуудтай холбогдож хил дээр ямар байгааг  харуулсан юм. Хаа холын 800-аад километрийн цаанаас хилээр өнгөрч байгаа машинд үзлэг хийх нь том дэлгэцээр харагдаж, үйл явдлыг станцаар илтгэж хийлийн зурваст ажил хэрхэн өрнөж буйг дарга нарт харууллаа.

Ийнхүү бидний өнжсөн өдөр Монгол Улсын дархан хил тайван байлаа. Хилчид өдөр тутмын ажил болох  бэлтгэл сургуулилтаа хийж хил дээр

“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий”

гарч байгаа зөрчил гэмт хэрэгтэнтэй тэмцэхэд ашиглагддаг сургалтын нохой, морийг сургаж байлаа. Энэ өдөр хилийн албанд  зүтгэдэг морь, нохойны үзүүлбэрийг үзүүлсэн нь хэн бүхний сонирхлыг татав. Дайны жилүүдэд ч эх орныхоо төлөө давхисан монгол морьд цэргийн эрдмийг 15-20 хоногт л сурчихдаг гэнэ. Хилийн цэргийн албан хаагчид морин дээрээс юм шүүрэх, морь сэлгэх, давхиан дунд нь буух, мордох үзүүлбэрийг сурмаг гүйцэтгэж байна. Хамгийн сонирхолтой нь сургалтын морьд  буун дуунаас үргэхгүй хэвтэж, босох нь гайхалтай байв.

Дараагийн нэг сонирхолтой үзүүлбэрийг сургалтын нохойнууд хийлээ. Хил зөрчигч, хар тамхи мансууруулах бодисыг илрүүлдэг сургалтын нохойнууд эзнээсээ өөр хүнд итгэдэггүй гэнэ. Тэд эзнийхээ дохиогоор хэвтэх, суух, мөлхөх, хил зөрчигчийг саатуулах гээд олон үйлдлийг гүйцэтгэж байлаа. Бас эзнийхээ нуруун дээгүүр харайж, хил зөрчигчийг морин дээрээс саатуулж, хоёр метрийн ханан дээгүүр саадгүй харайсан нь олныг алмайруулав. Чимээ гаргахгүйгээр мөлхөх, шаардлагатай үед эзнийхээ дохиогоор дуу гаргахыг их сайн сурчээ.

Хоёр хөрш болон гадаадын олон орон хил дээр гэмт хэрэгтэй тэмцэх,хил зөрчигчдийг илрүүлэхийн тулд дэвшилтэт техник ашиглах болжээ. Манай улс ч дутахгүйгээр алсын зайнаас удирддаг нисгэгчгүй нисдэг тэргийг ашигладаг бөгөөд албан хаагчид 7000 гаруй тусгай

Мэргэн буучид танк эсэхгүүцэгчээр байг онов

багаж хэрэгсэлтэй юм байна. Нисгэгчгүй нисдэг тэргэнд тусгай тоног төхөөрөмж суурилуулан удирдлагын төвөөс удирдаж дохио хүлээн авдгийг бидэнд бодитоор үзүүлсэн юм. Хотын биднийг цочирдуулсан нэг зүйл бол мэргэн буучдаас гадна дайсны бөөгнөрүүлсэн хүчийг устгах танк эсэргүүцэгчийн тэнгэр хадаасан их дуу байв. Зөвхөн сургалтынх нь гэнэ. Жинхэнэ нь чих дүнгэнүүлдэг гэж хилийн албан хаагчид хэллээ.

Мэргэн буудагчид хэвтээ, босоо болон хөдөлгөөнтэй байрлалаас байг устгасан юм. Мөн  хилчдийн  хатуу биет хагалах үзүүлбэр ч байлаа. Албан хаагчид нүцгэн биен дээрээ дөрвөн тоосго хагалах, эмэгтэйчүүд нь гурван тоосго хагалах, гардан тулааны үзүүлбэр үзүүллээ. Хилийн албан хаагчдын дунд 2-3 эмэгтэй тоосго хагалж, чадварлаг тулалдаж цэргийн эрдэмд шаламгай суралцжээ. Энэ үеэр болсон урлагийн тоглолтыг  очсон хүмүүс шимтэн үзэж байлаа.

ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ АНХААРАХААР БОЛОВ

Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолбор болон Хилийн албаны үйл ажиллагаатай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, А.Бакей, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр,С.Ган­баатар. Г.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Содбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь, О.Содбилэг нарын гишүүд танилцсан юм. Эрхэм гишүүд эх орныхоо хилийг манаж буй  хилчдийн амьдралтай танилцах бас нэг зорилготой очсон юм. Улс орон, ард түмэн эдийн засгийн хямралд өртсөн энэ үед хамгийн чухал салбар болох хилийн албаны төсөв мөнгийг танаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байв.

 Мөн гадаад орнуудын хил хамгаалахдаа ашигладаг тоног төхөөрөмжтэй харьцуулахад манай улсынх дутагдалтай байгаа учир хугацаа алдахгүйгээр хөрөнгө мөнгийг нь шийдэх хэрэгтэй ч хэлж байлаа. Харамсалтай нь энэ жилийн төсөвт хилийн албаны төсөв танагдсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлсэн юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хилийн зөрчил иргэний хариуцлагатай холбоотой учир хуулийг сахиулах нь чухал. Мөн хилийн албан хаагчдын нийгмийн хангамжийг сайжруулах, мэргэшүүлэх шаардлагатай. Тоног төхөөрөмжийг сайжруулахын тулд 26 тэрбум хэрэгтэй байна” гэв.  УИХ-ын гишүүд хилийн албанд тулгамдаж байгаа, хилчдийн ахуй амьдралтай холбоотой асуудлыг анхааралдаа авч нааштайгаар шийд­вэрлүүлэхээ амласан юм.

БАЙГАЛИЙН ЧУЛУУГ БАРИЛГЫН МАТЕРИАЛ ГЭЖ МЭДҮҮЛДЭГ ГЭНЭ

Энэ үеэр хил дээр гарсан томоохон гэмт хэргүүдийг зургаар дэлгэн үзүүлсэн нь анхаарaл татав. Сүүлийн үед боомт болон боомт бус газраар байгалийн чулуу их хэмжээгээр нэвтрүүлдэг болсон гэнэ. Чулууны наймаа эрхэлдэг бүлэглэлийг ч хилчид илрүүлсэн байна. Байгалийн чулууг барилгын материал гэж мэдүүлээд гаргадаг гэв. Монголоос хил гаргасан чулууг гадаадынхан өнгөлж, эд зүйл хийгээд эргүүлээд өндөр үнээр монголчуудад худалддаг аж. Говийн аймгуудаас 45-85 мянган төгрөгөөр авсан чулууг Хятад руу аваачаад 120-500 мянган төгрөгөөр зардаг байна.

Эх орныхоо торгон хилийг манаж байгаа хилчид нэг жилийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй томоохон 20-иод үйлдлийг илрүүлсэн байна

Энэ оны хоёрдугаар сард солир хилээр давуулсан хэрэг гарчээ. Манай улсад үнэ хүрэхгүй ч Солонгост килограмм нь 80 гаруй ам.долларын үнэтэй байдаг гэнэ. Манай улсад байгалийн төрхөөрөө байгаа  чулууг хилээр давуулж болохгүй гэсэн хуультай байдаг ч монголчууд гадаадынхантай хуйвалдан их хэмжээгээр гаргадаг байна. Мөн Хятад улс руу хулгайгаар мал худалддаг хэрэг ихээхэн ашигтай наймаа учраас олон хүн ийм төрлийн хэрэг хийгээд баригддаг аж.  Монголд 100 мянган төгрөгөөр худалддаг бог мал Хятадад 230-500 мянган төгрөгийн үнэд хүрэх жишээтэй гэнэ. 

“Хар тамхи мансуу­руулах бодис, галт зэвсэг хууль бусаар оруулж ирэх нь ихэсч байна. Харин хар тамхи мансууруулах бодис оруулж ирдэг зарим иргэд өөрсдөө хэрэглэхгүй ч бусдад өндөр үнээр зарахын тулд хэрэг үйлддэг. Жил ирэх тусам ховор ан амьтны эд эрхтэн хууль бусаар гаргах явдал ч буурахгүй байгаа. Алтыг турбон дотор нуух, алтан гинжийг химийн аргаар мөнгөлж хил давуулах гээд хүмүүсийн арга заль, үйлдэл улам нарийсч бай­гаа. Монголчууд гадныхантай хуйвалдаж гэмт хэрэг үйлдэх ханд­лагатай байгаа нь ир­гэ­дийн ухамсартай хол­боо­той” гэдгийг Хил хам­гаалах ерөнхий газрын ху­рандаа Н.Адьяа хэлсэн юм.

 Эх орныхоо торгон хилийг манаж байгаа хилчид нэг жилийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй томоохон 20-иод үйлдлийг илрүүлсэн байна. Сүүлийн үед гэмт хэрэгтнүүдийн арга улам нарийсч байгаа ч хилчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган цаг алдахгүй илрүүлж байгаад талархаж байгаагаа УИХ-ын гишүүд болон холбогдох албаныхан хэлсэн юм.

Сонин содон, хүнд хэцүү бүхний илэрхийлэл болсон хилчдийн нэг өдөр ийнхүү өнгөрсөн юм. Нар шингэж биднийг буцахад нохойгоо сургасаар, марш тактикдаа гүйсээр үлдэв. Улсын минь хил амгалан, хилийн тэнгэр цэлмэг байх болтугай.