Д.Ганбат: МоАХ фракциас намайг дарга болооч гэж хүссэн
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.06.30

Д.Ганбат: МоАХ фракциас намайг дарга болооч гэж хүссэн

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилох шийдвэр гаргажээ. Д.Ганбат гишүүнтэй ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хороог түр даргалахаар болов уу, та?

-Түр даргалах ч бас биш. Үүрэг гүйцэтгэгч гэсэн УИХ-ын тогтоол гарлаа. З.Энхболд дарга намайг Хууль зүйн байнгын хороог удирдаад яв гэсэн нь энэ.

-Тогтоолд түр даргална гэж бичсэн юм биш үү?

-Түр гэсэн юм алга. Үүрэг гүйцэтгэ л гэсэн байна.

-Энэ байнгын хорооны даргад Ж.Батзандан гишүүн нэрээ дэвшүүлсэн. Тэгэхээр яах вэ. Өрсөлдүүлэхгүйгээр томилов уу?

-Дараа нь учир нь олдох байлгүй дээ.

-Таныг томилсон энэ шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үү?

-Чуулганаар ярих эсэхийг нь мэдэхгүй. МАН-ынхан энэ асуудлаар завсарлага авсан. Авах ч эрхтэй. Завсарлагааны хугацаанд үүрэг гүйцэтгэ. Ажил төрөл болохоо байлаа гэдэг утгаар нь З.Энхболд дарга захирамж гаргасан болов уу.

-Хэвлэлээр Ж.Батзандан гишүүн энэ хорооны дарга мэргэжлийн хүн байх ёстой гэж хэлсэн байна лээ. Таны ажил мэргэжлийг үгүйсгэв үү. Бас фракцид илүү давуу эрх олголоо гэсэн хатуухан шүүмжлэлийг тэр хэлж байгаа?

-Хүн юу гэж ярих нь өөрийнх нь асуудал. Гэхдээ тэр хүний ярьсан болгон нь үнэн байх албагүй. Би МУИС-ийг 1999 онд төгссөн эрх зүйч хүн. Намдаа олон жил үнэнчээр зүтгэсэн. Хичээл зүтгэл болоод мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг маань үнэлж АН-ын бүлэг ийм шийдвэр гаргасан гэж ойлгодог. АН-ын бүлэг нь Үндсэн хуульд заасан нэг бүтэц. Олонхийн бүлгээс “Д.Ганбат чи энэ ажлыг хийгээч” гэж хүссэн учраас итгэлийг нь алдахгүй байхыг зорьж байна. Хичээж байна.

-Энд фракцийн тохиролцоо байсан уу?

-Өмнөх дарга Ш.Түвдэндорж өөрөө МоАХ фракцийн хүн. Би ч гэсэн энэ фракцид харъяалагддаг учраас МоАХ-ынхан намайг ажилла гэсэн юм.

-Д.Ганбат гишүүн байнгын хороог удирдсанаар ямар, ямар хуулийн төслийн хэлэлцүүлэгт ахиц гарах бол. Өмнө нь энэ байнгын хороог хангалтгүй ажиллаж байна гэх шүүмжлэл байнга дагадаг байсан?

-Хуулийг нягт нямбай боловсруулж, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн санал бодлыг тусгах болно. Түүнээс гадна судалгаа шинжилгээнд үндэслэж, мэргэжлийн хүнээс эхлээд УИХ, Засгийн газрын санал бодлыг тусгасан, өнөөгийн нийгэмд нийцсэн хууль төрүүлэхийн төлөө зүтгэнэ. Өмнөх ажлыг тийм, ийм гэж яриад яах вэ дээ. Хүмүүс янз бүрээр дүгнэсэн нь бий. Нэлээд сайжруулах, сайн ажиллах шаардлага байна уу гэвэл байна.

-Таныг Х.Баттулгын хүн гэж олон хүн ярьдаг. Өөрөөс нь тань асууя. Та Х.Баттулгын баруун гар нь мөн юм уу?

-Бид нэгэн үйл хэргийн төлөө явж байгаа журмын нөхөд. Нутаг ус нэгтэй, ойролцоо үзэл бодол, итгэл үнэмшилтэй. Хэзээд бие биеэ нөхөж явах найзууд. Х.Баттулга бол УИХ-д гурван удаа сонгогдож, хоёр удаа сайд хийсэн туршлагатай улстөрч. Дээрээс нь МоАХ-ын дарга гэдгээр нь хэлж ярих бүрийг нь сонсоно.

-Таны журмын нөхрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудаж зэмлэсэн. Тусгаар тогтнолыг улстөржүүлж захиалгат нэвтрүүлэг хийлээ гэж?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын уулзалтын талаарх мэдээллийг хэвлэлээс л олж уншсан. Илүү дэлгэрэнгүй сонссон юм алга. Ер нь Ерөнхийлөгч гэдэг бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь.

Тэр тусмаа АН-аас хоёр удаа Ерөнхийлөгчийн алба хаших болсон, МоАХ-ыг удирдаж байсны хувьд бид Ц.Элбэгдорж гэдэг нэгхэн даргатай учраас миний хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн, захисан бүхнийг дагана.Монголын ард түмэн ч гэсэн сонсох ёстой.

Тэр дотроо бид бүр илүү сайн сонсч, дэмжих ёстой.
-Манай улс төмөр замын ямар бодлоготой байх ёстой вэ. Ерөнхийлөгчийн хэлснээр БНХАУ руу нарийн, ОХУ руу өргөн байх ёстой юу?

-Гарсан бодлого шийдвэрийг нь л дэмжээд явах ёстой.

-Засгийн газраас оруулж ирүүлсэн төслийг уншсан уу. Эдийн засгийн байнгын хороогоор хаалттай хэлэлцсэн учраас мэдээлэл бага байна?

-Хаалттай хэлэлцсэн асуудлыг ярихгүй. Удахгүй чуулганаар хэлэлцээд явах байх.

-Д.Ганбат гэдэг гишүүн намаа болоод Засгийн газрын үйл ажиллагааг зад шүүмжилчихдэг нэгэн. Гэвч одоо байнгын хорооны дарга болгочихоод амыг тань хамхих нь гэсэн хардлага байна?

-Хэлэх зүйлээ хэлнэ. Дарга болчихлоо гээд дуугүй суухгүй. Нэг л зүйл хэлье. АН , МАН хоёр монгол гэрээр яривал хоёр багана нь. Хоёр багана нэгнээ түшиж явах нь Монгол Улс, Монголын ард түмэнд хэрэгтэй юм. Мэдээж хэрэг биенээ шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь хэлж өгдөг байх нь зүйн хэрэг.

Гэхдээ улс төржүүлж болохгүй зүйл гэж байдгийг Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Гадаад бодлого, тусгаар тогтнол, хоёр хөршийн асуудлаар Монголын ард түмэн санаа нэг байх ёстой. Миний хувьд Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Мэдээж намуудад улс төр хийдэг зүйл байдаг л байх. Харин улс төр хийж болохгүй зүйл нь тусгаар тогтнол, мөнхийн хөршүүд юм.

-Энэ үгээрээ Х.Баттулга гишүүнийг буруутгаж байна уу?

-Х.Баттулга гишүүн өөрийнхөө үүх түүхийг ярих ёстой. Энэ салбарыг нь удирдаж байсан туршлагатай улстөрчийн хувьд тайлбарлах зүйл байсныг үгүйсгэхгүй.

-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 100 хоног хөтөлбөр талдаа орчихлоо. Хөтөлбөр ямархуу үр дүнтэй гэх вэ?

-Та түрүүн хэлсэн. Намайг намаа шүүмжилдэг гэж. Дахиад хэлье. Шүүмжлэх, алдаа дутагдал байвал хэлээд явна. Өөрөө ч гэсэн шинэчлэлийн үйл хэрэгт гар бие оролцоно. Хариуцлагаас зугтахгүй.

-Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцээд хэд, хэдэн удаа унасан төслийг санаачлагч автор нь өөрчлөгдөөд орж ирж байна. Хяналтын тухай хуулийн төсөл болоод Тамхины тухай хуулийн төслийг хэд, хэдэн удаа оруулж ирүүлсэн. Энэ зөв үү?

-Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Хуулийг дээдлэх ёстой. Бидний баримталдаг ганц зарчим тэр. Хууль тогтоогчид хуулийг биелүүлдэгээрээ үлгэр үзүүлэх ёстой. Хууль биелүүлдэг үзүүлбэр нь байх ёстой.

-Хууль зүйн байнгын хороонд Монголын эрүүгийн эрх зүйн системд өөрчлөлт авчрах нэлээд олон хуулийн төсөл бий. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл, Өршөөлийн тухай хуулийн төсөл гээд?

-АН 2012 онд сонгогдохдоо хууль зүйн салбарт шинэчлэл хийнэ гэдгээ амалсан. Амлалт ёсоор өнөөдөр хууль зүйн салбарт шинэчлэл өрнөж байна. Мэдээж шинэ зүйлд алдаа дутагдал зөндөө гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хууль тогтоогч бидний хувьд шинэчлэхдээ мэргэжлийн хүмүүс, Засгийн газар, гишүүдийн санаа бодлыг сонсч, хамтран ажиллаж байж шинэчлэлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ.

-Өршөөлийн хуулийг хэзээ батлах вэ. Нийгэмд хүлээлт байна?

-Монголын төр, засаг томоохон баярын өмнө алдаж, эндсэн хүмүүст өршөөл үзүүлдэг. Өмнөх Өршөөлийн хууль нэлээд хэдэн жилийн өмнө гарсан учраас цаг хугацааны хувьд энэ хуулийг батлах шаардлага бий. Зарим хүмүүс Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлах юм бол Өршөөлийн хуулийг батлаад хэрэггүй.

Тэртэй, тэргүй Гэмт хэргийн хуулиар ялтан суллагдана гэж байгаа ч батлагдахыг нь хүлээж таарамгүй болоод байна. Эрүүгийн эрх зүйн зарим хууль хугацаа авах учраас өмнө нь Өршөөлийн хуулиа батлах ёстой гэдэгт намын бүлгүүд санал нэг байгаа.

-Хууль эрх зүйн шинэчлэлд таньтай дөрөө нийлүүлэн ажиллах Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хувь хүний асуудал сөхөгдөх боллоо?

-Шүүх гэм бурууг нь ялгаж тогтоогоогүй байхад нь буруутгаж ярьж таарамгүй байгаа юм. Хэн ч юу гэж ярьж болно. Тэр бүхнийг нь үнэн гэж ойлгож болохгүй ээ.

-МАН-ынхан 2013 оны төсөв үрэлгэн болжээ гэж дүгнэсэн. Эдийн засаг хямарчихсан байхад хэдэн сайд нар гадаадад хангалттай зугаалжээ гэж тэд хэлэх юм?

-МАН-ынхантай санал нэг байна. Заримдаа цөөнхи шударга зүйл ярьдаг. Түүнийг нь хүлээн зөвшөөрч байна.