Өнгө төгөлдөр Алтай анхдагч, тэргүүлэгч олонтой
2010.06.29

Өнгө төгөлдөр Алтай анхдагч, тэргүүлэгч олонтой

Говь-Алтай аймгийн 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Нийгэм, улс төр, урлаг, соёлын олон алдар цуутан, нэрт зүтгэлтнүүд э нэ аймгаас төрөн гарсан юм. Алтай нутгаар овоглосон үе үеийн зохиолчид өчигдөр уулзан баяраа тэмдэглэлээ. Зохиолчдын уулзалт гэсэн тодотголтой авч энэхүү уулзалтад сэтгүүлч, дуучин зэрэг урлаг, соёлын салбарт амжилттай ажиллаж буй уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв.

Монголын утга зохиол төдийгүй кино урлаг хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Л.Түдэв энэ уулзалтын хамгийн хүндтэй зочин байлаа. Ахмад, дунд, залуу үеийнхнийхээ дунд тэрээр Алтайн уул шигээ сүрлэг болоод нөмөр түшиг нь мэт харагдаж байв. Хүүхэд байхаасаа л энэ хүний зохиол, бүтээлийг нь уншиж байсан залуу үеийнхэнд тэрээр өнө эртний санагдана. Л.Түдэв анхлан Ж.Гал, Т.Юм-сүрэн, Ш.Шажинбат, Ч.Онгоо зэрэг залуу зохиолчтой хамтран 1950 онд Говь-Алтай аймагт утга зохиолын бүлгэм байгуулж байжээ. Энэхүү бүлгэм 1959 онд "Алтайн өглөө" хэмээх анхны номоо хэвлүүлж Монголын орчин үеийн утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байсан тухайгаа дурсан ярьсан юм.

Зохиолч Л.Түдэв аймгийнхаа 70 жилийн ойд зориулан гаргасан "Өнгө төгөлдөр Алтай" хэмээх Алтай нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын шилдэг бүтээлээс түүвэрлэсэн номын өмнөх үгийг бичсэн аж. Энэхүү номд 70 гаруй зохиолч, яруу найрагчийн бүтээл багтсан байна. "Өнгө төгөлдөр Алтай" номын өмнөх үгэндээ Л.Түдэв "Орчин үеийн Монголын шинэ үеийн уран зохиолын олон зуун боть ном, дууны үг, жүжиг, дэлгэц, киноны зохиол, судлал, шинжилгээний бүтээлийг зуун дамжуулан туурвин урласаар ирсэн зохиолч, авьяастнуудын өнөр өтгөн ам бүл дотор Алтай нутгийн унаган хөвгүүд, охид цөөнх биш харин олонхи бөгөөд нэлээд тохиолдолд анхдагч юм" хэмээн бичсэн байв.

Тэртээ 60 жилийн түүхтэй Алтай нутгийн утга зохиолын бүлгэмийнхэн өдгөө Монголын утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, үеийн үед дуурсагдах уран бүтээлээ бичин үлдээж чадсан юм. Тэр бүхний батал-гаа болох зууны шилдэг роман Ч.Лодойдамбын "Тунгалаг Тамир" энэ л нутгаас төрөн гарсан билээ. Түүгээр ч зогсохгүй одоо ч гэсэн үзэгчдийн үзэх дуртай кинонуудын нэг Ч.Лодойдамбын зохиол "Энэ хүүхнүүд үү", "Зэрэг нэмэхийн өмнө". Бас зохиолч Д.Гармаагийн "Хөхөө гэрлэх дөхлөө" зэрэг олон сайхан киноны зохиолын эзэд Алтай нутгийн хүмүүс. Л.Түдэв гуайн бичсэнчлэн олон салбарт Алтай нутгийнхан анхдагч, тэргүүлэгч байсан нь харагдаж байв. Монголын утга зохиолын салбарт тэргүүн эгнээнд багтаж байсан тэдний хойч үе ч гэсэн хэдийнэ өөрсдийн өнгө төрх, байр сууриа олсон билээ. Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүүжин, Р.Мөнх тариа, Д.Чимгээ зэрэг залуу үеийнхэн нь мөн адил сэтгүүл зүй, яруу найргийн салбарт нэр төртэй хүчин зүтгэж байгаа хэмээн Л.Түдэв болон ахмад зохиолчид энэ үеэр онцолсон юм.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь гэдэгчлэн олон сайхан дууны зохиогчид Говь-Алтай аймгийнх билээ. Энэ нутгаас олон сайн сэтгүүлчид төрөн гарч, сэтгүүл зүйн салбарыг хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Сэтгүүлч Ц.Балдорж, С.Лочин, С.Пүрэв, нарыг өдгөө танихгүй хүн үгүй биз.

 

Энэхүү уулзалтын үеэр ч гэсэн олон сэтгүүлч хүрэлцэн ирж ахмад зохиолчдодоо хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн сэтгүүлч, зохиолчдын дунд Алтай нутгийн тухай нийтлэл, тэмдэглэлийн уралдаан зарлаж байгаагаа "Алтай эрин" сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зарласан. Нутаг нутгийн онцлог өөр байдагчлан энэ нутгаас төрөн гарсан сэхээтнүүд үргэлж салбарынхаа тэргүүн эгнээнд явдаг нь олон алдартнуудын нэрнээс харагдаж байв.

 

Уг уулзалтын үеэр номын үзэсгэлэн, ховор номын дуудлага худалдаа болов. Номын үзэсгэлэнд буй Алтайн нутгийн зохиолчдын олонхи бүтээлүүд хүн бүхний унших дуртай олон ном байв. Утга зохиолоос гадна эрдэм шинжилгээний бүтээл, нутагтаа зориулан нутгийн уул, усны нэрийг багтаасан ном ч байлаа. Тэр болгон уулзаад байдаггүй зохиолчид албан ёсны арга хэмжээнд анхаарал хандуулахаасаа илүү өөр хоорондоо мэнд мэдэж, хууч хөөрөхийг илүүд үзэж байгаа нь энэ үеэр харагдаж байв.

 

Тайзан дээр хэн үг хэлж, юу болж байгааг  ахмад зохиолчид маань тэр болгон үл тоон ганц хоёроороо энд тэнд таран зогссон байв. Зохион байгуулагчид тэднийг суулгаж дэгтэй байлгах гээд чадсангүй. Тэдний нэг нь чангаар "Манай зохиолчид өтлөөд хатуу чихтэй болсон байна шүү. Алив дэг журамтай байгаарай. Зохиолчдоо суугаарай. Дуудлага худалдаа болох гэж байна" гэж хэлээд ч тэднийг суулгаж чадсангүй. Харин тэд "Чи ч хөгшрөөгүй ануухнаараа байна шүү. Нутагтаа хэзээ очсон бэ" гэх зэрэг алиа хошин яриагаа үргэлжлүүлсээр л байв.

 

Ахмад зохиолчдын хувьд бие биеэ хочоор нь дуудаж хөгжилдөн дурсамж яриа өрнүүлэх албаны үйл ажиллагаанд оролцохоос сайхан байсан биз ээ. Харин залуучууд тийм биш ээ. Ярьж хөөрөх нь арай алба-ны шинжтэй. Өөр хоорондоо тийм дотно биш. Гэсэн ч тэд ахмад зохиолчидтой харилцахдаа тэднийг хүндэлж бас эмээсхийн байх шиг санагдсан юм. Утга зохиол хэмээх том далайд өвөрмөц өнгө өнгийн завиараа аялж байгаа тэд эрэг дээр буугаад хууч хөөрч, ам уралдан өөрсдийн харсан сонссон сониныг ярьж байгаа юм шиг. Уулзалтад ирсэн олонхи зочид ахмадууд байв.

 

Тэд яг л хүүхэд шиг аашлан микрофоноор "За зохиолчдоо сууцгаагаарай" хэмээн удаа дараа зарла-сан үгийг нь тоогоогүй учир дуудлага худалдаа ч болсонгүй. Ховор ном зарж бай-сан худалдагч 50 хувийн хөнгөлөлттэй зарж байсан номоо уулзалт тарах үеэр 80 хувь болгож хямдруулсан байв. Мөн зохиолчид аймгийнхаа номын санд өөрсдийн бүтээлийн дээжээс бэлэглэсэн юм. Алтай нутаг дуугаараа алдартай. "Соёл эрдэнэ" хамтлагийн Г.Жаргалсайханы дуунууд, яруу найрагч З.Гүнсэн, Т.Юмсүрэн. Ш.Шажинбат нарын шүлэг, яруу найргийг нь бичсэн дуу одоог хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшсон дуунуудын нэг болсон билээ. Урлагийн бүхий л салбарт хүндтэй байр суурь эзэлдэг Алтай нутгийнхан энэ бүхнээрээ бардамнан энэхүү нутгаар овоглох болсноороо бахархдаг бизээ. Утга зохиол хэмээх нэгэн том салбарт харьяалагдах мөн Алтай нутгийнх хэмээн нутаг нэгт уран бүтээлчдийн уулзалт инээдхөөр, дурсамж яриагаар дүүрэн элэгсэг дотно болсон билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.