Д.Цэвээнжав: Жолоочийн даатгал санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалсан хохирогчгүй даатгал
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2014.07.18

Д.Цэвээнжав: Жолоочийн даатгал санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалсан хохирогчгүй даатгал

Жолоочийн хариуцлагын даат­­галын тухай хуулийн хэрэгжилт богино хугацаанд харьцангуй сайн  байгааг иргэд олзуурхан ярьдаг.

Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн тус хуулийг эхэн үедээ жолооч нар сайн, муу янз бүрээр гоочилж байсан.

Жолооч биш хүн ховор учраас өнөөдөр иргэдийн олонх нь даатгуулахын  ач тусыг дээрх хууль хэрэгжих явцад  гадарлахтайгаа болжээ.

Бодит үр дүн гарч байгаа энэ  хуулийн талаар Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай ярилц­лаа.  

Үе үеийн Засгийн газарт Шадар сайд нарын зөвлөх, Гаалийн ерөнхий газар хэмээх их айлыг удирдаж байсан тэрбээр Жолоочийн хариуцлагын даатгалын  хуулийн хэрэгжилтийг хангах ажилд  бие, сэтгэлээ чилээн  явна. Түүний яриа иргэдэд хэрэгтэй байх болов уу. 

-Жолоочийн хариуцлагын  даатгалын  тухай хууль хэрэгжүүлэх ажлын явц өнөөдөр хэр байна вэ?

-Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны аравдугаар сарын 7-нд баталсан.  

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс  хэрэгжсэн. Уг хууль нь албан журмын даатгалын нэг төрөл юм.

Энэ нь өмчийн эзэн ард иргэдэд  учирсан хохирлыг  тухай бүр барагдуулж байх агуулгаар батлагдсан хууль.

Бусад улсад ийм хууль батлагдаж хэрэгжсэн нь олон жилийн түүхтэй.  Хууль батлагдаад үйлчилж эхлэхэд манайд хэрэгжилтийг хангах байгууллагууд бэлэн байсан уу гэвэл тийм биш.

Ялангуяа даатгалын компаниуд энэ үйл ажиллагаа эрхлэхэд хүний нөөцийн талаасаа мэдээллийн баазын хувьд  бэлтгэл хангагдаагүй байсан. Гэсэн ч хуулийг богино хугацаанд хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх  талаар Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам, Сангийн яам, Зам тээврийн яам, Замын цагдаагийн газар  зэрэг төрийн үндсэн чиг үүргийн байгууллагууд ихээхэн анхаарал тавьж, холбогдох  журмуудыг батлан гаргаж, хуулийг хэрэгжүүлээд явж байна.

Энэ хууль батлагдсантай холбогдуулж УИХ-аас тогтоол гаргаж  сургалтыг шуурхай зохион байгуулах үүрэг өгөгдсөн. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон даатгалын байгууллагууд  хамтран бүх аймагт сургалт зохион байгуулж, зохих зөвшөөрөл олгосон. Түүнчлэн даатгалын компаниудад Жолоочийн хариуцлагын даатгалыг зохион байгуулах зөвшөөрөл олгосон байдаг.  

Энэ үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой нэг шинэ байгууллага бий болсон. Энэ бол Албан журмын даатгагчдын холбоо юм.

Тус холбоог Санхүүгийн зохицуулах хороо зохих чиг үүргийнхээ дагуу байгуулж, эрх үүргийг олгож, дүрмийг баталж өгсөн. Үүний дагуу холбооны Удирдах зөвлөл байгуулагдсан. Зөвлөл нь Сангийн яам, Хууль зүйн яам, Зам, тээврийн яам, Замын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо  зэрэг төрийн байгуулагуудын төлөөлөлтэй байдаг. Удирдах зөвлөл холбооны гүйцэтгэх үүргийг маш богино хугацаанд тодорхой болгож, ажлын алба  байгуулан ажилласан.

-Өнгөрсөн онд хэчнээн мянган тээврийн хэрэгсэл  даатгалд хамрагдав.  Шинэ тутам байгуулагдсан танай байгууллага өнгөрсөн нэг жлийн хугацаанд ямар ажил хийж амжуулсан бэ? 

-2012 онд Монгол Улсын хэмжээгээр 360 мянган тээврийн хэрэгсэл албан журмын  даатгалд хамрагдсан. Үүнийг улсын тоо бүртгэлтэй тулгаад үзэхээр нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 80 гаруй хувь даатгалд хамрагдсан гэсэн тоо бий. 

2012 онд үйл ажиллагаа эхлэхэд тус холбооны санхүүжилтийг  төв­лөрүүлэх асуудал хүнд  байсан. 2012 оны эцсээр холбооны үйл ажиллагаанд зээл авах тухай яригдаж байсан. Шинэ тутам байгуулагдсан байгууллагын боловсон хүчний чадавхи  мэдлэг, дадлага дутагдсан тал бий байх.

Улсын Их Хурал төсөв хэлэлцэх үед төсвөө батлуулж чадаагүйгээс санхүүжилтийн эх үүсвэр бүрдээгүй байсан. Гэсэн хэдий ч санхүүжилтийн нэг хэсэг болох даатгалын компаниудаас даатгалын хураамжийн орлогоос тодорхой хувиар хөрөнгө төвлөрүүлж, үйл ажиллагаагаа зохих  түвшинд явуулж эхэлсэн.

 Өнгөрсөн  онд эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлэх, ажлын албаа зохих ёсоор ажиллуулах, даатгалын компаниуд ажлаа жигдрүүлэх, ялангуяа орон нутагт ажиллаж байгаа төлөөлөгч нарт хуулийн талаар мэдлэг мэдээлэл олгох зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.  

Даатгалын сан  бүрдүүлэхийн тулд  Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогын 10 хувийг орон нутгийн төрийн байгууллагуудаас бүрдүүлэх томоохон ажил 2012 онд хэрэгжиж чадаагүй байсан.

2013 оны хувьд үүнийг хэрэгжүүлээд явж байна.Энэ орлогыг одоогийн байдлаар Дорнод, Хөвсгөл, Хэнтий Завхан гэсэн дөрвөн аймагт орлогоо  зуун хувь төвлөрүүлээд байна. Мөн даатгагч нараас төвлөрүүлбэл зохих орлого бүрэн төвлөрөв.

Даатгалын сангийн нөөц бүрдүүлэх ёстой. Энэ үүрэг ч биелэгдэж эхэлсэн.   Бид энэ онд  жолоочийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд  гол анхаарлаа хандуулсан. Энэ сан бүрдсэнээр гурван үндсэн үүрэг гүйцэтгэх ёстой.

Нэгдүгээрт, жолооч нарын түүхтэй холбогдсон мэдээллийн сан бүрдүүлэх . Ингэхийн тулд мэдээллийн программ хангамж, сүлжээ, зохих серверийг бий болгох ажил байсан.Одоогийн байдлаар энэ ажлыг бүрэн бүрдүүлсэн.Мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд маш олон байгууллагатай сүлжээгээр холбогдсон байх ёстой. Юуны өмнө Монгол Улсын хилээр орж ирж байгаа тээврийн хэрэгсэл түүний арлын дугаар манай мэдээллийн санд байх шаардлагатай. Энэ хүрээнд Гаалийн байгууллагатай юуны өмнө холбогдох учиртай.

Хоёрдугаарт, тээврийн хэрэслийг эзэмшихтэй холбоотой хоорондоо худалдах, бусдад шилжүүлэх хөдөлгөөн байна. Үүнийг бүртгэхийн тулд Зам тээврийн яамны бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон.

Гуравдугаарт, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа өмчлөгчийн хөдөлгөөнүүдийг мөн бүртгэлд оруулах. Тэгэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий газартай  бидний үйл ажиллагаа холбогдсон байх ёстой. Тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой асуудлаар Замын цагдаагийн байгууллагатай холбогдох гэх мэтчилэн олон байгууллагатай манайх сүлжээгээ холбож байж нэгдсэн  систем болж ажиллах юм. Уг ажил хараахан бүрэн дуусчихаагүй.

Зарим байгууллагатай  энэ ондоо багтаж холболт хийхээр ажиллаж байгаа. 

-Мэдээллийн сан бүрдүүлэхийн ач холбогдол юу байх вэ?

Энэ мэдээллийн санг зохих ёсоор бүрдүүлснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн түүх баяжиж даатгалын суурь хураамж дээр нэмж төлөх хэмжээ өсөх, суурь хураамжийн хэмжээ буурах нөхцөл бүрдэнэ. Ослын газарт шуурхай очиж гэм бурууг тогтоож хохирлын хэмжээ зөв тогтооход хяналт тавих шуурхай албыг зохих түвшинд байгуулж ажиллууллаа. 

-Та энэ байгууллагын удирдлагад ирсэнээс хойш нэлээд том ажлуудыг амжуулсан байна.

 -Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр энэ ажилд ирсэн. Даатгалын  сан бүрдүүлснээр ажлын албаны үйл ажиллагааг санхүүжүүлээд зогсохгүй хохирогчдод  нөхөн төлбөрүүдийг олгож байна. Үүний зэрэгцээ дараагийн жилүүдэд нөхөн төлбөрт ашиглаж болох нөөц сан  бүрдүүлж байгаа. Мөн бид мэдээллийн сангаа бүрдүүлээд авлаа. Үүнээс гадна Шуурхай алба бий болгосон.

2012 онд шуурхай албыг зохион байгуулж,  нэг ээлжиндээ дөрвөн хүнтэй  байсан бол энэ онд бид 24 цагаар даатгалын тохиолдлын мэдээллийг шуурхай авдаг, газар дээр нь очиж үйлчилгээ үзүүлдэг дөрвөн  ээлжийн зохион байгуулалттай ажиллаж байна. Шуурхай албыг зөвхөн Улаанбаатарт биш, орон нутагт байгуулах ажил явж байна.

Одоогийн байдлаар бид есөн аймагт Шуурхай алба байгуулаад зохих машин, техникээр бүрэн хангасан. Үлдсэн аймгуудад энэ ондоо багтааж байгуулна. Мэдээллийн сан бүрэн хэмжээгээр ажилладаг болсноор  даатгалын компаниуд  манай мэдээллийн санг ашиглаад даатгуулагчийн түүхийг харах боломж бүрдэж байгаа юм.

Ингэснээр тухайн жолооч маш болгоомжтой  ямар нэг осол гаргаагүй  бол  даатгалд төлөх хураамжийн хэмжээ багасаж байдаг. Хэрвээ даатгалын тохиолдол удаа дараа гаргасан бол тэр хэмжээгээр суурь хураамж нэмэгдээд явах юм. Ийм боломжийг зөвхөн Мэдээллийн нэгдсэн сан бий болсноор ашиглах боломжтой.

Өмнө даатгалын компани дээр даатгуулагч очиход “та өмнө нь осол гаргасан байна. Таны даатгалын хэмжээ нэмэгдэх нь” гэхэд “тэгвэл чамд даатгуулахгүй би өөр таньдаг  мэддэг газраа даатгуулчих минь” гэх маягаар яваад өгдөг байсан.

Тэгвэл одоо нэгдсэн сантай болчихоор тухайн жолоочийн мэдээлэл бүх даатгалын байгууллагад нэгэн зэрэг харагдаж байгаа учраас тухайн жолооч дураараа авирлах боломж хаагдсан. Энэ бол манай даатгалын үйл ажиллагаа шударга, шуурхай, ил тод явах боломжийг мэдээллийн сангаар батлуулж бий болгосон гэсэн үг. 

-Их сонин юм байна. Жолооч нарын хувьд  өнөөдрийг хүртэл даатгалаас хохирол барагдуулсан тохиолдолд даатгалын хураамж нэмэгдэнэ гэдгийг огт мэдэхгүй яваа нь олон байгаа байх.  Жишээ нь  нэг удаа ослын тохиолдол гаргасан суудлын тэрэгний жолоочийн даатгалын  хураамж хэдэн төгрөг  болж өөрчлөгдөх вэ? Та жишээ татаад тайлбарлаад өгвөл сайн байна. 

-Итгэлцүүрээр  хураамжийн хэмжээг дээш, доош болгож тооцох журмыг  Санхүүгийн зохицуулах хорооноос баталж гаргасан. Энэ итгэлцүүрээр есөн нөхцөл заажээ. Жолоочийн даатгал 50 хувь хүртэл багасаж болох, хоёр дахин өсөж болох нөхцөлтэй. Энэ тохиолдол бүр дээр программ үйлчилж байдаг. Түүнээс биш, даатгалын байцаагч, даатгалын ажилтны санаа зоргоос хамаарч хийх боломжгүй.

Жишээлбэл, даатгалтай жолооч  замын хөдөлгөөний зөрчил гаргаж, даатгалын үйлчилгээ авсан тохиолдол гаргасан байх юм бол A, B ангиллын машинд 5.0 сая хүртэл,  C, D ангиллын машинд 10.0 хүртэл сая төгрөгийн хохирлыг даатгалаас төлж өгч болно. Суудлын  тэрэг  бол  жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 33000 төгрөг төлнө. 33000-хан төгрөг төлөөд 5.0  сая  хүртэл төгрөгийн хохирол нөхүүлэх боломжийг хуулиар нээж өгч байгаа.

Хэрвээ ямар нэгэн тохиодол гаргахгүй болгоомжтой сайн жолооч байх юм бол энэ хүний  суурь хураамж буюу 33000 төгрөг нэг жил болоход 31000, хоёр жил болоход 27000 гэх мэтчилэн 10 жил осол гаргахгүй явах юм  бол суурь хураамжийн хэмжээ 16500 төгрөг болтлоо багасаж болно.  

Хэрвээ нэг удаа тохиолдол гаргасан  жолоочийн 33000 төгрөгийн суурь хураамж 51150 төгрөг болж өснө. Хоёр дахь тохиолдол гаргасан бол 80850 болж өсөх жишээтэй. Итгэлцүүрийн хөдөлгөөнийг жолооч нар маань их анхаарах хэрэгтэй. Ийм хөдөлгөөн гардаг учраас жолооч нар өмнө нь танил талаа харж, хураамжаа өсгөхгүйгээр хийж болдог байсан бол одоо Мэдээллийн нэгдсэн санд даатгалын бүх компаниуд холбогдчихсон.

Энэ тохиолдолд хүн худлаа хэлэх аргагүй болсон гэсэн үг. Тэгэхээр Мэдээллийн сан  бий болгосон явдал асар их ач холбогдолтой зүйл. 

-Жолоочийн хариуцлагын даатгалд  хамрагдахын  ач холбогдолыг хууль хэрэгжсэнээр иргэд гадарлахтайгаа болж байна. Мэргэжлийн байгууллагын хүний хувьд та даатгалд хамрагдахын ач холбогдолыг хэлж өгөхгүй юү?

-2012 оноос өмнө зам тээврийн осол, зөрчил үүссэн тохиолдолд тухайн  жолооч нар хэн нэгнийгээ буруутгаад, цагдаа дуудаж байж буруутнаа тодорхойлуулж, буруутан нь хохирол торгуулаа төлдөг байсан. Мэдээж энэ хугацаанд хоёр жолооч ямар их бухимдах нь тодорхой. Тэгвэл одоогийн хуулиар жолооч нар болзошгүй зүйл болсон үед юуны өмнө даатгалын компаниа дууддаг болсон.

Даатгалын шуурхай алба газар дээр нь очоод, хэн нь буруутайг албажуулдаг болсон. Үүний зэрэгцээ учирсан хохирлын хэмжээг үнэлдэг үнэлгээний 18 компани ажиллаж байна. Өөрт хамгийн ойр байгаа үнэлгээний компаниар хийлгэсэн үнэлгээг нь үндэслээд даатгалын компани, даатгалын сан хохирлыг шуурхай нөхөж олгодог болсон.

Энэ агуулгаараа хоёр жолооч хоорондоо муудалцах ямар ч шаардлагагүй болсон. Зөвхөн даатгалын компаниа дуудаад, хохирлын хэмжээгээ үнэн зөв гаргуулах  сайхан боломж бий болсон гэсэн үг.

Энэ бол сэтгэл зүйн хувьд жолооч нарт маш таатай нөхцөлийг бий болгож өгсөн. Нөгөө талаар Замын цагдаагийн байгууллагад учирч байсан асар их ачааллыг хөнгөлж өгсөн. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний зөрчил ослын тохиодлын  53 хувь нь шууд даатгалын байгууллагаар шийдэгдсэн байх жишээтэй.  Өөрөөр хэлбэл, 53 хувиар замын цагдаагийн ажлыг хөнгөрүүлжээ гэсэн үг.  

Хууль гарснаар хохирол амссан хүний хохирлыг гэм буруутай хүний өмнөөс даатгалын компани, даатгалгүй этгээд байвал Даатгалын сангаас шуурхай нөхөж өгч хохирогчийг  хамгаалдаг болсон.

Нөгөө талаар иргэд сэтгэл зүйн хувьд би даатгуулчихсан юм чинь миний өмнөөс хохирлыг төлөөд өгдөг байгууллагатай болсон гэдэгтээ сэтгэл ханамжтай болсон. Энэ бүгдийг аваад үзэх  юм бол энэ хуулийн ач холбогдол асар их байна. Хамгийн чухал нь жолоочийн даатгалд та заавал хамрагдахыг онцгой анхаар.  

-Жолоочийн даатгалаас бүрдэх төлөвлөгөөт орлого хэр бүрдэж байна. Мөн бүрдүүлсэн орлогоос даатгалын нөхөн төлбөрт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэр хэмжээний мөнгө зориулсан бэ?

- 2012 онд нийт 326740 даатгалын гэрээ хийгдэж улсын хэмжээгээр 16 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Үүнээс  мөн онд 5151 даатгалын тохиолдол гарч, 2.1 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Гэтэл энэ  оны  эхний есөн сарын байдлаар 7519 даатгалын тохиолдол гарч, 3.7 тэрбум төгрөг олгоод байна.

Эндээс харахад, жолооч нар даатгалд хамрагдаж сурч байгаа хэрэг.

Нөгөө талаас  хуулийн үр дүнгээр дээрх олон мянган хүн , түүний гэр бүл  хохирлоо шуурхай нөхүүлж авч чадсан байна. Өнөөдөр даатгалын  үйл ажиллагаа эрхэлдэг 18 компани,  тэдний орон нутагт байгаа 213 салбар, даатгалын зуучлагч 18, хохирол үнэлгээний есөн  компани манай холбоотой  нэг баг болж  хамтран ажиллаж байна.  

-Хохирлын хэмжээ суудлын тэрэг дээр хуульд  заасан 5.0  хүртэл сая төгрөгөөс дээш  гарсан тохиолдолд жолооч  өөрөө хариуцах уу?

-Өөрөө хариуцахгүй байж болно. Тэр нь юу вэ гэхээр Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдах ёстой. Энэ бол сайн дурын даатгал. Хэрвээ 9.0 сая төгрөгийн хохирол суудлын тэрэгний жолоочид учирлаа гэж бодъё.

Таван саяыг нь жолоочийн хариуцлагын даатгалаараа нөхүүлээд авчихна. Цаана нь үлдэж байгаа 4.0 сая төгрөгийн хохирлыг тээврийн хэрэсглийн даатгалаар нөхүүлэх боломжтой. 

-Танайх орон нутагт  салбар нээж байгаа гэсэн. Сургалт, байрны түрээс гээд зардал их гарах уу?

-Манай байгууллагад хуулиар заасан гурван томоохон үүрэг байдаг. Нэг нь Шуурхай албыг  Монгол Улсын нутаг  дэвсгэрийн хэмжээгээр байгуулах заалттай. Тэр дагуу  ажиллаж байна. Бид эхний хагас жилд найман  аймгийг Шуурхай албанд ажиллах зориулалтын машинтай болгож өглөө.

Мөн хүмүүсийн цалин, байрны түрээс, мэдээллийн сүлжээг ашиглах интернэтийн зардал гээд 300 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Зөвхөн машин авч өгөхөд 190 сая төгрөг зарцуулсан.  

Дээр нь бусад зардалд 120 сая төгрөг. Одоо үлдэж байгаа  аймгуудад мөн тийм  хэмжээний зардал гарна. Аймаг орон нутагт энэ ажлыг зохион байгуулж өгсөнөөрөө даатгалгүй машин үлдээхгүй байх зорилготой. Хоёр дахь томоохон  үүрэг бол зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг явуулах.

Үүний тулд жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах мэдлэг мэдээлэлтэй болгох,  ард иргэдийг  замын хөдөлгөөнд оролцох боломж нөхцөлийг хангаж өгөх сургалтыг  зохион байгуулах ёстой.

Зөвхөн энэ оны эхний хагас жилд гэхэд 90.0  гаруй сая төгрөгийг зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль  таниулах сурталчилгаанд зарцуулсан байна. Гуравдугаарт,  мэдээллийн сан ажиллуулахад манай нийт зардлын ихэнх нь явж байна. 

 -Жолоочийн хариуцлагын  даатгалын тухай хуулийн бусад оронд хэрэгжсэн туршлагыг судалж үзсэн үү. Бид хаана нь явна вэ?

-Олон улсын түвшинд бид нарийн судалж үзсэн. Жолоочийн хариуцлагын даатгал  бүх улсад  хэрэгжсэн хууль.

Монгол Улс хуулиа   батлахдаа ОХУ-ын хуулийг нэлээд нарийн судалж, түшиглэж боловсруулсан байдаг.  

Хойд хөршид  хариуцаж байгаа газар нь мөн манайх шиг  ийм холбоо гэсэн нэртэй ТББ төрийн үүргийг гүйцэтгэж явдаг. АНУ, Япон  мөн ялгаагүй.

БНХАУ арай өвөрмөц байдлаар зохион байгуулсан.  Тус улсад Санхүүгийн зохицуулах хороо нь энэ үүргээ давхар авч явдаг. БНСУ-ын хувьд 1963 онд батлагдсан хууль хэрэгжиж байгаа. Тус улсад  энэ үүргийг даатгалын институтиуд гэсэн нэртэй байгууллага гүйцэтгэж, 18.0 сая машиныг даатгалд хамруулсан байх жишээтэй. Эндээс аваад үзэхэд манай одоогийн зохион байгуулалт цаашаа зөв явах байх гэж бодож байна.  Бусад улсын туршлагыг аваад үзэхээр төрийн байгууллагууд нь энд тодорхой хэмжээгээр оролцож байж  жигдрүүлсэн байдаг. Монголын хувьд ч гэсэн  хууль жигдэрч хэвштэл төрийн байгууллагын оролцоо байхаас аргагүй.  

-Та  яагаад даатгалын салбартай холбогдсон билээ.

-Би санхүү, эдийн засгийн мэргэжилтэй ч даатгалын салбарт нэлээд гүнзгий орсон хүн гэж болно. Улсын Их Хурал 1994 онд Нийгмийн даатгалын тухай хуулийг баталж нийгмийн даатгалын цоо шинэ төрөл харилцааг бий болгосон юм.Заавал даатгалын нэг хэлбэр.

Нийгмийн даатгалын таван төрлийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд орон нутагт Дархан хотын нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Үүнийг дарханчууд маань ойлгож Улсын Их Хуралд хоёр удаа сонгосон юм. 

Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа ч Нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлуулсан. Ер нь ийм өргөн хүрээнд үйлчлэх хуулийг олон нийтэд хүргэж, ойлгуулах, тэднийг бүрэн хамруулах ажил тийм ч амар зүйл биш. Нийгэмд үйлчлэх өргөн цар хүрээтэй тэр тусмаа төрийн оролцоотой заавал даатгалын төрлийг хэрэгжүүлэх үүрэг удаа дараа биелүүлж байгаадаа баяртай байдаг. Энэ бол төрөөс хүлээлгэсэн том итгэл шүү дээ.  

-Даатгалын үнэ цэнийг монголчууд одоо хэрнээ сайн ойлгоогүй, ойлгохыг төдийлэн хүсдэггүй. Албадлагын шинжтэй зүйл бас л татвар  гэж бодож ирсэн. Жолоочийн даатгал энэ тал дээр ямар өөрчлөлтийг авчрах вэ?

-Зах зээлийн эдийн засагт даатгалын салбар асар  ач  холбогдол бүхий салбар. Монголчууд хэзээнээс нааш “Өргүй бол баян”  гэсэн сэтгэлгээгэр ханддаг. Зээл авбал  болохоо байчих юм шиг ойлгодог. Гэтэл өнөөдөр зээлээр амьдралаа хэвийн явуулах нөхцөл байдаг гэдгийг дэлхийн орнууд  харуулж байна.

Түүнтэй нэгэн адил даатгалын системийн ач холбогдолыг иргэд  сайн мэдвэл өөрт учрах болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах сайхан боломж байгаа. Даатгалын зах зээлийн ач холбогдлыг ард иргэд ойлгоод, ялангуяа жолоочийн хариуцлагын даатгалд сайн хамрагдвал өөрөө ч санхүүгийн эрсдэлээс хамгаалагдана.

Хохирсон хүний хохирлыг шуурхай нөхөх боломж бүрдэж байгаа. Энэ хэмжээгээр ард иргэдийн амьжиргаа ядуурал руу татагдахгүй,  орлоготой байх  боломжийг бий болгож өгч байгаа.

Нэг тоо хэлэхэд,  Монголд авто тээврийн ослоос болж жилд 300 гаруй хүн нас барж, 6000-7000 хүн тахир дутуу болж, тэр хэмжээгээр  өрхийн орлого хомсдож байгаа гашуун туршлага бий. Тэгэхээр  энэ байдлыг  эрс багасгах боломж бол жолоочийн харицлагын даатгал юм.

Ер нь энэ хуулийг сайн зохион байгуулбал үр дүн ач холбогдол нь гэгээлэг харагдаж байгаа. Эцэст нь хэлэхэд, Жолоочийн хариуцлагын даатгалыг тээврийн хэрэгслийн даатгалтай нэг багц болгож даатгалын ажлыг зохион байгуулж үйлчилгээг хөнгөвчилж болох юм.

Ер нь тээврийн хэрэгсэл эзэмшигч , иргэд жолооч нар даатгалд бүрэн хамрагдвал танд учирч болох эрсдэлээс найдвартай хамгаалах боломжийг бүү алдаарай гэж хүсье.