2014.08.15

“Нээлттэй хэлэлцүүлэг”-т долларын ханшийн өсөлт ба эдийн засаг

Ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 1900 төгрөг даваад байна.

Ханшийн чангаралыг эдийн засагчид “Экспортыг дэмжсэн үйлдвэргүй, бүх хэрэглээгээ импортоор хангаж ирсэн Монгол Улсын ганц валют босгодог гарц нь уул уурхайн бүтээгдэхүүн байсан ч дэлхийн зах зээл дээр ханш нь буурсан. Мөн Монголын эдийн засаг хямралд оронгуут гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа зогсоож олсон ашгаа аваад буцсан нь валютын хомсдол бий болоход хүчтэй нөлөө үзүүллээ” хэмээн тайлбарлаж буй юм.

Тэгвэл ханшийн савлагаанаас богино хугацаанд гарах хамгийн боломжит хувилбар юу вэ гэдэгт Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар ямар байр суурь барьж байгааг энэ удаад онцоллоо.

М.Болд: Зээл авах гарц л байна

Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд: Дунд урт хугацаандаа энэ байдлаас гарах арга зам нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Гэхдээ одоогийн нөхцөлд хүлээх цаг хугацаа бидэнд байхгүй учраас гадаадаас зээл авах хэмжээг хязгаарласан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа УИХ өөрчлөх ёстой.

Энэ онд улсын зээлийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар УИХ холбогдох хуулийг баталсан. Нэг үгээр хэлбэл, энэ нь монголчууд өөрөө өөрсдийнхөө гарыг боомилчихсон зүйл. Гаднаас мөнгө өгье гэж байхад “Бид зээл авахгүй, ДНБ-ний 40 хүртэл хувьд л авахыг хязгаартай гээд цаг алдаад сууж таарахгүй.

Олон улсын нөхцөл байдлыг аваад үзвэл Европ, Америк бусад орнууд ДНБ-нээсээ 5-8 дахин их зээл авсан байгаа. Авсан зээлээ үр ашигтай зүйлд зарцуулах л гол зорилго. Их зээл авлаа гээд айдас хүйдэстэй байх нь утга учир муутай. Ашиг олдог хөрөнгө оруулалт руу хийх нь бидний үүрэг. Богино хугацаанд авах арга хэмжээ энэ л байна.

С.Ганбаатар: Айлаас эрэхээр авдраа ух

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Муу зээл гэж байдаггүй, муу зүйлд зарцуулж байна уу, сайн юманд зарцуулж байна уу гэдэг дээр л асуудал бий. Зээл авах уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн шинжээчид ярьж, улстөрчид шийднэ.

Германы нэлээн том эдийн засагч  Ханс Вернер Зинн “Айлаас эрэхээр авдраа ухаа, та нар уул уурхайд хийсэн утгагүй, бэлэн шахуу өгчихсөн гэрээгээ эргэж хараач ээ. Хоёрдугаарт хэрэглээгээ эргэж хараач ээ гэсэн байна билээ. Тэгэхээр эндээс хурдан гарах гол арга бол үндэсний үйлдвэрлэгчээ хүчтэй дэмжих явдал юм.

Монголбанк иргэддээ найман хувийн зээлийг олгож байгаа нь маш зөв. Хэрвээ бид үндэсний үйлдвэрээ, цементийн үйлдвэрээ дэмжвэл жил тутам Эрээн рүү арматур төмөр болж гарч байгаа  970 сая ам.доллар Монголд үлдэнэ, Монголд ажлын байр бий болно. Түүнийг дагаад барилгын болон бүтээн байгуулалтын үнэ цэнэ 30-50 хувь доошоо бууна. Тооцоо судалгаа нь байна.

Харин бид хэзээ үйлдвэрээ босгох вэ гээд яриад байвал шоконд орчихсон хүнд мэдээ алдуулах тариа хийгээд өвчнийг нь мэдрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаатай л агуулга нэг зүйл болно. Тэгэхээр нэг, хоёр, гурван жилдээ бүсээ чангалах. Эхний ээлжинд төмрийн хүдрээ шороогоор нь гаргахгүй хорголжин төмөр хийх юм уу, цагаан ширэм хийх юм бол нэг тонныг нь бид 150-300 ам.доллараар экспортолно.

Үүний үр дүнд Монголд ажлын байр бий болно,  тээвэрлэлтийн зардал бодит өртөг дээрээ маш бага болно. Зэс хайлуулах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр, цементийн үйлдвэр байгуулах асуудлаа шийдээд энэний төлөө Мөнгөний бодлогоо хэрэгжүүлмээр байна.

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна, УИХ, Засгийн газар, Монголбанк олон улсын банк санхүүгийн байгууллагын луйврын эргүүлэгт орчихсон. Монгол Улс төслийн зээл гэдэг маш хортой нөхцөлтэй зээлийг авснаар хүний мөнгийг эргүүлж хүүлж өгдөг үндэстэн болсон. Монголын эдийн засгийг хөндлөнгөөс харах юм бол түрээсийн эдийн засаг, мөнгө хүүлэлтийн эдийн засаг болж хувираад байгаа. Маш хортой муу гэрээ хийдэг, түүнийгээ эргэж харах цаг болсон.

   МҮОНТ-ийн “Нээлттэй хэлэлцүүлэг”-т оролцох үеэр

Нэврүүлгийн үргэлжлэлийн бичлэгээс үзнэ үү.