Б.Гарамгайбаатар: Ченж гэх нь ч хаашаа юм бэ, мөнгө “угаадаг” бүлэглэл бий
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.08.21

Б.Гарамгайбаатар: Ченж гэх нь ч хаашаа юм бэ, мөнгө “угаадаг” бүлэглэл бий

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуул­ган өндөрлөх үеэс сөрөг хүчин болоод УИХ-ын за­рим ги­шүүн эдийн зас­гийн нөхцөл байдал хүнд үед завсарлаж, амрах нь зо­­хисгүй. Ээлжит бус чуул­­ганыг зарлан хурал­дуу­лах нь зүйтэй хэмээж бай­сан?

-Хаврын чуулган зав­сар­лах нь УИХ-ын ту­хай хуулийн заалтын да­гуу явагдсан.

Гэхдээ зав­­сар­лахаас өмнө Эдийн зас­гийн байнгын хорооны зүгээс эдийн зас­гийг идэвх­жүүлж болох хууль эрх зүйн орчнуудыг өөрчлөх гэх зэргээр ярил­цаж шийд­вэрлэх чиг­лэ­лүүдийг нь заасан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын хэд хэдэн тог­тоолын төсөл бат­лагдсан.

Үүний дагуу Засгийн газрыг ажлаа хийх цаг хуга­цаа, нөхцөлийг нь олгоод өгчихсөн. Тиймээс УИХ-ын ги­шүүн болоод байнгын хо­­­рооны даргын хувьд чуул­­­­ган хуулийн хүрээнд зав­­сарлах ёстой гэсэн бо­долтой байсан.

Тухайн үед гишүүд өөрс­дийн санал бодол, байр суурийг илэрхийлсэн байж болно.

Гэхдээ УИХ-ын гишүүд болон Засгийн газраас өр­гөн баригдсан зайлшгүй хэ­лэлцэх шаардлагатай хуул­ийн төслүүдийг ерөн­хийд нь ярилцаж, хэлэл­цээд, хуулийн төс­лүүд гар­­чихсан байсан учраас тө­лөвлөгөөт ажлуудаа гүй­цэтгэсэн гэсэн үзэж байгаа.

УИХ-ын дарга хаврын чуулганы хаалтын үеэр шаардлагатай бол ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж магадгүй гэж хэлж байсан шүү дээ.

Гэвч өнөөг хүртэл ээлжит бус чуулганыг зар­лан хуралдуулах нөхцөл байдал харагдахгүй байгаа учраас л даргын зөвлөл хуралдахгүй байгаа хэрэг. Ер нь хуулийн хэд хэдэн заалт байдаг ч тэдгээрт тохи­рох шаардлага үүсээ­гүй байна.

-Саяхан нэгэн ТББ-аас Монгол Улсын иргэн бүр гурван сая гаруй төгрөгийн өртэй гэх мэтчилэн мэдээллийг олон нийтэд түгээсэн. Тэдний тайлбарлаж буйгаар Чингис хийгээд Самурай бондын зарцуулалт нь буруугаас эдийн засгийн хямралд нүүрлэд байгаа бололтой?

-Нийгэмд янз бүрийн мэдээлэл түгж, түгээж байна. Уг нь манайх цөөн хүн амтай орны хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг зөв зүйтэй дүг­нээд, тал талаасаа ярил­цаж, зөв гаргалгаа олоод, тэр чиглэлээ бариад явбал болох шүү дээ.

Гэвч тэгж чадахгүй, ТББ-ууд өөрсдийн үзэл бодлоороо нэг дүгнэлт гаргаад, төрийн байгууллагууд нь өөр тоо, статистик судалгаа, улстөрийн намууд гээд бүгд өөр өөр зүйл яриад байгаа юм. Үүнийгээ олон нийтэд цацаж байгаа нь улс орны дотоод байдал тогтвортой бус болох нөх­цөлийг үүс­гэдэг. Үнэ­хээр эх орноо гэж бодож байгаа бол энэ асуудлыг ярих, цэгцлэх цаг болсон.

УИХ, Засгийн газар руу дайр­даг шүүмжлэл нь хэрээс хэтэрсэн шүү дээ. Өмнө нь ч байсан. Одоо ч байгаа. УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс л тэнэг байдаг гэдэг нь арай л үнэмшилгүй. Мэд­ээж хаа хаанаа хүн бүр ажиллаж л байгаа.

Хамгийн гол нь мэдээллээ авч буй сувгууд нь л өөр өөр байгаа хэрэг. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг л гол болгох учиртай. Үүнийг Дэлхийн банк болоод олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрдөг.

-Тэгвэл та эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй бай­гаатай санал нийлэх үү?

-Хүн бүрт ойлгомжтой байна л даа. Бид нэлээд амаргүй цаг үеийг туулж байна.

2011-2012 онууд эдийн засаг сэргэлттэй, 17 хув­ийн өсөлттэй гарсан гэх зэргээр ярьдаг шүү дээ.

Тухайн үед тийм байсан байх. Гэвч түүнийгээ зөв зүй­тэй ашиг­лаж чадсан уу гэвэл үгүй.

Тэгж буруу алхсаны ал­дааг зал­руулахын тулд арга, гарц хайж явааг өнөөдрийн дүр төрх харуулж байна. Хууль тогтоомжоо буруу гаргаж, буруу хэрэгжүүлдэг, хийж байсан ажлаа боомилдог, үзэл бодлын янз бүрийн тэмцлүүдээс болоод өнөөд­рийн эдийн засгийн нөхцөл байдал үүссэн.

-Хоёр хөршийн төрийн тэр­гүүн­үүдийн айлч­лалтай холбоотойгоор Монгол Улсын өр болоод өмнөх бондуудын талаар олон нийт нэлээд шүүмж­лэлтэй хандаж байна. Эд­ийн засгийн байнгын хор­ооны даргын хувьд бондын зарцуулалт, үр дүнд ямар үнэлгээ өгч байгаа вэ?

-Мэдээж хоёр улсын төрийн тэргүүний айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гэхдээ энэ үеэр хэлэл­цэгдэх асуудлууд ту­х­айн шатандаа төлөвлөг­дөөд, урьчилсан шатандаа бэлэн болж байгаа. Тий­мээс одоо янз бүрийн мэдээлэл өгөх нь эртдэнэ.

Учиргүй бөөн мөнгө авч ирээд, энд тэндгүй цацна гэсэн ойлголт байхгүй. Хэлэлцээрүүдийн үр дүнгээс хамаарч хөрөнгө оруулалт, зээл тусламжийн асуудал яригдах нь гарцаагүй. Бондтой хол­боотой асуудлуудыг дандаа сөрөг талаас нь шүүж харж, шүүмжилдэг. Зөв, зүйтэй зүйлүүд байж л байгаа.

Гэхдээ бид нэгэнт бонд гаргах зөв­шөөрөл өгчихсөн, тодор­хой салбаруудад хө­рөн­гө оруулалт хийгээд, төс­лүүд хэрэгжээд явж байна. Үр дүн, хугацаа нь хэзээ вэ гэдэг нь тодорхой үе шатууддаа гарч ирнэ. Бага дээр нь алдаагаа засч зал­руулна гэдэг асуудал бол тухайн Засгийн газрын холбогдох байгууллагууд дүн шинжилгээ хийхэд чухал. Бондтой хол­боотойгоор Ерөнхий­лөгчийн байгуулсан бод­логын зөвлөлд УИХ-аас Эдийн засгийн болон Төсвийн байн­гын хороо багтдаг.

Эд­­ийн засгийн байнгын хор­оо тухайн хөрөнгө ор­уулалтыг аль салбарт зар­цуулах вэ гэдэг саналаа оруулж, дэмжих ёстойгоо дэмжчихсэн. Эдийн зас­гийг сэргээж болохуйц дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах нь зүйтэй байсан. Харин дээрх хөрөнгө оруулалт зөв зүйтэй зүйлд зарцуулагдаж уу гэдэгт Төсвийн байнгын хороо хяналтаа тавих үүрэгтэй.

-Гэхдээ эргэн төлөгдөх мөнгийг урт хугацааны төсөлд оруулсан нь буруутгах гол шалтгаан болоод байгаа шүү дээ?

-Өнөөдөр мөнгө аваад, мар­гааш эргэлдүүлээд, нөгөө­дөр буцаагаад өгөх мэ­тээр ярьдаг. Миний хувьд үндсэн суурь баазаа бэх­­ж­үүлэхгүйгээр ган­загын наймаачин шиг ажил­­­­лаж болохгүй шүү дээ. Мэдээж эргэлт хурдан байх тусмаа сайн л даа.

Гэх­дээ тэр эргэлтийг хурдас­гах Монголоос экспортод гаргах, валютын эх үүсвэр олж ирж байх, дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэрүүдийг түрүүлж байгуулах ажлууд чухал. Энэ бол цаг хугацаа авсан ажил. Манай улс үйлд­вэржээгүй учраас дээрх саналуудыг оруулсан. Урьд байсан хөнгөн үйлд­вэрүүдийг сэргээх үйл ажил­лагаанд бондын мөнгийг зарц­уулахаар зүтгэсэн.

Түүнчлэн дэд бүтцийн асуу­дал нэн тэргүүнд тавигддаг учраас хөрөнгө оруулалт хийсэн.

-Хаврын чуулганы төгсгөлөөр эдийн засгийг сэргээх зорилгоор тодор­хой хуулийн төслүүдийг ба­талсан. Өнгөрсөн хуга­цаанд үр дүн харагдаж байна уу?

-УИХ-аас Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төс­­лийг баталсан. Яагаад гэ­вэл эдийн засгийг сайж­руулахад тээг болоод бай­­гаа эрх зүйн орчныг шийд­­вэрлэхийн тулд 14-15 жаг­саалт гаргаад, Засгийн газарт чиглэл өгч, яаралтай зохион байгуулалтад ор­уулж ажилла гэсэн үүрэг өгсөн.

-Түүнчлэн ЭЗЭН-100 хөтөл­бөрийн товлосон ху­гацаа ч дууссан. Хэдийгээр тайлангаа албан ёсоор тавиагүй ч тодорхой хэм­жээний үр дүнг тооцоолж болохуйц байгаа болов уу гэж бодож байна?

-Засгийн газар тогтоолын төслийн хэрэг­жилтийн тай­лан­гаа бэлтгэж өгөх тодор­хой. “ЭЗЭН-100” гэ­дэг нэр өгөөд ажиллаж бай­гаа ажлын хэсгүүдийн тайл­баруудыг хэвлэл мэ­дээл­­лийн хэрэгсэлээс сон­­­сож, уншиж байхад Эд­­ийн засгийг идэвх­жүүлэх тог­тоолын төслийн хэрэг­жилтийн үе шатууд яваад эхэлчихсэн, сууриа тавиад эхэлсэн гэж байгаа.

Гэх­дээ хүмүүсийн хүсэн хүл­ээж байгаа шиг огцом өөрчлөлт гарахгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Улс орон гэдэг нэг айл, аж ахуйн нэгж биш маш том, нүсэр бүтэц учраас зарим хэсэгтээ сайжирч, нөгөө хэсэгт нь сайжрах төлөв орж, зарим нь бахь байдгаараа ч байгаа байх. Хэдэн тоогоор биесээ баалж байгаа нь тийм ч таатай үр дүнд хүргэхгүй л болов уу.

Ерөнхийд нь хэлэхэд Эдийн зас­г­ийг идэвхжүүлэх тог­тоолын төсөл үр дүнгээ өгч байгаа. Тэр дагуу хууль эрх зүйн орчныг өөрчилсөн, хэрэг­жүүлэх ёстой Засгийн га­зар, түүний харьяа бай­гууллагууд дүрэм, журмаа богино хугацаанд хийж, амьдрал дээр хэрэгжих нь ямар шатандаа яваа нь арай өөр асуудал болно л доо. Одоо­гийн байдлаар Засгийн газар тайлангаа тавиагүй бай­хад би өмнөөс нь дүгнэлт хийж болохгүй л дээ.

-Сүүлийн өдрүүдэд валютын ханш жаахан суларлаа. Үүнийг төрийн айлчлалтай холбон, хүч­ээр буул­гасан гэх зэргээр хэлж байна?

-Би өмнө нь бизнес хийж байсан учраас валютын хан­шийн өөрчлөлтийн зовлонг ойлгоно. Тиймээс арай өөрөөр харж байна. Бид өмнө нь валютын ханшийг интервенц хийх аргаар ч юм уу, ямар нэгэн байдлаар дандаа хүчээр барьж бай­сан. Үүнийг зөв гэж хэлдэг хү­м­үүс ч бий.

Гэхдээ бодит ханш нь тухайн үед 1600-1800 байсан байхыг үгүйсгэх аргагүй.

Өнөөдөр ам.доллар 1900 төгрөг хүрээд 30 төгрөгөөр бууж байгаа дүр төрх харагдаж байна л даа. Энэ нь үнэндээ хөөсрөлт байсан. Өөрөөр хэлбэл, валютын хомсдлыг далимдуулаад тоглож байсан хэрэг. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал тодорхой хэм­жээгээр нөлөөлсөн.

Их хэмжээний хөрөнгө ор­уулалт ороод ирчихвэл бид “шатчихаж” магадгүй гэдэг үүднээс нөгөө хүмүүс богино хугацаанд хөөсөө унагаж эхэлж байна.

Түүнчлэн тодорхой валютыг хөөрөгдөж, дун­д­аас нь ашиг олж бай­сан хүмүүс асуудлыг арай түрүүлж хараад энэ алх­мыг хийлээ.

Түү­нээс Монголбанк зориуд ийм ажил­лагаа хийгээгүй. Яа­г­аад гэвэл гаднаас орж ирж буй валют, орлогын түвшин зэргийг харахад ингэж тоглоом хийх боломж­гүй. Цаашид ч айлчлалын үр дүнтэй хол­боо­­тойгоор шууд бус ч гэсэн тодорхой хэмжээгээр валютын ханш тогтворжих байх гэж бодож байна.

Аливаа асуудалд бие биедээ бурууг шидэхээс илүү­тэй тодорхой хэдэн бүлэг­лэлийн тог­лолт явагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Бүлэглэл гэж хэнийг хэл­ээд байна вэ. Валютын чен­ж­үүд Төвбанкны “толгой” дээр суучихсан гэж үү?

-Ченж гэх нь ч хаашаа юм бэ. Ямар ч байсан тийм бүлэг бий. Нөгөөтэйгүүр Засгийн газар, Монголбанк хоорон­дын гэрээнүүдийн даг­уу гурван тэрбум орчим төг­рөгийн хөрөнгө оруулалт хий­сэн.

Өөрөөр хэлбэл, их хэм­жээний нэмэлт бэлэн мөн­гөний хөрөнгө оруулалт хий­хээр түүнийг нь нөхдөг механизм доголдсон.

Бид чинь экспортлогч биш уч­р­аас авсан мөнгөөрөө дан­даа импортоор бараа, бүтээг­дэхүүн авч, нөгөө их хэм­жээний мөнгөө гадагш нь гаргачихаж байгаа юм.

Эд­гээрээс болоод ард иргэд али­ваа тохиолдолд валют ил­үү гэсэн ойлголттой болж, хөөс үүссэн. Үүн­ийг Монголбанк, Сан­гийн яам, Сан­­хүүгийн зохи­цуулах хор­ооны зөвлөл зохицуулах ёстой. Тэд хэр хурдан хуга­цаанд оновчтой шийдэл гаргаж чадаж байна гэдэгт бас асуудал бий.