Ч.Улаан: Бүтэц цомхотгохыг зөв гарц гэж харахгүй байна
Засгийн газрын бүтцийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны байр суурийг сонирхлоо.
Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц өнгөрсөн хугацаанд нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Одоо 19 сайдын тоог цөөрүүлж, шинэ бүтцээр ажиллах гэж байна. Шинэ бүтцийг та хэр оновчтой гэж үзэж байна ?
-Оновчтой, оновчгүй гэдгийг ярихын тулд олон үзүүлэлтийг авч үзэх хэрэгтэй. Засгийн газрууд өөрийнхөө хэрэгжүүлэх бодлого, түүнийхээ тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулж, бүтцээ уян хатан тогтоодог хууль эрх зүйн тогтолцоотой. Шинэ засгийн газрууд байгуулагдахад Ерөнхий сайд бүтэц бүрэлдэхүүнийхээ хуулийг шинэчилж баталдаг. Ингээд их хурлаас баталж өгсөн мөрийн хөтөлбөрийг ямар бүтцээр хэрэгжүүлэх вэ гэдгийг тогтоодог.
Тиймээс бүтэц бол хэрэгжүүлж байгаа зорилтынхоо онцлогтой уялдуулаад харилцан адилгүй байх нь зүйн хэрэг. Ер нь бүтцийг аль болох оновчтой болгох, хэмнэлттэй байлгах, давхардал, чирэгдэл гарахгүй байх мөнхийн асуудал. Төр, захиргааны байгууллагын хүнд суртал байгаа учраас үүнийг байнга сайжруулж байх ёстой.
Манайд Ардын хувьсгалын дараа 1924 онд Засгийн газрын тогтоол гарч, бүтэц бүрэлдэхүүнээ цомхон болгож, зардлаа бууруулъя гэж ярьж байсан байдаг юм. Түүнээс хойш 90 жил боловсронгуй болгосоор ирсэн, одоо ч тэр жишгээр явж байна.
Цаашид ч хийгдэх асуудал. Тухайн цаг үеийн онцлогоос хамаарна. Гэхдээ одоогийн нөхцөл байдлын хувьд бүтэцдээ асуудлын гол байгаа юм биш. Тоондоо ч байгаа юм биш. Ажлаа хэр хариуцаж ажиллаж байна, хэр үр дүнтэй хийж байгаа вэ гэдэгт л асуудал бий.
-Тэгэхээр ямар байвал зохистой бол ?
Ер нь онолын хувьд аваад үзвэл манайх шиг олонхи байхгүй, парламенттай, эвслийн Засгийн газар байгуулсан ийм үед орон тоо, зардлыг бууруулах биш, төр засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс харин ч тоо зардлаа, нэмэгдүүлдэг хандлага олон улсын төвшинд түгээмэл байдаг.
Тэгэхээр өнөөдөр бүтэц чухал уу, төр засаг тогтвортой, ажил нь үр дүнтэй байх нь чухал уу гэдгийг бодолцож бүтцээ тогтоох хэрэгтэй. Ингэж олон талаас нь л бодож судалмаар байгаа юм. Манай улсын хувьд өнөөдөр бууруулах зорилго тавьж байгаа нь цаг үеэ олон асуудал биш.
-Одоо хийх гэж байгаа өөрчлөлтөөр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэх гэж байгаа. Нийлүүлсэн нь дээр үү, тусдаа байх нь зөв үү ?
Эдийн засгийн яам нь бодлого боловсруулж,алсыг харах, улс орны хөгжлийн зүгийг тодорхойлж байх стратегийн удирдлагын байгууллага.
Би эдийн засгийн хөгжлийн бие даасан бүтэцтэй байх ёстой гэж үздэг. Би эдийн засгийн төв байгууллагад ч ажилласан, Сангийн яаманд ч ажилласан, хоёр яамны нэгдсэн бүтэцтэй байхад ч ажилласан. Энд анхаарах, зааглах ёстой асуудал бий. Бодлого боловсруулах, холыг харах, хөгжлийн үе шат эрэмбийг тогтоох асуудал бол өдөр тутмын үйл ажиллагаатай хутгалдах ажил биш.
Тиймээс энэ хоёр яам тусдаа бай ёстой. Эдийн засгийн яам нь бодлого боловсруулж,алсыг харах, улс орны хөгжлийн зүгийг тодорхойлж байх стратегийн удирдлагын байгууллага. Сангийн яам бол өдөр тутмын ажиллагааг зохицуулж байх ёстой шуурхай удирдлагын байгууллага. Тэгэхээр энэ чиг үүргээ зөв хуувираад явсан бол үр дүнд хүрэх ёстой.
Харамсалтай нь Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаад богино хугацаанд ажилласан боловч ийм зохион байгуулалтад орж чадсангүй. Хоорондоо ажлын уялдаа, зохицуулалт, чиг үүрэг ялгарч чадаагүйгээс болоод зарим хүн Эдийн засаг хөгжлийн яам байгуулах хэрэг байсан ч юм уу,үгүй ч юм уу, нэгтгэх нь дээр гэсэн эргэлзээтэй байгаа нь үнэн. Ер нь бол тусдаа байгаад ажлаа зөв зааглах нь оновчтой.