С.Эрдэнэ: Аавынхаа амьдралаа зориулж, зүтгэсэн спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж явна
Энэ сарын 14-23-ны хооронд Тайландын Пукет хотноо Азийн элсний IV наадам болно. Гэтэл уг наадамд бэлтгэж байсан манай сагсан бөмбөгийн шигшээ баг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүсэлтээр оролцох боломжгүй болсон талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамир ярьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.
-Таныг сонгуульд олон хүний санал авахын тулд Монголын сагсан бөмбөгийн холбооны ажилд санаархан, сагсан бөмбөгийг улстөржүүлж байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн холбооныхон яриад байгаа. Үүнд та байр сууриа илэрхийлэхгүй юу?
Б.Тамир гэж хууль бус нөхөр байгаа л даа. Шүүхийн шийдвэрээр хууль бус гэдэг нь тогтоогдчихсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээр энэ нөхрийг хууль бус гэдгийг нь тогтоосон.
Би Баянгол дүүргийн сонгогчдоос сонгогддог. Сагсан бөмбөг гэдэг бол улс, үндэсний хэмжээний спорт, тийм биз. Гэтэл тийм утгагүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Би баянголчуудынхаа төлөө хийх ёстой ажлаа хийгээд зүтгээд л явж байгаа. Намайг дахин сонгох уу, үгүй юу гэдгийг баянголчууд л мэднэ шүү дээ.
Түүнээс биш сагс тоглодог хүмүүс шийдэхгүй. Спорт болохоос улс төр биш. Эд нар өөрсдийнхөө бодож яваа юмаа л ил гаргаад хэлчихлээ л дээ. Спортыг улс төрд ашигладаг, улс төр болгож, хутгаж завааруулдаг, өнөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг шиг л бүх юмаа хэлчихлээ. Цаана нь байгаа эздийнхээ үг, бодол санааг хэлчихэж байгаа байхгүй юу.
Би бол энэ Б.Тамирыг бодох юм бол сагсан бөмбөгийг тоглож өссөн. Сагсан бөмбөг тоглож өсөөгүй хүн ч гэж бараг байхгүй байх. Бүхий л залуус, хүүхдүүд тоглодог спорт. Би энэ спортод өртэй хүн. Тийм учраас би энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Миний аав амьдралаа, бүх насаа энэ спортод зориулсан.
Аав маань жаран хэдэн онд Багшийн дээдийн биеийн тамирын ангийг төгсөөд хотын спорт хороонд анх очоод дараа нь Анагаахын дээдийн биеийн тамирын багшаар 15, 16 жил ажилласан. Бүхий л амьдралдаа миний аав сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө бүхнээ чиглүүлж ажиллаж байсан спортын ийм л хүн.
Би аавынхаа амьдралаа зориулж зүтгэж явсан энэ спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж яваа. Түүнээс биш надад Б.Тамирын яриад байгаа шиг тийм шаардлага ерөөсөө алга. Би чинь өөрийн гэсэн тойрогтой. Өөрийн гэсэн сонгогчидтой улстөрч. Энэ хүн шиг зуугуул юм яриад явах шаардлага надад байхгүй.
Түүнээс биш сагс тоглодог хүмүүс шийдэхгүй. Спорт болохоос улс төр биш.
-Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-г хууль ёсных. Харин танай Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог албан ёсных биш. Тэмцээнд МСБХ-г урьдаг талаар ярьсан байна билээ?
Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хуучин Монголын сагсан бөмбөгийн холбоо байхдаа олон улсын гишүүнчлэлээ авчихсан. Би сагсан бөмбөгийн холбоог ерөөсөө үгүйсгэдэггүй.
Яагаад гэвэл энэ сагсан бөмбөгийн холбооны Тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар нь миний аав ажиллаж байсан. Миний аав Монголын сагсан бөмбөгийн холбоог анх үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг шүү дээ. Ууган мастеруудын нэг. Тэгэхээр би юу гэж аавынхаа байгуулсан, зүтгэж ажиллаж явсан холбоог үгүйсгээд байх вэ дээ.
-Тэгвэл Үндэсний сагсан бөмбөгийн холбоог яагаад байгуулсан юм бэ?
Сагсан бөмбөгийн спортын үйл ажиллагаанд оролцъё гэхээр Монголын сагсан бөмбөгийн холбоог хэдхэн хүн өмчлөөд авчихсан. Тэд хурлаа хийдэггүй, энэ спортын төлөө юу ч хийдэггүй.
Худлаа л яриад байдаг. Жилд болсон болоогүй гурав, дөрвөн тэмцээн зохион байгуулдаг. Тэрнээс заалнаас олсон тав арван цаасны орлогоо хувааж идээд сууж байдаг ийм л хэдэн хүмүүс байсан ш дээ. Энэ спорт уначихсан, бүр байхгүй болчихсон байсан.
Үндэсний холбоог байгуулах болсон гол шалтгаан нь юу байсан бэ гэвэл ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг манай аав 1992 онд санаачилсан юм. Уг тэмцээнийг жил бүр зохиодог уламжлалтай болгосон. Тэмцээний хамрах хүрээ өргөн, насаараа энэ спортоор явчихсан хүмүүст тэмцээнтэй болно гэдэг сайхан шүү дээ.
Ц.Мөнх-Оргилыг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байхад хоёр, гурван удаа санал тавьж, энэ тэмцээнийг чинь ивээн тэтгэе, та нар зохион байгуул аа, энэ тэмцээнийг анх санаачилсан спортын мастер Д.Содномзундуйн нэрэмжит ахмадын УАШТ болгож зохиоё гэсэн чинь за гэж хэлсэн. Харамсалтай нь "За" гэж хэлчихээд ёстой жинхэнэ улстөржүүлээд ахмадын УАШТ-ийг манай аавын нэрэмжит болгож өгөөгүй юм.
Хоёр, гурван жилийн турш би ивээн тэтгэе, хамтарч зохион байгуулъя гэхэд намайг хүлээж аваагүй. Намайг дандаа үгүйсгэж, эхний жил нь Дарханы ойн нэрэмжит болгоно, дараа нь Дорнодын ойн нэрэмжит болгоно гээд хэдэн тийш нь бултуулаад байсан юм. Тэгэхээр нь би сүүлдээ Ц.Мөнх-Оргилд "Ямар муухай юм бэ. Тэгж яривал манай аав танай намын гишүүн хүн. Энэ спорт, холбоог нь үүсгэн байгуулаад өөрийнхөө амьдралыг зориулсан хүн. Гэтэл чи яагаад ийм зан гаргаад байгаа юм. Би үүгээр улс төр хийх гээгүй.
Би аавдаа л буян болох гэсэн юм. Амьдралаа зориулсан спортынх нь нэг тэмцээнийг өөрийнх нь нэрэмжит л болгоё гэсэн юм" гэж хэлж байлаа. Тэгээд болдоггүй юм бол Монгол Улсын иргэнийхээ эрхийг эдэлнэ гээд залуучуудтайгаа ярьж байгаад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулсан. Байгуулагдаад гурван жил гаран болж байна.
Би аавдаа л буян болох гэсэн юм. Амьдралаа зориулсан спортынх нь нэг тэмцээнийг өөрийнх нь нэрэмжит л болгоё гэсэн юм" гэж хэлж байлаа.
Холбоогоо байгуулаад жил гаран болж байлаа. Тэр үед үндсэндээ сагсан бөмбөгийн спорт уначихсан байсан. Яаж босгох вэ гэж яриад Үндэсний супер лигийн тэмцээн байгуулъя, залуучууд үздэг сонирхдог, бүтэн тав, зургаан сар үргэлжилдэг, яг Америкийн NBA-гийн системээр явуулъя гээд.
Тэгээд гадны легионер тамирчдыг оруулж ирье. Тэгж байж тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхгүй бол дотроо л яваад ахихгүй байна, шинэ түвшинд гарч ирж чадахгүй байна гэж яриад анхны жил 14 легионер авчирсан. Та бүхэн мэдэж байгаа. Ямар гоё өрсөлдөөнтэй тэмцээн боллоо, таван сарын турш.
-Дараа нь дахиж легионер тамирчид ирсэн байх аа?
Ноднин дахиж 21 легионер орж ирсэн, анх удаа. Олон улсын шүүгч нар шүүсэн. Ямар сайхан, өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтууд болсон билээ. Тэгтэл нөгөө сагсан бөмбөгийн холбоо юу хийсэн бэ. Юу ч хийгээгүй. Хэрүүл л хийгээд байсан. Бидэн рүү л дайраад байсан. Бид ерөөсөө хэрүүл хийгээгүй. Өнөөдрийг хүртэл дуугараагүй. МСБХ дотроо зөрчилдөж эхэлсэн.
Дотроос нь өөрсдийнх нь ахмадууд, шүүгч нар, тамирчид шүүхэд өгсөн. Монголын сагсан бөмбөгийн холбоо хурлаа хийхгүй байна, хууль бус байна гээд. Шүүх түүнийг нь шалгаад Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчсөн байна, хурлаа хийгээгүй байна, татвар төлөөгүй байна, өр авлагатай гэдэг нь үнэн юм байна гэдгийг нь тогтоосон.
Тийм учраас хууль бус хурлыг нь хүчингүйд тооцоод, хурлаа дүрмийн дагуу хийх үүргийг Монголын сагсан бөмбөгийн холбоонд өгсөн байхгүй юу. Өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй яваад байгаа юм, эд нар. МСБХ Шүүхийн шийдвэрт нийцүүлээд, ТББ-ын тухай хуулийн дагуу жил бүр тайлангаа тавиад явж байх ёстой.
Гэтэл энэ холбоо хурлаа арван жил хийгээгүй. Тэгээд эд хөрөнгө шилжүүлж байгаа биш дээ. Ц.Мөнх-Оргил нь тамгаа Ч.Ганхуягт "Май" гээд өгчихсөн. "Талх" Ганхуяг нь тамгаа бас дураараа Б.Тамир гэдэг нөхөрт өгчихсөн. Гэтэл уг холбоо улсын бүртгэлд ерөнхийлөгч нь Ц.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга нь Б.Дашдорж гэсэн бүртгэлтэйгээр одоо болтол байж л байна.
Манай лигийн тэмцээн энэ сарын 15, 16-нд нээлтээ хийх гэж байна. Легионер тамирчид маань эхнээсээ ирчихээд байна. Тэгэхэд мөн л нөгөө хэрүүлээ дахиад л хийгээд эхэллээ. Дахиад л С.Эрдэнэ рүү дайраад. Бүхий л мэдээллийн хэрэгслээр айхавтар дайрч байна. Би нэг ч удаа хэрүүл хийгээгүй. Өнөөдөр анх удаа л хийх гэж байна.
-Таныг Азийн элсний IV наадамд сагсан бөмбөгийн шигшээ багийг оролцуулахгүй байх хүсэлтийг Монголын үндэсний олимпийн хороо руу илгээсэн гэх юм?
Би олимпийн хорооны Д.Загдсүрэнд нь ч хэлсэн, тэр Ц.Дамдинд нь ч хэлсэн. Энэ тамирчдыг явуулчих аа, та нар яагаад тамирчдыг хориод байгаа юм бэ. МСБХ-ны үйл ажиллагааг Шүүхийн шийдвэрээр зогсоочихсон. Пукетийн наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багийг олимпийн хорооны нэр дээр л явуулчих ёстой байхгүй юу. Яагаад үүнийг улстөржүүлээд бүхнийг С.Эрдэнэ зориуд болиулчихсан юм шиг над руу дайраад байгаа юм.
Би олимпийн хороонд бичиг явуулахдаа "Та нар яагаад шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа юм бэ" гэдэг л шаардлага тавьсан. Түүнээс биш тамирчдыг яалаа гэж тэгэх вэ. Тамирчид маань тэмцээнд явж л байвал сайн шүү дээ.
Сая манай оюутан залуус Азийн аваргад яваад бас л бөөн шуугиан тариад ирлээ. Тайванийг нутаг дээр нь хожоод, Макаог хожлоо. Хятад, Тайвань хуйвалдаж байгаад манайхыг хэсэгт нь унагаачихлаа. Гэсэн ч тавдугаар байрт ороод л ирж байна. Азийн аваргад Инчеоны наадамд явсан тамирчдаас нэгийг нь өрсөлдүүлээгүй.
Бид зориуд явуулаагүй. Яагаад гэвэл сагсан бөмбөг ийм хэмжээнд өсч хөгжиж байна гэдгийг харуулахын тулд дандаа шинэ хүүхдүүд явсан ш дээ. Очоод бужигнуулаад ирлээ. Энэ бүхэн хэний ач вэ. Сагсан бөмбөгийн холбоо мундагтаа ийм болгочихсон юм уу. Үгүй л байхгүй юу. Гадны өндөр зэрэглэлийн легионерууд, шүүгч нар орж ирж байна.
Тэгэхээр ижил царайтай азиудаасаа бүр айхгүй биз дээ. Тэд нарыг үл тоож байгаа юм чинь. Үүнийг л ойлгохгүй байна даа.
Манай лиг бүтэн өвөлжингөө, хавар тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Ийм урт хугацаанд гадны тамирчид багт нь орж өрсөлдөөд байхаар тэднийг дагаад тамирчид маань хөгждөг юм байгаа биз дээ. Тэр хар, шаруудаас айхаа больчихож байна.
Тэгэхээр ижил царайтай азиудаасаа бүр айхгүй биз дээ. Тэд нарыг үл тоож байгаа юм чинь. Үүнийг л ойлгохгүй байна даа. Тэгээд л над руу дайраад байх юм. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо Хандгайтад Монголын анхны сагсан бөмбөгийн ордон барьж байна.
-Хэзээ ашиглалтад орох юм?
400 хүний суудалтай "А" заал нь энэ сард ашиглалтад орно. "Б" заал нь ирэх сард ашиглалтад орох юм.
-Танай холбоо Спортын төв ордны заалыг эзэмшчихээд МСБХ-г хэцүү байдалд оруулчихаад байгаа юм биш үү?
Хэн гэрээ хийсэн нь авна. Манайх урьдчилаад гэрээ хийгээд төлбөрөө төлчихсөн. Эзэмшсэн юм байхгүй, тоглолтынхоо цагийг аваад л гэрээ хийчихсэн. Нөгөө холбоо төлбөрөө ч төлөхгүй, гэрээгээ ч хийхгүй байж юу яриад байгаа юм. Авахыг нь хэн байг гэсэн юм. Зах зээлийн зарчим биз дээ, хэн мөнгөө төлж, гэрээ хийсэн нь авна.
Ердөө энэ. Бодит байдал нь ийм байна. Надад сагсан бөмбөгөөр улс төр хийх ямар ч бодол алга. Би эндээс мөнгө олдоггүй, цалин авдаггүй ш дээ. Надад нэг төгрөгийн ч ашиг байхгүй. Би энэ спортыг хөгжүүлэхийн тулд харин өчнөөн олон хүний өмнө гуйлга гуйдаг. Тэрийг ивээн тэтгээд өгөөч, энийг дэмжээд өгөөч гэж хүн гуйгаад л явдаг.