Д.Ганзориг: Монгол улсын хүнсний нэмэлтийн хэрэглээ асар их
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Анагаах ухааны доктор Д.Ганзоригтой хүнсний нэмэлтийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.
- Хүнсний нэмэлт аюултай, аюулгүй гэсэн маргааны талаар та юу хэлэх вэ?
Хүнсний нэмэлт нь шууд утгаараа олон найрлага бүхий химийн бодис юм. Хувь хүний эрүүл мэндийн байдал, амьдралын орчин, утаа, стресс зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөр байнга авч байгаа химийн бодист (хүнсний нэмэлт) хариу урвалыг их, бага ямар нэг хэмжээгээр өгч байдаг. Хүнс хэрэглэсний дараа биеэр юм туурах, найтаах, загатнах зэрэг энгийн шахуу хариу урвалууд нь цаашдаа хавдар, харшил, багтраа зэрэг өвчин болж хүндрэх аюултай.
Анх худалдаанд гарахдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж нотлогдсон олон олон хүнсний нэмэлтүүд одоо зах зээлд хориглогдсон хүнсний нэмэлт болсоор байна. Тийм учраас одоо чөлөөтэй худалдаалагдаж буй хүнсний нэмэлтүүдэд цаашид хориглогдохгүй гэж хэлэх баталгаа байхгүй юм. Энэ асуудлыг цэгцлэхээр Европын холбоо 2009 оноос өмнө бүртгэгдсэн бүх хүнсний нэмэлтүүдийн эрсдлийг дахин үнэлэх үйл ажиллагааг эхлүүлсэн, энэ үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу 2020 онд дуусах юм. Зах зээлд 3000 илүү тооны хүнсний нэмэлт ашиглагдаж байгаа ч Европын холбоо одоогоор 380 орчмыг нь аюулгүй гэж бүртгэсэн байдаг. Мөн АНУ-д GRAS (Generally recognized as safe) нэртэй хөтөлбөр хэрэгждэг. Энэ хөтөлбөрийн дагуу компаниудын боловсруулсан хүнсний нэмэлтүүдийг тусгай экспертүүд хянаж аюулгүй гэсэн гэрчилгээ олгосны дараа зах зээлд нийлүүлдэг байна. Ойролцоогоор 500 орчим хүнсний нэмэлт ийм гэрчилгээ авчээ.
Хэдийгээр аюулгүй гэж бүртгэгдсэн хүнсний нэмэлт байсан ч хүнс, хоол үйлдвэрлэгчийн дотоод хяналт сул, алдаа, хайхрамжгүй байдлаас болж нэгж тунг хэтрүүлэн хийснээр хүнсний бүтээгдэхүүн бохирдох эрсдэлтэй ба хүн илүүдлээр хэрэглэж байгаа эсэхээ мэдэхгүй учир эрүүл мэндээрээ хохирох аюултай юм. Манай улсад хоол, хүнс үйлдвэрлэгчид хүнсний нэмэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг баримталж байгаа эсэх нь эргэлзээтэй, учир нь нийтээрээ хүнсний нэмэлтийн талаарх ойлголт муу байгаа юм.
Хүнсний хэрэглээний дийлэнхийг импортоор авч байгаа манай улсын хүн ам хүнсний нэмэлтүүдийг импортын бүтээгдэхүүнээр дамжуулан хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа, тийм болохоор илүүдлээр авч эрүүл мэндээ муутгахгүйн тулд худалдаж авах хүнснийхээ шошгыг сайтар харж Е тэмдэглэгээтэй, эсвэл ямар нэг химийн нэршил бүхий агууламжтай хүнсийг аль болох бага хэрэглэх нь чухал юм
- Дэлхийн аль нэг оронд хүнсний нэмэлтээс болж бодит аюул гарсан тохиолдол байна уу?
Тухайн үедээ зөвшөөрөгдөж зах зээлд нийлүүлэгдэж байсан олон төрлийн хүнсний нэмэлтүүд одоо хориглогдсон, эсвэл хориглохоор завдаж буй гэсэн ангилалд шилжсээр байна. Хүнсний нэмэлтүүд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа, чихрийн шижин, хавдар зэрэг өвчний сэдээгч шалтгаан болж байгааг шинжлэх ухааны үндэстэй нотолсон баримтууд интернэтээр дүүрэн (scholar.google.com ашиглаад хайхад) байна. Дийлэнх хориглосон хүнсний нэмэлтүүд нь хавдар, багтраа, харшил өвчнийг үүсгэгч байхаас гадна нөхөн үржихүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөгийг эрдэмтэд баталсан. Шинжлэх ухааны үндэстэй дээрх мэдээллүүд нь зах зээл дээрх хүнсний нэмэлтүүдийг буцаан татах, худалдаалахыг хориглох үндэслэл болж өгдөг, их хэмжээгээр үйлдвэрлэчихсэн ийм хүнсний нэмэлтийг хүнсний хяналт султай улс орон руу шахах нь түгээмэл үзэгдэл болжээ.
Хүнсний бүтээгдэхүүн дээрх хаяг шошгыг уншиж сурцгаая
Монгол улсад сүүлийн үед хүүхдүүдийн дунд харшил ихсэх хандлагатай болсон нь хүнсний нэмэлтийн (будагч бодис) илүүдэл хэрэглээтэй холбоотой байж болзошгүй юм. Жил бүр даарч, ханиад томуу тусахаас гадна утааны аюулд нэрвэгдэж уушиг, амьсгалын эрхтнээ гэмтээж цочроосон хүүхдүүдийн аав ээжүүдийнх нь авч өгч байгаа чипс, чихэрнүүд будагч бодисыг ихээр агуулсан байдаг. Түгээмэл хэрэглэдэг хүнсний будагч, амтлагч нэмэлтүүд нь хүүхдэд харшил, багтраа, хавдар үүсгэгч шинж чанартай, мөн хүүхдийн анхаарал төвлөрлийг сааруулах, хэт идэвхжүүлж зан үйлийн өөрчлөлт өгөх үйлчилгээтэй байна гэсэн шинжлэх ухааны нотолгоонууд ихээр гарч байгаа ба дээрх будагч бодисуудыг зарим улсын Засгийн газраас хориглож эхэлсэн, гэтэл дээрх будагч хүнсний нэмэлтүүд агуулсан чихэрнүүд манайд хаа сайгүй л байна. Зохиомол гүзээлзгэний амт гэхэд дотроо 50 төрлийн химийн бодис агуулсан байдаг байна.
- Дэлхийн хүнсний нэмэлтийн хэрэглээ? Чиг хандлага хаашаа явж байна вэ? Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид юуг зөвлөж байна вэ?
Хүнс үйлдвэрлэгчдийн ашиг олох гол бүтээгдэхүүн учраас хүнсний нэмэлтийн хэрэглээ улам нэмэгдэж байгаа. Үйлдвэрлэсэн хүнсийг нь түргэн муудахаас сэргийлж байна, хэрэглэгчдийг худалдан авах сэдээлтийг төрүүлэх амт, өнгө, үнэрийг бүрдүүлж өгч байна, хэв загварт ордоггүй шингэн хүнсийг хүссэн хэлбэр дүрсэд оруулах боломжийг бүрдүүлж өгч байна, энэ бүхэн ашиг олох боломжийг нь бүрдүүлж байгаа тул үйлдвэрлэгчид хүнсний нэмэлтээс татгалзаж чадахгүй. Гэхдээ энэ бүхэн биед орсноор эрүүл мэндэд нөлөө учруулах юм гэдгийг хэрэглэгчид сайтар мэдэх хэрэгтэй юм. Улс орны гааль, хүнс бүртгэл, хяналтын албууд нь сайн ажиллах хэрэгтэй юм. Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө үйлдвэрлэгчдийг хүнсний агууламжаа шошго дээрээ бүрэн бичихийг шаардах стандарт, дүрэм, журам шаардлагатай юм.
- Монгол дахь хүнсний нэмэлтийн хэрэглээ?
Хэрэглэж буй хүнснийхээ дийлэнхийг импортоор авдаг манай улсын хувьд хүнсний нэмэлтийн хэрэглээ асар их байна гэж хэлнэ. Дотоодын хүнс үйлдвэрлэгчид ч мөн дутахгүй хүнсний нэмэлтийг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Хоол үйлдвэрлэлд ч хүнсний нэмэлт, амтлагчдыг асар ихээр хэрэглэж байна. Нийтийн хоолны үйлчилгээ бидний өмнө идэж заншаагүй хятад, солонгос хоолоор их үйлчилж байна. Тэдгээрт ордог дийлэнх амтлагчид нь байгалийн бус гаралтай ба нөгөө л хүнсний нэмэлтүүд юм. Хүн амын гэртээ бэлтгэсэн хоолондоо нэмж хэрэглэж байгаа кетчуп, цуу, давс, амтлагчид нь мөн л хүнсний нэмэлтийг агуулсан байгаа.
- 2007 оны стандартад тусгаагүй хүнсний нэмэлтийг манай үйлдвэрүүд хэрэглэдэг гэлээ. Үүнээс үүсэх бодит аюул гэж байна уу?
Хүнсний нэмэлттэй холбогдох эрх зүйн баримтууд манай улсад хангалттай биш байгаа.
Хүнсний нэмэлттэй холбогдох эрх зүйн баримтууд манай улсад хангалттай биш байгаа. Ямар төрлийн хүнсний нэмэлтүүд хэдий хэмжээгээр хил гаалиар орж ирж байна, зах зээл, хүнс үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлд борлуулагдаж, ашиглагдаж байгаа талын мэдээлэл хомс байна. Эдэн дунд хориглогдсон хүнсний нэмэлтүүд ч байгааг МХЕГ-ын судалгаа нотолсон. Монголын хүн ам цөөхөн, ядуу байна, бас маш их эрсдэл дунд амьдарч байна. Эрүүл мэндийн асуудалгүй хүн цөөн байгаа. Ийм бүлэг хүн амд өөрсдийнх нь хүнс импортлогчид, үйлдвэрлэгчдээр (эсвэл үндэстэн дамнасан компаниудаар) дамжуулан чимээгүй аюулыг аажмаар хүргэх нь үндэсний байдалд халдаж байгаа хэрэг юм. Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл ямар ажил хийж байгаа нь мэдэгдэхгүй байна, ямар чиг удирдамжийг салбаруудад (Монголд бүх салбарууд нь хүнсний хангалтын тогтолцоотой байдаг) өгч байгааг ч олж харахгүй байна.
- Хамгийн их нэмэлт ордог хүнсний төрөл?
Хүнс бэлтгэх, боловсруулахаас худалдах хүртэлх бүх шат дамжлагуудад технологийн зорилгоор хүнсний нэмэлтүүдийг хүнсэнд нэмж ашигладаг. Европын холбооноос 26 төрлийн технологийн зорилгыг дурддаг. Савласан, нөөшилсөн, хөлдөөсөн, хатаасан, хэлбэрт оруулсан, өнгө зүс үнэрийг нь сайжруулсан гээд бараг бүх төрлийн идэхэд бэлэн хүнсүүд хүнсний нэмэлтийг агуулсан байгаа. Шууд хэрэглэхэд бэлэн ундаа жүүс, чихэр, савласан бүтээгдэхүүнүүд бүгд хүнсний нэмэлтийг агуулсан болно.
Манайх хаанаас нэмэлтээ импортолдог вэ?
Дэлхийн хамгийн том хэрнээ хямд үйлдвэрлэгч бол бидний хаяанд байгаа Хятад улс юм. Аливаа шинэ бүтээгдэхүүн эхэндээ тухайн ноу-хауг эхлүүлсэн улс орондоо (Япон, Герман, АНУ гэх мэт) үйлдвэрлэгдэж, улмаар хэрэглэгчид нэмэгдэхээр хямд үйлдвэрлэгчээр хийгдэх ба зах зээлээс шахагдах, хориглогдох аливаа тохиолдолд үндсэн үйлдвэрлэгч үйл ажиллагаагаагаа зогсоосон байсан ч хямд үйлдвэрлэгч нь үргэлжлүүлсээр байх тохиолдол байна. Үйлдвэрлэлээ зогсоосон ч асар ихээр үйлдвэрлээд нөөцөлсөн байх боломж байна. Хүнсний хяналт өндөртэй улс орон руу импортлогдох боломжгүй бүтээгдэхүүнийг устгаснаас хүнсний хяналт султай улс руу импортлох нь үйлдвэрлэгчид ашигтай байх юм.
- Хэрэглэгчид хүнсний нэмэлтийн ямар мэдээлэлтэй байх шаардлагатай вэ?
Дараах зөвлөгөөг өгье.
Хүнс худалдан авахдаа шошгыг нь сайтар харж бай. Бүтээгдэхүүн найрлагандаа Е үсэгтэй дугаарууд эсвэл химийн нэршил бүхий агууламжийг олон агуулсан байвал худалдан авахаасаа татгалз. Хүнсний нэмэлтгүй органик хүнс үнэ өндөртэй байж болох ч та органик хүнсийг сонгосноороо эрүүл үлдэх тул ашигтай.
Бүх төрлийн хөлдөөж савласан, лаазалсан, нөөшилсөн, өнгө будаг нэмсэн, хэлбэр дүрс оруулсан хүнсүүд нь хүнсний нэмэлт агуулсан хүнс юм.
Дэлгүүр, захаас хүнсээ цуглуулахдаа эхлээд органик хүнсээр тороо дүүргэ, тэгээд хамгийн сүүлд нь үнэхээр хэрэгтэй байгаа бол хүнсний нэмэлт агуулсан хүнсээс ав.