Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд заллаа
Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залав
2014.12.30

Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд заллаа

Улсын Дээд Хурлын дарга, Сайн ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд заллаа.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 103 жилийн ойн өдрийн хүрээнд Монгол Улсын Дээд Хурлын дарга, Сайн ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залах ёслол өнөөдөр / 2014.12.29 / боллоо. Энэхүү ёслолын ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, бидний өвөг дээдэс ХХ зууны эхэнд язгуурын ёсоо эрхэмлэн туурга тусгаар Монгол Улсаа сэргээн мандуулж, төр улсаа зохион байгуулж, улс гэрээ өөрсдөө захиран удирдах түүхэн үе эхэлж,1912 оны 8 сараас Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Ерөнхий сайдын албанд тохоон томилсон билээ.

Тэрээр 1913-1914 оны заагт Оросын эзэнт улсад айлчилж, төрийн тогтолцоо, зохион байгуулалттай танилцаж, дэвшилтэд олон зүйлийг улс орондоо хэрэгжүүлэхийг зорьсон байдаг. Түүний нэг нь Монгол улсад анх удаагаа Улсын Дээд, Доод хурлыг байгуулах саналыг гаргаж, Богд хаан зөвшөөрснөөр 1914 онд Улсын Дээд хурал байгуулагдаж, Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн Улсын Дээд хурлын даргаар ажилласан байна.

Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залах ёслолын ажиллагаа Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар хийгдсэн

Энэхүү Улсын Дээд, Доод хурал нь Монгол Улсад парламентад ёсны эхлэл байсан бөгөөд улсын хэргийг хоёр шаттайгаар хэлэлцэж, санал оруулж, эзэн хаанаараа баталгаажуулж төрийн хэргийг хөтлөн явуулж байжээ. Өнөөдөр та бид Улсын Дээд хурлын дарга, Сайн ноён хан Намнансүрэнгийн Монголын парламентад ёсыг хөгжүүлэх, ардчилалын зарчмыг төрийн үйл ажиллагаанд оруулж байсан түүхэн гавьяаг нь хүндэтгэн түүний хөргийг Монгол Улсын Төрийн ордонд залж байна гэлээ.

Энд залж байгаа хөрөг нь доктор С.Чулууны ОХУ-ын Санкт-Петербург хотын гэрэл зураг, кино, дуу дүрсний архиваас шинээр хуулбарлан авч ирсэн Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросын эзэнт улсад айлчилж, эзэн хаантай уулзах үедээ авхуулсан төрийн ёслолын хувцас бүхий ховорхон зураг юм. Энэ зураг анх удаагаа хэвлэн нийтлэгдэж байгаагаараа онцлогтой юм. Энэхүү Монгол Улсын Дээд Хурлын дарга, Сайн ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залах ёслолын ажиллагаа Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар хийгдсэн  юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.