С.Эрдэнэ: Цаа бугын аж ахуйг сэргээх хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжилнэ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.01.21

С.Эрдэнэ: Цаа бугын аж ахуйг сэргээх хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжилнэ

“Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр" хэрэгжилтийн явцын талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-“Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг  сайжруулах хөтөлбөр”-ийн талаар уншигчдад маань мэдээлэл өгнө үү?  

Засгийн газрын 2007 оны аравдугаар сарын 03-ны өдрийн 255 дугаар тогтоолоор “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр” батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар зарлиг гарсан.

Уг зарлигийн заалтыг хэрэгжүүлэхээр Засгийн газар дахин хэлэлцэж Цаатан иргэдэд халамжийн тэтгэлэг олгох тухай Монгол Улсын Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар тогтоол гарсан. 

Энэ хүрээнд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2013 оны А/100, А/89 дугаар тушаалаар батлан хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн 2014 онд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар батлан хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 4 бүлэг 32 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөө гарган Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамдууд  хамтран ажиллаж байна.

-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  ямар ажил хийгдэв?

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/72 тоот тушаалаар батлагдсан “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын дагуу 2014 онд тайгад амьдардаг нийт 93 өрхийн 345 насанд хүрсэн иргэн, хүүхдэд нийт 443,9 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоод байна.  

Мөн үндэсний цөөнх болох цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуульд "Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг энэ хуулийн 3.2.1, 3.2.2.-т заасан даатгалд төрөөс даатгуулна" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн бариад байгаа билээ.

2014 онд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн орон тоог хоёр болгон нэмэгдүүлж ажилласнаас гадна тус суманд амьдарч байгаа цаатан малчин нийт 1088 иргэнийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулан тодорхой зөвлөмж, үйлчилгээ үзүүлж ажилласан.

Мөн Цагааннуур сумын Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газарт 2014 онд нэг цаатан иргэнийг байгаль хамгаалагчаар нэмж, одоогоор нийт таван цаатан иргэнийг тус цогцолборт газарт байгаль хамгаалагчаар ажиллуулж тэдний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэн сургалтанд хамруулсан. 

Түүнчлэн Цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Монгол дахь агентлаг/ТИКА/-ийн төслийн санхүүжилтээр Тува улсаас нийт 19 үржлийн цаа буга оруулж ирэн Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд хүлээлгэн өгөх ажлыг 2014 оны арванхоёрдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулсан. 

-Цаашид Цаатан иргэдийн хөгжил, нийгмийн хамгаалалд чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр нь 2016 он хүртэл үргэлжилнэ. Цаатан иргэдийг бие даан амьдрах боломж нөхцөлөөр хангах хүрээнд байгалийн баялаг(жимс, самар, мөөг, унаа, түлш)-ийг ашиглах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, гар урлал, оёдол, сийлбэр хийх талаар мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулах, загас агнах ан агнуурын жижиг үйлдвэр байгуулж цаатан иргэдийг ажлын байртай болгоход дэмжлэг үзүүлэн ажиллана.

Мөн Тува улсын Тожи хошууг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумтай байнгын харилцаатай болгож ах дүү, төрөл садантай нь уулзуулах буюу  Үндэсний цөөнхийн эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулах зорилгоор Тува хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаатан иргэдийг холбооны хэрэгслээр хангаж, цаашид засвар, үйлчилгээг шийдвэрлэх зэрэг олон ажлыг  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.