Мэндчилгээ
МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.02.17

Мэндчилгээ

МҮЭ-ийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнууд, ахмад буурлууд, хүүхэд залуучууд Та бүхэндээ Сар шинийн баярын мэндийг хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье.

Морин жил монгол хүн бүрийг нэн ялангуяа шийдвэр гаргагчдыг хариуцлагатай, бүтээлч байхыг сануулсан, мэдрүүлсэн жил боллоо.Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, иргэдийн амьдралын түвшин, цалин орлогын бодит худалдан авах чадвар буурсан, олон тулгамдсан асуудалтай жил байлаа.

Хэдий тийм боловч МҮЭ-ийн холбоо, гишүүн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн гишүүд, иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн, нийгмийн түншлэлийг бэхжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө үр дүнтэй олон ажлууд хийж амжуулсан сайхан жил болж өнгөрч байна.

Гарч буй модон Хонин жил Та бидний амьдралд өөдрөг сайхан өнгө нэмсэн, хүн бүрийн ажил амьдрал өсч дэвжсэн, аз хийморь, ерөөл буян, амжилт бүтээл нь ундарсан он байна гэдэгт итгэлтэй байна.Түмэн олны минь буян өлзий дэлгэрч, үр хүүхэд, өвгөд хөгшдийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна.

Монгол хүний бодит орлогыг хамгаалж, ажлын байрны баталгааг хангуулахын төлөө МҮЭ-ийн холбоо тууштай үйл ажиллагааг явуулах болно.Хямралыг боломж болгож, эвдрэлийг эвлэрэл болгосон, төрлөөрөө түвшин амгалан, бултаараа буянтай сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.