Монголд жилдээ 40 гаруй кино нээлтээ хийдэг
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд бүтээлч аж үйлдвэрийн кластерийн эхлэл болох Кино Инкубатор төслийг санаачлагчидтай уулзав.
Монголын кино урлагийн шинэ үеийг нээн илрүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай, уран бүтээлчид баг хамт олныг төлөвшүүлэх зорилготой Кино Инкубатор төслийг Монголын Кино Урлагийн Зөвлөлийн “Кино урлагийн хүрээлэн”, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран хэрэгжүүлэхээр санаачилжээ.
Манай улсад жилд 40 гаруй шинэ кино үзэгчдийн хүртээл болж байгаа ч чухал ач холбогдол бүхий зарим төрөл, жанрууд орхигдоод байна. Тэдгээрийг зах зээлийн өрсөлдөөний хуульд даатган орхих аргагүй, үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг бөгөөд кино урлагаа төрийн бодлогоор дэмждэг улс орон олон бий.
Нөгөөтэйгүүр, кино урлагийн хүч, нөлөөг ашиглан залуусын хүмүүжил танин мэдэхүйд ашигтай, хүүхдийн болон түүхэн, баримтат кино, олон улсын тавцанд Монголыг сурталчлах хэмжээний артхаус киног бодлогын түвшинд дэмжих зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар төсөл санаачлагчид Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Түүнчлэн өдөр өдрөөр шинэчлэгдэн хөгжиж байгаа дэлхийн кино урлаг зардал өндөртэй хальсны технологиос татгалзаж, дижитал технологи руу шилжиж байгна. Монголын уран бүтээлчид дижитал технологийг өргөн хэрэглэж байгаа боловч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлт бүхий мэргэжлийн техникүүдийг худалдан авах боломж байдаггүй нь олон улсын жишигт нийцсэн чанартай уран бүтээлүүд гарахгүй байгаагийн нэг шалтгаан хэмээн тодорхойложээ.
Кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудад 125 мэргэжил байдаг бол манай улсад ердөө найруулагч, жүжигчин, зураглаач, зураач зэрэг 6 мэргэжлийн уран бүтээлч бэлтгэдэг. Тиймээс Монголын кино урлагийг хөгжүүлэх хамгийн эхний алхам нь олон улсын жишигт нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ажил хэмээн Кино Инкубатор төслийг санаачлагчид үзжээ.
Кино Инкубатор төслийн үр дүнд монголын кино урлагт шинэ стандарт нэвтэрч, бие даан хөгжих тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ удаан хугацаанд алдагдсан кино урлагийн боловсон хүчний бодлого шинэ агуулгаар баяжиж, шинэчлэгдэнэ. Мөн Инкубаторт хэрэгжиж баяжсан мэдээлэл болон сургалтын хөтөлбөрийг Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулахаар төлөвлөжээ.
Улсын Их Хурлын даргын уулзалтад Кино Инкубатор төслийн санаачлагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Золбаяр, чөлөөт уран бүтээлч С.Бямбаа, А.Мөнхсүх нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.