“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” чуулга уулзалт болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.Хөрөнгө оруулалтын ажлыг уялдаа, холбоотой гүйцэтгэх ажлын хэсэг байгууллаа
“Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлыг хэсэг байгуулах тухай” асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга үүрэг өгсний дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг салбар, үйл ажиллагааны чиглэлийг нь харгалзан тус бүрд нь ажлын хэсэг байгуулахаар санал орууллаа.
-Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсэг
-Хотын шинэ төвийн зөвлөх үйлчилгээний ажилд хяналт ажлын хэсэг
-Авто замын салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Инженерийн шугам сүлжээ, инженерийн бэлтгэл арга хэмжээний ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяыналт тавих ажлын хэсэг
-Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, бэлчээрийн менежмент хийх чиглэлээр хэрэгжүүлэх ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Орон сууц нийтийн аж ахуй, цахилгаан эрчим хүчийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажилд хяналт тавих тухай
-Нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажилд хяналт тавих ажлын хэсэг ажиллахаар төлөвлөжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд дээрх чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулж, салбар хариуцсан Засаг даргын орлогч нар удирдан зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ ажлын хэсгүүдэд тухайн чиглэлийн ажлуудыг холбогдох хууль, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэхэд анхаарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын уялдааг хангаж, график гарган ажиллах үүрэг өглөө.
Ажлын уялдааг хангаж ажилласнаар нэг ажлыг нөгөө ажлаар устгах, цаг хугацаа, хөрөнгө үрэхгүй байх давуу талтай гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэсгийн дарга нарт холбогдох хуульд нийцүүлэн урамшуулал олгох журмын төслийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулсан. Тус журмыг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.Зөрчил гаргасан автомашиныг зөөж, шилжүүлэх журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна
“Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Журмын төсөлд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, шийдвэрлэхээр тусгажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагч, Замын цагдаагийн албаны ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Автозамын газрын мэргэжилтэн, Автотээврийн үндэсний төвийн ажилтан, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс оролцоно. Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Нийслэл дэх Замын цагдаагийн алба хяналт тавина. Дараах 9 тохиолдолд автомашиныг ачина гэж үзэж байна.
Үүнд
Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг,Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм илт гэмтэлтэй тээврийн хэрэгслийг, Улсын дугааргүй буюу хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг, Бусдын хөдөлгөөнд саад учруулан зогссон тээврийн хэрэгслийг;Зам тээврийн осол гэмт хэрэгт холбогдолтой тээврийн хэрэгслийг;Цагдаагийн байгууллагаас ачиж журамлах шийдвэр өгсөн тээврийн хэрэгслийг;
Тохижилт бүхий нийтийн эзэмшлийн явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон тээврийн хэрэгслийг ачина.
Харин нийтийн эмх замбараагүй байдал, тэмдэглэлт ой, баяр наадмын хамгаалалт, гадаад улс орны төлөөлөгчдийн айлчлалын үед тодорхой гудамж, зам талбайг яаралтай чөлөөлөх зорилгоор зөөж, шилжүүлэх тохиолдолд дүрэм зөрчөөгүй зогсож байсан тээврийн хэрэгсэлд төлбөр хураамж ногдуулахгүй.
Тээврийн хэрэгслийг албадан зөөж, шилжүүлсний дараа тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид үүрэн телефоны оператороор дамжуулан заавал мэдэгдэнэ. Тээврийн хэрэгслийг албадан зөөж, шилжүүлсэн тохиолдолд тухайн байршилд ачиж зөөвөрлөсөн талаар мэдэгдэх хуудас үлдээнэ. Мэдэгдэх хуудсанд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбогдох утасны дугаар, зөөж шилжүүлэгдсэн автомашины улсын дугаар зэргийг тусгасан байна.
Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүхээг болон тэвшинд хүн, амьтан байгаа эсэхийг шалгаж хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхийг хориглоно. Зориулалтын ачигч, чирэгч автомашин нь урагшаа, хойшоо харсан дүрс бичлэгийн камертай байна.
Тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансаар хүлээн авч аж ахуйн нэгж, байгууллагыг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Гэрээт аж ахуйн нэгж, байгууллагын зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгсэл тутмын хураамжаас 10 хувийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, сургалт сурталчилгааны ажил, соёл ухамсрыг төлөвшүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зогсоол талбай байгуулах ажилд зарцуулах юм.
Хүн амын төвлөрөл ихтэй засаг захиргааны байгууллагууд, үйлчилгээний төвүүд олноор байрласан газарт тэмдэг, тэмдэглэгээ болон зам дагуух автомат тоолууртай, камертай бусад дэвшилтэт технологи ашигласан зогсоолуудыг байрлуулан зохицуулалт хийнэ.
Байрлалаас хамаарч тэмдэглэгээ бүхий зогсоолуудад иргэд 20, 40, 60 минутын хугацаатай атомашинаа байрлуулах боломжийг бүрдүүлнэ.
Зогсоол бүхий гудамж, замуудад хяналтын ажилтан ажиллана. Мал амьтан, хүнтэй (хүүхэд) автомашиныг зөөж шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэрээ заалтыг 3-аас дээш удаа зөрчсөн, баримтлан ажиллах журмын заалтыг зөрчиж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, зориулалтын бус, зохих зөвшөөрөлгүй техник хэрэгсэл ашиглан зөөн шилжүүлэх ажил, үйлчилгээ эрхэлсэн, бол зохих хариуцлагыг аж ахуйн нэгжид тооцно гэх мэт олон заалтууд туссан байгаа юм.
Энэхүү журмыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд НИТХ-д өргөн барихаар боллоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр ажилд орохын тулд 3 шат дараалан туршилтаар ажиллах журам боловсруулжээ.Хуралдаанд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажиллуулахад баримтлах нийтлэг журмын төсөл”-ийг НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр орох ажилтан, албан тушаал дэвшүүлэн ажилахад баримтлах нийтлэг журмыг боловсруулжээ. Тус журмыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” зэрэг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан байна. Журамд нийслэлийн албан хаагчид тавигдах нийтлэг шалгуурыг тусгайлан зааж өгсөн бөгөөд дараахь шатуудад дараалан заавал ажиллахаар тусгажээ.
-Ажилд орох иргэн тухайн байгууллагын угтах үйлчилгээний ажилтан
-Иргэдийн эрэлт, хүсэлт хариуцсан мэргэжилтний эсвэл иргэдтэй өдөр тутам харилцах асуудал эрхэлсэн мэргэжилтэн
-Үндсэн албан тушаалтан
Дээрх шатуудыг туршилтын хугацаа гэж үзэж байгаа бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, өргөдөл гомдол барагдуулсан хугацаа, бичиг баримт боловсруулах чадвар, багаар ажиллах чадварын үнэлгээ, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадвар зэргийг харгалзан үзэж үндсэн ажилтнаар томилохоор заажээ. Ингэснээр тухайн ажилтан өөрийн ажиллах байгууллагатай холбоотой бүхий л асуудал, хууль, журам, дүрмийг мэдэх боломж, ажлаа өөрийн болгосон чадамжтай албан хаагчийг үндсэн албан хаагчаар ажилуулах боломжтой болно гэж үзэж байгаа юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хэн нэгэн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж шаардлага хангахгүй албан хаагч авахгүй байх асуудлыг энэ нийтлэг журмаар бүрэн зохицуулахаар төлөвлөж байна.Тус журмаар нийслэлийн албан хаагч тушаал ахихад ямар шаардлага хангасан байх ётсойг мөн зохицуулахаар боловсруулалт хийжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд дараахь саналыг нийтлэг журамд тусгахаар үүрэг өглөө.
Төрийн албанд нэг албан тушаал тухайлбал хэлтсийн дарга гэх зэрэг удирдах албан тушаалд олон жил дараалж ажиллах нь цөөнгүй байдаг. Энэ нь аливаа асуудалд хүнд суртал гаргах тохиолдлыг бий болгож байхыг үгүйсгэхгүй. Тиймээс албан хаагчдын тухайн байгууллагад сэлгэн ажиллуулах зохицуулалтыг нийтлэг журамд тусгах шаардлагатай гэлээ.
Авлигатай тэмцэх ажилд иргэний оролцоог хангах
Нийслэлийн иргэний зөвлөл байгуулна
Хуралдаанд “Авлигын эсрэг нийслэлийн 2015 оны төлөвлөгөөний төсөл”-ийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23/01 дугаар тогтоолоор “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөг 2015-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсөвт жил бүр тусгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосон байдаг. Үүний дагуу нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг авлигын эсрэг нийслэлийн 2015 оны төлөвлөгөөг гаргажээ.
Авлигын эсрэг 2015 оны төлөвлөгөөнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал, төрийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх” (Сheck My Service) төслийг иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, таниулах, авлигаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор судалгаа, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулах, авлигын эсрэг үйл ажиллагаагаараа Зүүн хойд Ази, бүс нутгийн хэмжээнд манлайлах “Ил тод Улаанбаатар академи“-ыг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран байгуулахаар дүрмийг боловсруулжээ. Энэ жилийн хувьд төлөвлөж байгаа гол ажлын нэг нь авлигатай тэмцэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх Нийслэлийн Иргэний зөвлөл байгуулна.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт 04 дүгээр сарын 15-ны өдөр болно “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” эдийн засгийн форумын хөтөлбөр, төсөв батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж буй өргөн цар хүрээтэй ажлын хүрээтэй ажлын хүрээнд зохион байгуулагдах энэхүү чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн хувьсгал хийх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Мөн Улаанбаатар хотыг нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх алсын зорилготой уулзалт болно гэж албаныхан үзэж байна.
Чуулга уулзалтад УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцоно. Зохион байгуулагчид чуулга уулзалтаас Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийг ил тод нээлттэй болгох, оролцогчид Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төслүүдийн талаарх мэдээлэл авах, худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөтэй танилцаж, харилцан санал солилцох зэрэг үр дүнг хүлээж байна. Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглалыг зарлах бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.
Чуулга уулзалтыг зохион байгуулахад 94 150 000 төгрөг шаардлагатай гэсэн тооцоог ажлын хэсгээс гаргасан бөгөөд тус хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн удирдлагууд тус чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэж тооцож байгаа юм.
Нийслэлд энэ жил 6000 гаруй том мод шилжүүлэн суулгахаар төлөвлөж байна “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч,шийдвэрлэх” асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдасны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулахаар төсөл боловсруулсан байна. Том мод шилжүүлэн суулгаснаар ногоон байгууламжийн 8-12 жилийн арчилгаа, хамгаалалтын ажлыг хэмнэж, агаарын бохирдол, бичил тоосонцорыг өөртөө шингээж, дуу чимээг багасгаж,ногоон массыг нэмэгдүүлэн хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардалд 500 сая төгрөгийг тусгасан байна. Тус ажлыг зохион байгуулах судалгааг нийслэийн төвийн дүүргүүдийн гудамж, талбайд хийсэн бөгөөд эхний ээлжинд 3105 ширхэг модыг таримал ой, мод үржүүлгээс шилжүүлэн суулгах боломжтой гэж байгаагаа нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч онцолж байна.
Том модыг шилжүүлэн суулгах ажил нь тусгай технологи, шаардлагын дагуу хийгддэг бөгөөд 2015 онд огтолж устгах замаар гүйцэтгэхээр төлөвлөсөн модыг шилжүүлэн суулгахаар тооцжээ.Модны сонголыг хийхдээ 3-5 метрийн өндөртэй ой-ургамлын нэг мужлалд хамаарах модыг авах, цаг уурын хувьд ижил нөхцөл ургаж чадах болон шинэ газраа амархан дасах модыг сонгох зэрэг шаардлагатай. Өмнө нь том модыг НЗДТГ-ын урдах талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгасан бөгөөд амьдрах чадвар 100 хувь байгаа юм.
Эхний ээлжинд дараахь газруудад том модыг шилжүүлэн суулгахаар төлөвлөж байна.
- Наадамчдын гудамж (Яармагийн гүүрнээс Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл 8км авто зам дагуу) – 4000 ш
- Саппорогийн уулзвараас 10-р хороолол хүртэл авто замын тусгаарлах зурваст – 200 ш
- Москвагийн гудамж 60 ш
- Турк Монголын цэцэрлэг 50 ш
- Занабазарын гудамж 50 ш
- Ботаникаас Улиастайн гүүр хүртэл – 450 ш
- Их Монгол Улсын гудамж 100 ш
- Нисэхийн шинэ спорт цогцолбороос урагш төв аймгийн шалган нэвтрүүлэх хүртэл 1100 ш
- Баруун 4-н замаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл том мод шинээр суулгах – 95 ш
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжээд, холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Цөөн үгээр
- Улаанбаатар цэвэр агаар төсөл болон Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын төлвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн тухай мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал өглөө. Тус мэдээлэлтэй холбогдуулан төслийн тайланг хүлээн авах, цаашид үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ.
- Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам, Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг сайжруулсан багшийг шалгаруулах аргачлал, Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг шинэчиллээ. Уралдааны болзолд сургууль, цэцэрлэгт суралцах орчинг сайжруулж, тохижилтын ажлыг дүгнэх хувийг нэмэгдүүлж өөрчлөлт орууллаа.
- Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, эмчлэн сэргийлэх талаар нийслэлээс арга хэмжээ авахаар боллоо. Нийслэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг ариутгах, халдваргүйжүүлэлтийг сайжруулах зорилгоор 18,2 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.