Сэлэнгэ аймагт албан томилолтоор ажиллаад ирлээ
Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны, нээлтийн үйл ажиллагаа
2015.04.27

Сэлэнгэ аймагт албан томилолтоор ажиллаад ирлээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 21-22-ны хооронд Сэлэнгэ аймагт албан томилолтоор ажиллаад ирлээ.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны, нээлтийн үйл ажиллагаанд оролцож, хүлээлгэн өглөө. Хэлтсийн барилгыг  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багц хөрөнгөнөөс 1,5 тэрбум төгрөгөөр төсөвлөн барьсан байна.  Түүнчлэн  байрнаас гадна компьютер тоног төхөөрөмж, тавилгыг цогцоор нь шийдвэрлэн өгч байгаа юм.

Сэлэнгэ аймаг 105000 гаруй хүн амтай. Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс 57 бүтэц орон тоотой, 2 ахмадын сувилалтай ажилладаг байна.  Аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг 30-аад мянган иргэн байдаг нь аймгийн нийт хүн амын 29,1 хувийг эзэлдэг гэсэн тоон үзүүлэлт байгаа юм. 

Тус төвд ахмад настаны танхим, хөгжлийн бэрхшээтэй иргэдийн танхим, зорилтот бүлгийн иргэдийн танхим, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим зэрэг олон танхим ажиллах юм.  Нийгмийн халамж үйлчилгээний төв шинэ байртай болсноор ард иргэддээ чирэгдэлгүй үйлчлэх, төр засгийн бодлого, хөтөлбөрийг ялангуяа зорилтод бүлэгт шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж байгааг аймгийн удирдлагууд болон, хэлтсийн албан хаагчид онцлон хэлж байлаа.   

Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан Сэлэнгэ аймгийн НХҮХ-ийн мэргэжилтэн Х.Дорждэрэм, Я.Ууганцэцэг нар салбарын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын “Тэргүүний ажилтан цол тэмдгээр” Сэлэнгэ аймгийн НХҮХ-ийн мэргэжилтэн Г.Пүрэвмаа, ХХ-ийн дарга Л.Зоригтбаатар нар шагнагдлаа.