“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” төслийн зөвлөхүүд институтэд ажиллаж байна
“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” төсөл
2015.04.27

“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” төслийн зөвлөхүүд институтэд ажиллаж байна

Ази, Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооноос Дэлхийн банкны санхүүжилтээр Азийн 3 орныг /Монгол, Филиппин, Вьетнам/ сонгон мэргэжлийн байгууллагаар дамжуулан гишүүдийг нь чадавхижуулах, тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” төслийг өнгөрөгч оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг сайжруулан ажиллах нь тэдний мэргэжлийн үнэ цэнийг өсгөх, нягтлан бодогч аудиторуудын нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.     

Дээрх төслийн хүрээнд төслийн зөвлөхүүд өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтэд ажиллаж байна. Төсөл 4 үе шаттай бөгөөд одоогоор төслийн 3 дахь шат явагдаж байна. Энэ шат нь төслийн багц модулуудыг түгээн дэлгэрүүлэх буюу сургалт зохион байгуулах үе шат бөгөөд семинарын үеэр эхний 2 шатанд боловсруулсан багц модулуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар авч үзэн, тухайн улс орны онцлогийг тусган улам сайжруулах талаар 2 тал санал солилцож байгаа юм. 

Төслийн зөвлөх, АССА-ийн мэргэжлийн хөгжил хариуцсан албаны дарга Ros Leah, менежер Mrs. Linda Calderнар “Тасралтгүй боловсролын хөгжил төсөл бол ажиллаж байгаа тухайн орчиндоо нягтлан бодогчид үнэ цэнээ нэмэгдүүлэхэд маш их ач холбогдолтой. Харин үүнийг хүн бүр авах бололцоог мэргэжлийн байгууллага хангах нь чухал” хэмээн семинарын эхэнд онцолж байлаа. Семинарт ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн, дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Чой. Чимидсүрэн, мэргэжлийн тасралтгүй боловсролыг хариуцдаг багш, мэргэжилтнүүд оролцож байна. Семинарын явцыг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.